Дотор муухайруулсан Барби
Төслийг Төлөөлөгчдийн танхим төдийгүй Сенат дэмжсэн ч асуудал нээлттэй хэвээр байгаа аж. Яагаад гэвэл шинэ хууль Ерөнхийлөгч Ж.Бушийн дэмжлэгийг аваагүй байгаа юм. Гэтэл шинжээчид хуванцар эдлэлийг улам уян хатан болгож, чанарыг нь сайжруулахад ашигладаг дибитулфталат хэмээх бодис нь хамгийн аюултай, тухайлбал, элэгний өвчний шалтгаан болдог хэмээн нотолж байгаа юм. Хүүхдийн тоглоомны үйлдвэрлэлд хортой бодисуудыг, юуны өмнө фталатын бүлэгт хамаарах бодисуудыг ашиглахыг эсэргүүцсэн хэд хэдэн олон нийтийн байгууллагын эсэргүүцлийн кампанит ажлын үр дүнд Конгрессийн дээрх шийдвэр гарсан билээ. Энэ үйлсэд Америкийн эрдэмтэн судлаачид идэвхтэй хамрагдан оролцсоор байна. Нью-Йоркийн их сургуулийн Тахал судлалын төвийн судлаачид фталат нь багтраа өвчин, элэг болон бөөрний хорт хавдраар өвчлүүлэн, бамбай булчирхайн ажиллагааг алдагдуулдаг гэж болгоомжлуулж байна. Анх хархнууд дээр туршилт хийхэд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн бол хожим хүүхдүүд дээр ч илэрсэн байна.
Америкийн компаниуд нь хэдэн арван төрлийн фталатыг үйлдвэрлэдэг бөгөөд түүнийг нь зөвхөн хуванцар эдлэл бэлтгэх, үйлдвэрлэхэд төдийгүй олон төрлийн тос, тосон эм, бусад гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг байна. Ийм үйлдвэрлэлийн жилийн төсөв нь 1,5 тэрбумаар үнэлэгддэг билээ. Гэтэл үүний дөнгөж тавхан хувь нь хүүхдийн тоглоомд зориулагддаг байна. Хортой фталат нь зөвхөн тоглоомд бус эхийн сүүнд агуулагддаг учраас хүүхдүүдэд аюултай хэмээн Вашингтон мужийн их сургуулийн Молекулын биохимийн судалгааны сургуулийн профессор Патрисия Хант өгүүлж байна. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг фталатын молекулууд нь эмэгтэйчүүдийн цусанд нэвтрэн орсон тохиолдлуудыг Хант хатагтай дурдсан байна. Мөн ийм байр суурийг Хүнсний бүтээгдэхүүн ба эмийн зүйлсийг хянах холбооны улсын комисс баримталж байгаа юм. Тус комиссын шинжээчид хоёр мянга орчим нэр төрлийн тос болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнд шинжилгээ хийжээ. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнд хортой фталат, юуны өмнө дибитулфталат илэрсэн гэнэ.
Конгрессоор дэмжигдсэн энэхүү хуулийн төслийг батлах нь АНУ-ын химийн үйлдвэрлэлд ноцтой өөрчлөлт авчрахын эх үндэс болно хэмээн даваа гаригт Экологийн эрхийн олон улсын төвийн ахлах зөвлөх Дарил Дитз мэдэгдэв. Энэ хууль нь хүмүүсийг хортой бодисоос салгахад дөхөм болно гэж тэрээр үзэж байгаа юм. Үнэхээр ч тоглоомд агуулагдсан хорт бодистой хийх тэмцэл олон улсын шатанд нэгэнт гараад байгаа. Бүр 1999 онд Франц, Итали, Дани, Австри, Норвеги, Швед, Мексик болон бусад найман улсад хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлд фталатыг ашиглахыг хориглосон билээ. Өнгөрсөн жил Калифорни, Вашингтон, Вермонт муж ийм хууль батлан мөрдөж буй. Гэтэл энэ хортой бодисын талаар Конгрессоор хэлэлцэж эхлэнгүүт химийн үйлдвэрлэлийн лоббичид төлөөлөгчдөө Ерөнхийлөгч рүү илгээсэн байна. Тиймээс даваа гаригт Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Тони Фратто Төрийн тэргүүн шинэ хуулийг батлан гаргахад сөргөөр хандаж байна хэмээн мэдэгдэх нь тэр. Гэхдээ түүний хэлснээр Ерөнхийлөгч энэ хуульд вето тавихаар эргэлтгүй шийдсэн тухай ярихад арай л эрт байгаа аж.
Бэлтгэсэн С.Энх-Амар
Дугаар 183/2943/