Уран зургийн галерейн захирал бидэнд талархал илэрхийллээ
Урлагийн олон үнэт өв үгүй болсонд манай хамт олон харуусч тэр бүхнийг сэргээх ажилд зориулан нэг өдрийнхөө цалинг Морин хуур чуулга болон Монголын уран зургийн галерей-д хандивласан юм. Үүний хариуд Монголын уран зургийн галерей-н захирал Д.Энхцэцэг бидэнд талархал илэрхийлжээ. Тэрээр талархалдаа Танай хамт олны өргөсөн хандивыг бид эвдэрч хэмхэрсэн цонх хаалга шиллэх, солих, засах, хана туурга будах зэрэг нэн тэргүүнд хийх ажилд болон Уран зургийн галерейн цаашдын хэвийн ажиллагааг хангах, дэмжих чиглэлийн үйл ажиллагаанд зориулах болно. Бид ирээдүйд ч бүх л хэлбэрээр, өөрсдийн зүгээс тусалж дэмжиж чадах зүйлээрээ баяртайгаар хамтран ажиллах болно. Манайхаас зохиож байгаа үзэсгэлэнгүүдэд танай хамт олон хүндтэй зочид байх болно. Бидэнд энэ хүнд хэцүү үед чин сэтгэлээсээ дэмжиж, сэтгэл санаа, эд материалын туслалцаа үзүүлсэн та бүхний сүүн цагаан сэтгэлд талархаж, цаашдын ажил амьдралд тань сайн сайхныг хүсэн ерөөе гэжээ.
Засгийн газраас томилогдсон хохирлын хэмжээ тогтоох комисс Уран зургийн галерейд учирсан хохирлыг үзмэр урлагийн бүтээлүүд, байшин барилга, эд хөрөнгөд учирсан гэж гурав ангилан, нийт нэг тэрбум 600 сая төгрөг гэж гаргасан байна. Монголчуудын урлаг, соёлын cop болсон үнэт өв үзмэрүүдийг хадгалан хамгаалж, ард түмэндээ болон гадаад дотоодын улс орон, зочид төлөөлөгчдөд, аялал жуулчлалынханд сонирхуулан сурталчилдаг байгууллага болох Уран зургийн галерей тун удахгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэдэгт бид итгэлтэй байна.
А.Цагаан
дугаар 147/466/