Зургаан настнуудын сургалтад хоёр сурах бичиг туршина
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ямар түвшинд яваа талаар БСШУЯ-ныхан өчигдөр мэдээлэл хийлээ. Өнөө жил улсын хэмжээнд 67900 зургаа, долоон настан нэгдүгээр ангид орох юм байна. Мэргэжил сургалтын төвд 20-иод мянган хүүхэд суралцах бол их, дээд сургуульд 35 мянга гаруй оюутан шинээр элсэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сургалтын хөтөлбөр батлагдчихсан байгаа. Зургаа, долоон настны нэгдүгээр ангийнхан өдөрт дөрвөн цаг хичээллэх юм байна. Өнгөрсөн хичээлийн жилд 16 дунд сургуульд зургаан настны туршилтын ангиудыг хичээллүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын 68, 24 дүгээр дунд сургууль болон хөдөө орон нутгийн 14 сургууль энд хамрагдсан байна. Үүний үр дүн сайн байсныг БСШУ-ны сайд онцолж байлаа. Гэхдээ зургаан настай хүүхэд сурах идэвхээрээ долоон настнуудаас давуу ч амархан ядрах хандлага ажиглагджээ. Тиймээс тэдний сурах орчныг аль болох таатай байлгаж, хялбар аргаар хичээл заах тал дээр сургууль, багш нарын зүгээс анхаарч байгаа аж.
Дунд сургуулиудын хичээлийн байрын засварын ажил одоогийн байдлаар 60 гаруй хувьтай яваа гэнэ. Нэг сургуулийг засварлах зардал 500 саяас дээш өртөгтэй тохиолдолд яамнаас хөрөнгө гаргана. Түүнээс доош төгрөгийн өртгөөр засварлах бол аймаг, сум, дүүргийнхэн өөрсдөө хариуцах гэнэ. Зургаа, долоон настнуудын суух ширээ сандлын тараалтын ажил улс даяар 60 гаруй хувьтай байна. Ирэх наймдугаар сарын 25 гэхэд бүх сургуульд тарааж дуусгах төлөвлөгөөтэй аж. Зургаан настнуудад хичээл заах багш нарын сургалт бүх аймаг, дүүрэгт явагдаж байгаа. Багш нарын тоо хангалттай гэнэ. БСШУ-ны сайд Н.Болормаагаас сурах бичиг, их, дээд сургуулийн төлбөрийн талаар тодруулга авав.
–Зургаан настнуудын нэгдүгээр ангийн сурах бичиг одоо болтол хэвлэгдэхгүй оройтчихлоо гэх эцэг, эхчүүд байгаа. Сурах бичиг хэзээ хэвлэгдэх вэ?
-Ирэх наймдугаар сарын 25 гэхэд хэвлэгдчихнэ. Хичээл эхлэхээс өмнө гарч амжина. Сурах бичгийн эх зохиогдоно гэдэг бол бүх номын хэвлэлийн эх бэлэн болсон гэсэн үг. Хэвлэх үйлдвэрүүд сурах бичиг хэвлэх зөвшөөрлөө авчихсан байгаа.
–Нэг хувилбартай сурах бичиг гарна гэсэн. Ямар компани хэвлэх эрх авсан бэ?
-Зургаан настны нэгдүгээр ангийн математик монгол хэлний хоёр сурах бичиг гарна. Бусад хичээлийнх нь дасгал ажлын ном байна. Хэвлэлийн компаниуд сурах бичгийн эх зохиосон. Энэ нь гаднаас нь харахад гоё ном байгаа юм л даа. Гэхдээ нарийн шалгуураар үзэхэд хоорондоо бага зэрэг зөрүүтэй байгаа. Мэдээж энэ компаниуд өрсөлдөж байгаа учраас нэг л нь сурах бичиг хэвлэх эрх авна. Тэр үйлдвэрийн хэвлэсэн номыг улсын хэмжээнд зургаан настнуудын 80 хувь нь хэрэглэнэ. Харин шалгарсан сурах бичгээс үзүүлэлтээрээ хэдхэн оноогоор дутсан сурах бичгийг үлдсэн хувьд нь туршина. Энэ хичээлийн жилд нийт зургаан настай сурагчдын 80 хувь нь нэг, 20 хувь нь нэг өөр сурах бичиг судална гэсэн үг. Хавар дээрх хоёр сурах бичгийн аль нь судлахад илүү тохиромжтой болохыг тогтоогоод нэгийг нь цаашид сургалтад хэрэглэнэ. Хүүхдийн нүд ядраах өнгө алаглуулсан сурах бичгээс татгалзаж байгаа.
