Н.БолормааЭнэ жил хувилбарт сурах бичгээс татгалзана
Тиймээс ч зургаан настай багачууд эрдмийн аянд дөрөөлж байгаагаараа энэ хичээлийн жил онцлогтой. БСШУ-ны сайд Н.Болормаа, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, Бага дунд боловсролын газрын дарга Энхбат, Мэргэжлийн боловсролын газрын дарга Р.Бат-Эрдэнэ, БСШУЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулалтын албаны дарга Баттуяа нар хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Шинэ хичээлийн жилд 40700 зургаан настан сургуулийн босго алхана. Тэдэнтэй хамт 27200 долоон настай багачууд сурагч болж, нийт 67900 хүүхэд нэгдүгээр ангид орох юм. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 28038, их дээд сургууль, коллежид 35264 хүүхэд элсч байгаа аж. Энэ жилийн зургаан настнууд анхны 12 жилийн тогсөгчид биш. 2009-2010 оны хичээлийн жилд тавдугаар анги төгсөгчид долдугаар ангид шууд шилжинэ. Энэ нь 7-8 жил үргэлжлэх юм. Өврөөр хэлбэл, 2015 оны тогсөгчид 12 жилийн анхны төгсөгчид болох юм. БСШУ-ны сайд Н.Болормаатай ярилцлаа.
-Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ямар шатанд яваа вэ?
-Бэлтгэл ажил үргэлжилж байна. Зургаан настай нэгдүгээр ангийнхны хичээлийн стандарт, хөтөлбөрийг боловсруулж дууслаа. Энэ хөтөлбөр стандартыг БСШУ-ны сайдын тушаалаар 240 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулсан. МУБИС-ийн багш нар, Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон олон жил энэ салбарт ажилласан эрдэмтэн судлаачид энэ багт багтсан. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудын туршлагаас ч судалсан байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд 16 сургууль дээр 12 жилтэй сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг туршиж явууллаа. Энэ туршилтаар зургаан настай багачууд хичээлийн агуулгыг хүлээж авах, ойлгох бүрэн чадвартай гэсэн дүн гарсан.
-Эцэг эхчүүдийн зүгээс зургаан настай хүүхэд сургуульд ороод хэт ядрах вий, ямар сургалтын хөтөлбөрөөр хичээллэх бол гэж их сонирхож байгаа?
-Үнэхээр зургаан настай хүүхдүүд долоотой хүүхдүүдтэй харьцуулахад амархан ядрах байдал ажиглагдсан. Тиймээс ч тэдний хичээлийг илүү сонирхолтой, тоглоомын аргаар хийх нь үр дүнтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээр ангийн хүүхэд монгол хэл, математик, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, биеийн тамир, хөгжим гэсэн зургаан төрлийн хичээл үзнэ. Тэдний өдөрт үргэлжлэх хичээлийн хугацаа арай бага. Тухайлбал, зургаан настнуудын нэгдүгээр анги жилд 696 цаг, хоёрдугаар ангийн сурагч 736 цагийн хичээл үзнэ. Ингэхдээ нэг өдрийн ачаалал 4-4.6 цаг, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 35 минут байх юм. Үүнээс гадна хүүхдүүдийн сурах таатай орчин бүрдүүлэх талаар голлон анхаарч байна. Ялангуяа анги танхим, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулахад Засгийн газраас гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 1,9 тэрбумыг зургаан настай хүүхдүүдийн анги танхимыг тохижуулахад зориулж байгаа. Энэ мөнгийг сургуулиуддаа хувааж үзвэл нэг сургуульд 1.5-4 сая төгрөг ногдож байна.
-Багш, боловсон хүчин хэр хангалттай байна вэ?
-Долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 15-ний хооронд бүх аймагт нэгдүгээр анги хүлээн авах багш нарын сургалт явагдаж байна. Сургалтыг дунджаар найман хунтэй баг зохион байгуулж байгаа. Энд хамрагдсан багш нар нутагтаа очоод тэндэхийн багш нартаа сургалт зохион байгуулах юм. Ер нь манай багш нар зургаан настай хүүхдүүдтэй ажиллах бүрэн чадвартай.
-Зургаан настнуудад тусгайлан ширээ сандал хийлгэж байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?
