Ургац хураах цаг дөхлөө
Хаа сайгүй өвлийн бэлтгэл ажлын тухай яриа өрнөж тариаланчдын хувьд ургац хураалтын талаар бодох цаг боллоо. Өнгөрсөн хавар бараг л тариалалт эхлэх гэж байхад сонгуулийн шоу болгон зарласан атрын гуравдугаар аяны эхний жилийн ургац хураах цаг боллоо.
Энэ жил өнгөрсөн жилийнхээс үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан талбай 18.1 мянган га-гаар багассан. Харин өнгөрсөн намраас л гурилын хомсдолд орж сандарч тэвдсэндээ тэр үү, эсвэл хураан авч гурилын үйлдвэрт тушаасан тонн буудай тутамд Засгийн газраас 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэснээс ч тэр үү үр тариа, үүн дотроо улаан буудайн тариалалт эрх биш нэмэгдсэн. Улсын хэмжээгээр 30 мянган га талбайд илүү тариалаад байгаа. Засгийн газраас дэвшүүлсэн атрын гуравдугаар аяны ач буян гэхээсээ байгаль дэлхий хур шимээ харамгүй хайрласны ачаар энэ жил гайгүй ургац авах найдлага байна. Хөдөөгүүр явж бай¬хад тариан талбай ногоороод буудайн түрүү булцуулж чийг сайтай байгаагаас тариаланчид ч энэ жил ургац авна аа гэсэн итгэл дүүрэн байцгаана.
Хөвсгөл аймгийн Тариалан, Булган аймгийн зарим сумд, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхоны нутгаар явж байхад ургац сайхан байгаа нь харагдаж байна.
Байгаль дэлхийн буян хишгээр тариа маань сайхан ургадаг юм гэхэд одоо хураан авахад бэлэн үү гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.
Өнөөдөр улсын хэмжээнд үр тарпаны комбайн ердөө л 500 ширхэг байгаа гэсэн статистик мэдээ байна. За яахав энэ нь хүрэлцдэг юм гэхэд техник нь ямар байгаа билээ. Аль тэртээ социализмын үед аваад ашиглаж байсан энэ техникт өнгөрсөн жилүүдэд аажим аажмаар сэлбэг хэрэгсэл тавьж, зарим технологийг нь өөрчилсөн явдал бий.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд цөөн тооны шинэ комбайн ч оруулж ирсэн. Алдарт атрын гуравдугаар аяны хүрээнд гурван жилийн туршид нийтдээ 550 комбайн оруулж ирэн гээд тунхагласнаас үзэхэд лавтай гуравны нэг болох 170 орчим комбайн оруулж ирэх байх гэж тариаланчид горьдож байлаа. Гэтэл ганц трактор оруулаад ирсэн ч баярын тууз хайчилдаг ХХААЯ чимээгүй байгааг бодоход нэг их олон комбайн оруулаад ирээгүй л болов уу. Тэгээд ч МАХН төр засгийн бүхий л аппаратыг сонгуулийнхаа ажилд дайчилсан болохоор тэд нь юун комбайн хөөцөлдөхтэй манатай байсан биз.
Зөвхөн комбайн ч гэх юмгүй үтрэм, цэвэрлэгээний техник, агуулах, машин механизм, тээврийн хэрэгсэл хаана явна. Дизель түлшний үнэ саявтар нэмэгдчихээд одоо энэ наймдугаар сард дахиад нэмэгдэж магадгүй гэж байхад комбайнууд маань юугаар хөдлөх бол. Хавар тариагаа тариад, дараа нь уриншаа хийж халаасаа гөвчихсэн тариаланчид маань юугаар тэр үнэтэй шатахууныг худалдаж авах бол.
Өөр нэг анхаарахгүй байж болохгүй зүйл бол энэ жил хаа газар хур бороо элбэгтэй байснаас талбай маш их зэрлэгтэй байгаа. Үтрэм, цэвэрлэгээний ажилд нэлээд хүч хөрөнгө, цаг хугацаа шаардах бололтой. Энэ бэлтгэл ажил хаана хэр хийгдэж байгаа бол. Төрөөс, аймаг орон нутгаас анхаарч тариаланчдаа дэмжиж тусалж байна уу. Тэд маань өөрсдөө л зүтгээд байна уу.
Ингээд бодоод байхад энэ жилийн хувьд хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын ургац хураалт гэдэг атрын гуравдугаар аянтай аянгүй тариаланчид маань өөрсдийнхөө бор зүрхээр хийдэгээрээ хийгээд өнгөрөх бололтой.
Намрын ургац хураалт гэдэг цаг хугацаатай уралдсан нарийн технологитой маргааш, нөгөөдөр гэж хойш тавьж болдоггүй ажил. Нөгөө талаар энэ жил хур бороо элбэгтэй жил ингэсхийгээд хүйтэн бороо, цаашлаад гэнэт цас мөндөр орохыг ч үгүйсгэх аргагүй. Ийм болохоор Манай Засгийн газрын зарласан аяны хүрээнд хэмээн өөртөө наалдуулах гэж байгаа бол тариаланчдынхаа техникийг нэг их солиод шинэчлээд өгдөггүй юм гэхэд шатахууны үнэ, мөнгө, зээл зэрэгт нь туслаад дэмжээд өгөх цаг болж дээ.
Тариаланчдын маань хичээл зүтгэл, байгаль хангайн хишгээр ургачихсан тариагаа бүрэн хураагаад авчих юмсан.
Х.Өлзий
дугаар 147/466/