–Хоёрт шалгарсан сурах бичгийг ямар сургуулиудад турших юм бэ?
-Зургаан настнуудын 20 хувь нь судлах сурах бичгийг тараах газруудын нэрсийг гаргачихсан байгаа. Говь-Алтай, Увс, Сүхбаатар, Өмнөговь, Орхон аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн дунд сургуулиудын зургаан настанд туршилтын хоёр дахь сурах бичгээр хичээл заана.
-Сурах бичгийг номын сангаар тараах уу?
-Өнөө жил сурах бичгийг номын сангаар тараахгүй. Яагаад гэвэл шинэ Засгийн газар байгуулагдаж төсөв ч батлагдаагүй. Тэгэхээр сурагчид сурах бичгээ өөрсдөө худалдаж авна. Дараа жилээс энэ талаар төсөвт тусгагдаад ирэхээр номын сангаараа дамжуулж авах боломжтой.
–Сурах бичгийн үнэ ямар байх вэ?
-Хэвлэлийн компаниуд таван мянга гэсэн санал өгсөн. Харин Эдмон компани хоёр мянгад барина гэж амласан. Уг нь сурах бичгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Өнөө жил сурах бичгээ хэвлэж байгаа компаниуд өөрсдөө худалдана. Дараа жилээс өөр болох байх.
-Эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг яамнаас даадаг байх аа?
-Өнөө жил нийт хүүхдийн 30 орчим хувь нь эмзэг бүлгийнх байгаа. Эдэнд өгөх сурах бичигт 900 орчим сая төгрөг зарцуулах байх. Би мөнгөн дүнгээр нь л мэдэж байна.
–Долоон настны нэгдүгээр ангийнхны сурах бичиг шинээр хэвлэгдэх үү?
-Үгүй, тэд хуучин 11 жилийнхээ тогтолцоонд судалж байсан сурах бичгээ үзнэ. Ер нь өнөө жил 10 сурах бичиг шинээр хэвлэж байгаа. Үүний зургаа нь зургаан настнуудынх. 6-9 дүгээр ангид үзэх монгол бичиг, 10-11 дүгээр ангийн байгалийн шинжлэх ухаан, арваннэгдүгээр ангийн англи хэлний хичээлийн сурах бичиг шинээр хэвлэгдэнэ.
–Зургаа, долоон настнуудыг хүлээж авах дотуур байрны бэлтгэл ямар байгаа вэ?
-Дотуур байранд 8444 зургаан настан орно. Долоон настай 7500 гаруй хүүхэд бий. Дотуур байрны нэг хүүхдэд зарцуулах хувьсах зардлыг Засгийн газрын хуралдаанаар нэлээд өндөр тогтоож өгсөн. Нэг хүүхдэд жилд 204 мянгаар тооцсон л доо.
-Зургаан настнуудын суралцах сургуулийн 00-ийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Ойрын таван жилдээ багтааж бүх сургуулийг дотроо 00-той байлгах төлөвлөгөө бий.
–Их, дээд сургуулийн төлбөр сая төгрөгт хүрнэ гэсэн яриа байна?
-Төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүүжилт олон эх үүсвэртэй байх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан. Нэгдүгээрт төсвөөс санхүүжилт авна. Мөн оюутны төлбөр санхүүжилтын гол эх үүсвэр байх ёстой. Шинжлэх ухааны судалгааны ажилдаа Шинжлэх ухаан технологийн сангаас дэмжлэг авна. Санхүүгийн бусад эх үүсвэр байж болно. Энэ нь дэлхий нийтийн их,дээд сургуулийн жишиг. Манай их, дээд сургуулиуд энэ маягаар санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг болчихвол өнөө жил төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг 20-25 хувиар нэмэх тухай Засгийн газарт санал оруулсан. Үүнийг дэмжинэ гэж бодож байна.Төрийн өмчийн их, дээд сургуулиуд өнөө жилийн сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмэх тухай саналаа өгсөн л дөө. Одоогийн байдлаар зөвхөн оюутны сургалтын төлбөрөөр санхүүжиж байгаа учраас төлбөрөө нэлээд өндрөөр тогтоочихсон байсан. Тухайлбал, СУИС нэг сая, МУИС 913 мянга, ХААИС 973 мянган төгрөг болгож өндөр хувиар нэмэх саналтай байгаа. Төрөөс өөрийн өмчдөө ямар зүйл дээр дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ шийдвэрлээд улсын өмчийн сургуулиудын төлбөрийг яаж нэмэх нь наймдугаар сарын эхээр тодорхой болох байх.
Я.Мөнгөнцэцэг