-Үүний санхүүжилтийг улсын төсвөөс болоод олон улсын байгууллага, банкуудын тусламжтайгаар шийдэж байгаа. Нийт зардлын 52 хувийг улсын төсвөөс гаргана. Үлдсэнийг нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудын санхүүжилтээр бүрдүүлж буй юм. Одоогоор 60 орчим хувьтай явна. Энэ сарын 25-ныг гэхэд хариуцсан аж ахуйн нэгж байгууллагууд бэлэн болгоно гэсэн. Сурах орчин бүрдүүлэхэд ширээ сандлаас гадна багш нарт зориулсан хичээлийн хэрэгэгдэхүүн, материалаар хангах ажлыг ч мөн тусгасан. Ялангуяа сургуулиудын биеийн тамирын хичээл, дуу хөгжмийн хичээлийн анги танхим, тоног төхөөрөмжид өмнө нь тэгтлээ анхаардаггүй байсан. Энэ жил 60 сургуульд сагс, гар бөмбөг, теннисний иж бүрэн танхим байгуулна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх бодолтой байгаа.
-Жилийн жилд сурах бичгийн асуудал анхаарал татдаг. Ялангуяа нэг хичээл дээр олон сурах бичиг хэвлэгдсэн нь эцэг эхчүүд, сурагчдад хүндрэлтэй байдаг?
– Шинэ хичээлийн жилд 10 сурах бичиг шинээр хэвлэгдэж байгаа. Эдгээрийн зургаа нь зургаан настай хүүхдүүдийнх, дөрөв нь 11 жилтэй сургуульд үргэлжлүүлэн хэрэглэх монгол бичиг, байгалийн ухаан, англи хэлний сурах бичгүүд байна. Эдгээр сурах бичгийн эх нь бэлэн болсон, хэвлэх л үлдсэн. Сая өвчин гарсны улмаас зургаан настнуудад зориулсан сурах бичгийг турших хугацаа хязгаарлагдмал байсан. Ний нуугүй хэлэхэд, олон хувилбарт сурах бичиг бол номын зохиогчид болон хэвлэлийн компаниудыг л дэмжсэн асуудал. Гэтэл сурах бичиг бол бизнес биш. Тиймээс энэ жил хувилбарт сурах бичгээс татгалзаж байгаа. Өнгөрсөн онд болсон багш нарын зөвлөгөөнөөр энэ асуудал хурцаар яригдаж багш нарын саналаар өөрчилж байгаа юм. Ингэхдээ сонгон шалгаруулалт явуулна. Сонгон шалгаруулалтаар 75-аас дээш оноо авсан сурах бичгүүдийг байр эзлүүлэн нэгдүгээрт шалгарсныг нь үндсэн сурах бичгээр сонгоно. Гэхдээс бусдаасаа олон зүйлээр сайн ч хэдхэн оноогоор дутсан сайн сурах бичгийг 20 хувьд нь хэрэглүүлэхээр болсон. Ирэх жил дээрх хоёр сурах бичгээс аль нь илүү багш нар болоод сурагчдад нийцэж байна түүнийг нь үндсэн сурах бичгээр сонгож цаашид хэрэглэх юм. Харин гүнзгийрүүлсэн сургуулиудын хувьд нэмэлт сурах бичиг хэрэглэхийг зөвшөөрч байгаа. Сурах бичиг олон улсын стандартад нийцсэн байх гол шаардлагыг тавьсан.
-Эмзэг бүлгийн хүүхдүүдэд сурах бичгийг нь төрөөс даадаг. Энэ жил ч хэвээрээ юу. Сурагчид сурах бичгээ номын сангаар дамжуулж авах уу, эсвэл худалдаж авах уу ?
-Эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийн зардалд зориулан төрөөс 900 гаруй сая төгрөг зарцуулна. Бусад хүүхдүүдийн хувьд сурах бичгээ худалдаж авах юм. Гэхдээ бид аль болох бага үнэтэй байх шаардлага тавьж байгаа. Одоогоор Эдмон компани 2000 төгрөгөөр худалдах боломжтой гэсэн санал ирүүлсэн.
-Сургуулиудын засвар ямар төвшинд яваа вэ?
-Боловсролын салбарт хэрэгжиж байгаа 500 саяас дээш өртөгтэй барилга байгууламжийн засварын ажлыг яамны хүрээнд хэрэгжүүлж байгаа бол 500 саяас доош өртөгтэй байгууллагыг аймгийн захиргаагаар дамжуулан гүйцэтгэж байна. Манай төлөөлөгчид долдугаар сарын 25-наас эхлэн бүх аймагт ажиллаж байгаа. Одоогоор 60 гаруй хувьтай явж байгаа.
