М.Дугарыг суллаж, хатуу хяналтад гэрийн хорионд оруулсан бололтой
Уг үймээнд оролцсон гэж М.Дугарыг наадмын дараа буюу өнгөрсөн сарын 14-нд баривчилсан юм. Тэрээр өөрийгөө экс Ерөнхийлөгч Н.Багабандийн улс төрийн бодлогын зөвлөх гэдэг. Түүнийг үймээн самуунд иргэдийг өдөөн турхирсан гэж ТЕГ-ынхан баривчилж, Ганц худагт хорьсон байж. Харин саяхан түүнийг сулласан сурагтай. М.Дугарыг баривчлах болсон шалтгаан нь МАХН доторхи фракцуудын эвдрэлцэлтэй холбоотой гэх. Учир нь, тэрээр Ах намын нэлээн нөлөө бүхий эрхмийн хүн юм байна. С.Баяр намын дарга болсны дараа өөрийн байр сууриа бэхжүүлэхээр улайрсан нь төрийн тэргүүний таалалд нийцээгүй бололтой.
Тиймээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх буюу МАХН-ын даргын эсрэг түүний илгээсэн гэж эх сурвалж мэдээлэв.
Ямартай ч, М.Дугарыг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзсэн үү, эсвэл өөр шалтгаан байсан уу суллаж, гэрийн хорионд оруулжээ. Түүнийг хүнтэй уулзах, утсаар ярих, гэрээс нь гаргахгүй байх зэрэг хатуу хяналтад байлгаж байгаа бололтой. Тиймээс ч хоёр утсыг нь хоёулангийнх нь эрхийг хаасан аж. Харин түүний өмгөөлөгч н.Бяруузана М.Дугарыг Ганц худагт байгаа хэмээн өчиж буй гэнэ. Сонирхолтой нь, түүний эхнэрийг Ерөнхийлөгч наадмын өмнөхөн буюу 10-нд Алтан гадас одонгоор шагнасан байна. Тэрээр Монголбанкинд 30 гаруй жил ажилласан, Хэнтий аймгийн харьяат ажээ.
Н.Наран
дугаар 147/466/