Ё.Отгонбаяр Засгийн газар байгуулагдтал дөрвөн ажлын хэсэг ажиллана
-Танай намын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн ажлын хэсэг байгуулахаар болсон гэсэн. Хэн ахалж, ямар чиглэлээр ажиллахаар байгуулж байгаа вэ?
-Тиймээ. 2008 оны сонгуулийн манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүд дээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх ажлын хэсэг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ ажлын хэсгийг Занданшатар гишүүн ахалж байгаа. Уг ажлын хэсэг уржигдраас хуралдаж, зохион байгуулалтаа хийгээд эхэлсэн.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг судлах ажлын хэсэг байгуулж, Улаан гишүүн ахалсан. УИХ хуралдахгүй байгаа энэ үед үнийн өсөлт их байгаа. Ийм нөхцөлд төсвийн тодотгол хийх шаардлагатай байдаг. Тэгж байж бензиний нөөц бий болгож үнийн өсөлттэй тэмцэнэ. Тиймээс ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах талаар судалж, ажиллах юм.
Ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг Буд гишүүнээр ахлуулсан. Эдгээрийг ерөнхийд нь багцлаад энэ оны төсвийн тодотголд аль нь орох вэ, 2009 оны улсын төсвийн төсөлд ямархуу зүйлийг тусгах вэ гэсэн ажлын хэсгийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ганбямбаар ахлуулаад байгаа.
-Ажлын хэсэг хэзээ хүртэл ажиллах вэ?
-Одоохондоо Засгийн газрын мөрийн хөтөлбөр ярихад эрт байна. Засгийн газар байгуулагдтал ажиллана гэсэн үг.
-Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх төслийн санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Yүнийг ажлын хэсэг санал боловсруулж байж тодорхой болгоно доо. Тэр ажлын хэсэгт нэлээд олон хүн ажиллаж байгаа.
-Удирдах зөвлөлийн хуралдаан дээр гацаанд орчихоод байгаа шинэ парламентын талаар ярилцсан уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирсэн захидал, түүнд өгөх хариуны талаар ярилцсан.
Л.Номин
дугаар 147/466/