Хүүхэд багачуудыг засваргүй сургууль хүлээж байна
Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдээд буй. Харин сургууль, цэцэрлэгийн засварын ажил ямар байгаа бол? Тийм учраас зарим сургууль, цэцэрлэгээр орсон юм. Өнөөдөр засварынх нь ажил дуусах нь битгий хэл эхлээгүй сургууль, цэцэрлэг байна. Нийслэлийн тэргүүний тодотголтой дөрөвдүгээр цэцэрлэгийг энд дурдаж болно. Тус цэцэрлэгийн гадна тал, тоглоомын талбай, давхар бүрийн бие засах газар, хана, тааз, цонх, гэрлэн бүрхүүл нь эвдэрч хэмхэрсэн хуурч унасан гундуухан байдалтай байгаа нь харамсалтай. Тэнд манаачаас нь өөр учир байдлаа танилцуулчих эрх мэдэлтэйн байсангүй. Манаачийн хэлж байгаагаар тус цэцэрлэгийн захирал засварын ажлаа эхлэх юмсан гээд л дуу тавиад явахаас өөр дорвитой арга хэмжээ авч чаддаггүй нэгэн бололтой.
Ийнхүү дуу алдаж явахаасаа илүү гарч чадахгүй байтал нөгеө хүүхэд бүрийн хүсэи хүлээдэг есөн -сарын нэгэн болж балчир үрс аав ээжтэйгээ хөтлөлцөн цэцэрлэгтээ яаран ирнэ. Догдолсон үрсийг иймэрхүү орчинд хүлээж авах хэрэг үү. Өнөөдөр яг ийм байдалтай сургууль, цэцэрлэг өөр байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр эдгээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд засварын ажилдаа анхаарч, эрчимтэй ажиллахгүй бол цаг хугацаа та бүхнийг хулээхгүй нь гэдгийг анхааралд аваасай. Нийслэлийн тавдугаар сургуулиар орлоо. Тус сургуулийн хувьд засварын ажил дуусаж байсан бөгөөд, зургаан настнуудад зориулсан бие засах газар, дулааны шугам сүлжээний засвар болон Туркийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гадна засвар л хүлээгдэж байна. Хүүхд үүдийн хоёр дахь гэр нь болсон сургууль, цэцэрлэг гэдэг дээд зэргээр тохижуулагдаж сурах эрмэлзлэлийг нь бадраасан, эрүүл орчныг бүрдүүлсэн газар баймаар санагдах юм.
Гэтэл одоо эхлээгүй байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэзээ эхэлж, тов тогтоосон хугацаандаа дуусаж ийм орчныг бүрдүүлэх юм бол. Энэ үнэхээр бүрхэг санагдаж байна. Яг л нөгөө Бушуу туулай боривондоо баастай гэдгийн үлгэрээр давчуухан хугацаандаа тааруулан нүглийн нүдийг гурилаар хуурах нь хэнд ч ойлгомжтой. Эдгээр газруудын засварын ажил ямар шалтгаанаар ингэж хоног хугацаа алдан зогсонги байдалтай байгааг хариуцан ажиллаж буй мэргэжлийн хүнээс тодруулсан юм. Ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт оролцож байгаа албан байгууллага, иргэдийн ирүүлсэн материал хангалтгүй байсан учраас олон материал буцаагдсан, ийнхүү тендер шалгаруулалтын ажил олон дахин явагдсанаас багагүй хугацаа алдаж ажил гүйцэтгэгчийг шалгаруулсан аж. Гэтэл эдгээр ажил гүйцэтгэгч байгууллагуудтай хуулийн дагуу гэрээ байгуулах эрх хүлээгдэж байгаа. Гэсэн хэдий ч хичээл эхлэхээс өмнө хийх ёстой бүх засварын ажил хийгдэнэ гэсэн тайлбарыг өгсөн юм. Юутай ч есдүгээр сарын нэгний өдрийг хүлээх үлдэж байна.
Д.Орхон
Дугаар 155 /9711/