Будлианд СЕХ-ныхон ч гар дүржээ
Сонгууль будилаантай болсныг улс төрийн нам, хүчнүүд зүгээр нэг яриад өнгөрсөнгүй. Тухайлбал АН ажлын хэсэг байгуулж, сонгуулийн будилааны талаархи баримтыг цуглуулж буй. Тэд сонгуулийн үеэр гарсан будилааныг баримтжуулан авсныг нийтэд мэдээллэх аж. Түүнчлэн тэрхүү баримтаа СЕХ болон хуулийн байгууллагад өгчээ. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын тоонд 11928 хүн нэмэгдсэн байна. Зэргэлдээ оршдог учраас эл хоёр тойргийн сонгогчдыг дахин санал өгүүлсэн байх магадлал өндөртэй байгаа аж. Ийм бололцоог ИБМУТ-ийнхөн олгосон байх талтай гэнэ. СЕХ-ны дарга Б.Батгулга сонгуулийн санал авах өдөр буюу зургадугаар сарын 29-ний 1200 цагт Сонгогчийн нэрсийн жагсаалтад байхгүй ч гэсэн тухайн тойрогт бүртгэлтэй, иргэнийхээ үнэмлэхийг авсан бүх хүний саналыг авч болно гэсэн үүрэг хэсгийн хороодод өгсөн. Үүнээс үүдээд 19 аймагт сонгогчдын нэрсийн жагсаалтаас давсан хүний санал авчээ. Энэ мэт будилаан СЕХ-ныхон хийсэн учраас огцруулах ёстой гэж АН-ынхан үзэж байгаа юм. Харин МАХН-ын тухайд тодорхой баримт дэлгээгүй ч намын дарга нь сонгууль будилаантай болсныг хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байсан билээ. МАХН-аас Т.Ганди, Д.Идэвхтэн, Н.Баяртсайхан, Л.Одончимэд зэрэг гишүүд сонгуулийг будилаантай болсон хэмээн мэдэгдээд байгаа.
Харин Иргэний зориг намаас Дорнод аймагт нэр дэвшигч М.Зоригт Тамгагүй саналын хуудас бөглүүлж,улмаар хүчинтэй саналд тооцож байсан. Санал өгсөн сонгогчийн регистирийн дугаар, нэрийг МАХН-ын ажиглагч утсаар бусдад мэдээлж байсан. Хуурамч тэмдэглэгээ ашиглаж нэг сонгогч хоёр удаа санал өгсөн. Сонгуулийн долдугаар тойргийн хорооны даргын өрөөнд хуулийн дагуу хүчингүй болгоогүй баруун дээд өнцгийг нь хайчлаагүй таван боодол саналын хуудас байсан зэрэг хууль бус үйлдлүүдийг баримтжуулснаа хэвлэлээр дэлгээд амжсан. Түүний гомдлыг СЕХ хэлэлцээд саналын хуудсыг дахин тоолохоор болсон билээ. Иргэний эвслийн хувьд ч хэрүүл, зарга хийсэн. Тухайлбал Иргэний хөдөлгөөн намын дарга нар нь долдугаар сарын 1-нд МАХН-ын байрны гадаа жагсаал цуглаан хийж, улмаар эмх замбараагүй байдал үүсгэхэд турхирсан гол буруутнаар сэжиглэгдээд байгаа. Тэдний жагсаалын зорилго ч сонгууль шударга бус болсонд чиглэж байсан. МАХН луйвардаж, санал авч, олонхи боллоо гэж Иргэний эвслийн удирдлагууд тайлбарлаж байсан юм. Ямар ч байсан тус эсвэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Сонгуульд оролцсон намуудаас гадна төрийн бус байгууллагууд ч шударга сонгуулийн төлөө дуу хоолойгоо нэмсэн юм.