-Их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр хариуцсан яам нь ямар бодлого баримталж байна вэ?
-Энэ асуудлыг Засгийн газарт оруулсан. Сангийн сайд, Боловсролын сайдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хамгийн гол нь сургуулиудын оруулж ирж байгаа төлбөрийн санал хэтэрхий зөрүүтэй байгаа юм. Тухайлбал, ХААИС одоо байгаа төлбөрөө 116.8 хувиар нэмэх, Боловсролын их сургууль 61.3 хувь, МУИС 74.5 хувь, Дорнод аймгийн Багшийн их сургууль 45.7 хувь гэсэн өөр өөр өсөлт оруулсан. Тиймээс үүнийг дахин хянах шаардлага гарч байна. Ер нь их дээд сургуулийн сургалтын төлбөр сүүлийн гурван жилд 8-12 хувиар нэмэгдсэн байна. Одоогийн инфляцыг 20-25 хувьтай байна гэж үзвэл төлбөрийн нэмэгдлийг 20 хувиас хэтрүүлж болохгүй юм аа. Ямар ч гэсэн энэ сарын 13-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ер нь өрхийн төсөв дээр төлбөрийн нэмэгдэл үнэхээр ачаалал өгч байгаа нь үнэн. Манайхаас өөр зөвхөн оюутны сургалтын төлбөрөөс их дээд сургууль нь санхүүждэг орон хаана ч байхгүй. Тиймээс ч төр өөрөө үүсгэн байгуулагчийн хувьд төрийн өмчийн их дээд сургуулиуддаа тогтмол зардал олгох, хөрөнгө оруулах шаардлагатай. Он гарснаас хойш 3.4 тэрбум төгрөг олгохоор тусгасан. Одоогоор 14 тэрбум төгрөг олгож байж төлбөрийн нэмэгдлийг 20 хувьд нь барина гэсэн тооцоо гарсан.
-Төлбөрийн нэмэгдэлтэй холбоотойгоор сургалтын төрийн сангаас олгодог тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт орох уу. Төрийн санд хамрагдах хүүхдийн хяналтын тоо хэзээ гарах вэ?
-Энэ сарын 15-ны дотор Засгийн газарт асуудлаа тавьсны дараа 25-нд багтаан хяналтын тоог гаргана. Энэ жилийн хувьд сургалтын төрийн сангийн тэтгэлгийг олгохдоо нийгмийн байдлаас гадна сурлагын амжиптыг харгалзах саналыг оруулсан. Энэ нь ч нэлээд үр дүнгээ өгөх байх. Мөн сургалтын төрийн сангийн тэтгэлгийг зөвхөн нэгдүгээр курсээс нь олгодог байсан. Гэтэл хүний амьдрал олон талтай учраас нэг, хоёрдугаар курстээ төлбөрөө төлж чаддаг байсан оюутан төгсөх гурав, дөрөвдүгээр курстээ төлж чадахгүй тохиолдол гардаг. Мөн зээл олгохдоо сургуулиудад ялгавартай мөнгө өгдөг. Үүнийг ч гэсэн өөрчлөх шаардлагатай. Нэг суралцагчид олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар судалж, ажлын хэсэг ажиллаж байгаа. 80 хувийг нь төрөөс даагаад, 20 хувийг өөрөө төлдөг болговол бодитой дэмжлэг болно.
-Хэдэн жилийн өмнө оюутны хотхон баригдана гэсэн сураг гарч байсан. Юу болсон бэ?
-Ер нь оюутнуудын нийгмийн болоод эрүүл мэндийн асуудалд тууштай арга хэмжээ авах цаг болсон. Дотуур байрны тал дээр бид Монголын оюутны холбоотой хамтран дотуур байруудад шалгалт хийж, нэлээд цэгцэлсэн. Оюутны хотхоны хувьд, уг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар Яармагийн орчимд газар олгосон. Харамсалтай нь, Яармагийн орчим газар хөдлөлтийн идэвхтэй бүс учир олон хүн сууршихад тохиромжгүй гэсэн судалгааг ШУА-аас гаргасан байсан. Тиймээс газрын асуудлаас болоод жаахан хүлээгдэж байна. Гэхдээ жил, жилийн төсөвт зардлыг нь суулгаж байгаа.
Б.Нямсүрэн
Дугаар 183/2943/