Тухайлбал Иргэний сонголт төв төрийн бус байгууллага, улс төр судлаачдаас УИХ- ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн баримтуудыг хэвлэлийнхэнд дэлгэсэн юм. Тэдний судалгаагаар 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн намууд, төрийн албан хаагчид нийтдээ 60 гаруй төрлийн булхай луйвар хууль бус үйл ажиллагааг явуулсан аж. Энэ дотроос хамгийн их гарсан нь царцааны нүүдэл буюу сонгогчдыг тойрог руугаа зөөж, санал өгүүлэх зөрчил байсан аж. Тэдний үзэж байгаагаар 2004 онд нэг хороон дээр 15 мянган царцаа оруулж ирж байсан бол энэ удаад ч бас дээрх зөрчил давтагджээ.Нийслэлийн Баянзүрх дүүрэг 14 мянга, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дээр тус бүр 11926 царцааны нүүдэл буусныг тэд онцолж байлаа. Тэгэхдээ эл шилжилт хөдөлгөөн өнгөрсөн гурав, дөрөвдугээр сараас эхэлсэн гэнэ.
Мөн Иргэний үнэмлэхийн хаягийг хуурамчаар солих, нэг хаяг дээр олон хүн нэмж бүртгэх байдал ч газар авсан гэнэ. Сонгуулийн будилаанд төрийн доод шатны албан хаагчид хууль бус үйлдэлд оролцсон болохыг тэд нотолж байсан билээ. Үүний тод жишээ нь Сүхбаатар дүүрэг дээр санал өгүүлэх гэж Налайх, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооноос микроавтобусаар хүн тээвэрлэжээ. Тэгэхдээ энэ зуурт микроавтобус дотор албаны хүмүүс иргэний үнэмлэхийн наалтыг нь өөрчилж байсантай холбоотой баримт Иргэний сонголт төрийн бус байгууллагынханд байгаа аж. Тэд Сүхбаатар дүүрэгт сонгууль өгсөн 63 иргэний 18-ынх нь араас судлахад найм нь сонгууль өгсөн хаяг дээрээ огт байгаагүй гэнэ. Сүхбаатар дүүргийн хороон дарга гэхэд өөрийн гэрийнхээ хаяг дээр 32 сонгогч бүртгэсэн байсныг тэд баримтжуулсан байна. Баян-Өлгий аймагт саналын хуудас, санал өгсөн сонгогчдын тооноос илүү гарч дуулиан багагүй дуулиан дэгдсэн. Үүгээр тогтохгүй Увс аймгийн Давст суманд гэхэд 51 , Баянзүрх дүүргийн 23 дугаар хэсгийн хороон дээр 2600 илүү санал өгсөн зөрчил гарсан бол Увс аймагт хууль бус хэсгийн хороо ажиллаж санал авч байсан гээд 2008 оны УИХ-ын сонгуулийн будилаан ар араасаа хөвөрнө.
Уг нь тойргийн хороо хэсгийн хороог томилдог байтал малчдаас дураараа санал авдаг хэсгийн хороо ажилласан нь хууль бус үйлдэл болох нь хэнд ч тодорхой. Хуулиар бол ийм хууль бус саналыг хүчингүй болгох учиртай аж. УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн хороо хоёр ч удаа хуралдаж MAXH-аас нэр дэвшигч Ц.Цэнгэл хууль бус үйл ажиллагаа явуулсан учир УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцохгүй гэх шийдвэр гаргажээ. Гэтэл тус тойргийн хорооны дарга Ц.Дагвадаш олонхийн шийдвэрийг зориуд өөрчилж Ц.Цэнгэлийг УИХ-ын гишүүнд тооцсон хуурамч тогтоол хүртэл үйлдэн СЕХ-нд хүргүүлжээ. Энэ талаар Булган аймгийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газарт тус аймгийн Ардчилсан намаас гомдол гаргасан. Гэвч тусыг эс олсон талаар АН-аас нэр дэвшигч Я.Эрхэмбаярын сонгуулийн штабаас мэдэгдээд байгаа. Сонгуулийн үеэр гарсан будилаан, луйврын ил болсон өчүүхэн хэсгийг мэдээлэхэд ийм байна. Энэ бол мөсөн уултай зүйрлэвэл зөвхөн оргил хэсэг нь харагдаж байгаа хэрэг.
Дугаар 150(170)