Ксения Собчак Би дээдсийн эрх чөлөөт амьдралдаа дуртай

Английн нэр хүнд бүхий Форбес сэтгүүлийн өнгөрсөн жилд гаргасан Оросын олигархиудын охидын жагсаалтын тавдугаарт жагсч байсан билээ. Түүний эцэг Санкт-Петербург хотын мэр асан Анатолий Собчак Владимир Путиныг улс төрд хөтлөн оруулсан ачтан юм. Өдгөө 26 настай Ксения Собчак хэмээх энэ бүсгүй Оросын томоохон реалити шоу болох Миний гэр-ийг хөтөлж олны танил болсон билээ. Түүнийг Оросын Пэрис Хилтон гэж нэрлэдэг. Тэрбээр өмнө нь нэг ч удаа ярилцлага өгч байгаагүй юм. Ингээд Комсомольская правда сонинд өгсөн түүний анхны ярилцлагыг сонирхуулъя.

-Удахгүй аавын тань төрсөн өдрийн ой болох гэж байгаа юм байна шүү дээ?

-Тиймээ, аав минь 71 нас хүрэх байсан. Үнэхээр чадалтай улстөрч байсан даа. Би ааваараа үргэлж бахархаж ирсэн, мөн маш их санаж байна. /хоолой нь зангарав/

-Ксения, чиний хувъд гэр бүлийн үнэ цэнэ гэж юуг хэлэх вэ?

-Энэ нь хамгийн түрүүнд тэмдэглэлт баяр, үйл явдал гэх мэт гэр бүлийн уламжлалт ёс байх болов уу. МимпИ хувьд одоогоор гэр бүлтэй болоогүй учраас энэ асуулт сонирхолгүй байна.

-Эцгийнхээ төрсөн өдрийн ойг тэмдэглэсэн хэвээр үү?

– Үгүй дээ. Харин энэ өдөр ээж бид хоёр төрөлх хот Санкт-Петербургийнхээ гудамжаар зугаалдаг уламжлалтай.

-Түүнийг амьд байхад энэ өдрийг хэрхэн тэмдэглэж байсан бэ?

-Эцэг минь их даруухан хүн байсан. Мөн энэ баярынхаа өдөр үргэлж л ажилтай байсан санагдана. Гэр бүлээрээ цөөхөн тэмдэглэж байсан.

-Таны эцэг үнэхээр төгс хувцасладаг хүн байж билээ? Шоотой, хээнцэр хослол өмсдөг байсныг нь тод санаж байна?

-Түүний хувцасуудыг ээж минь авч өгдөг байсан. Албаны бус имиж мейкер нь байсан гэж хэлж болно.

-Эцэг тань таниар бахархах байсан даа?

-Надад үнэхээр хайртай байсан. Би чинь аавын охин байхгүй юу. Бид хоёр үргэлж бүх зүйлийн талаар чөлөөтэй ярилцдаг юм. Намайг биеэ даасан байдалд сургаж хүмүүжүүлсэн. Би эцэг эхдээ загнуулж, шийтгүүлж өсөөгүй.

-Танай гэр бүлийг Петр хааны ордон шиг байшинтай гэж сонссон юм байна?

-Үгүй шүү дээ. Найзууд маань манай гэрт зочлоод хотын мэр, алдартай улс төрчийг ийм даруухан амьдардаг гэж бодож байгаагүй гэж байсан. 1998 он хүртэл манайх хоёр өрөө байранд амьдардаг байсан. Тэр үед аав бид хоёрт нэг өрөө ногддог байлаа. Аавын бичиг цаас, миний тоглоомууд холилдчихсон байдаг байсан. /инээв/. Сүүлд намайг том болоход хүүхэд өөрийн өрөөтэй байх хэрэгтэй гээд байраа гурван өрөө болгож томсгосон юм. Эцгийнхээ олон саяын өв хөрөнгөөр тоглодог гэсэн яриаг сонсоод инээд минь хүрдэг. Хэдий түүний өв хөрөнгө хуулийн дагуу надад өвлөгдөн ирсэн ч би ажил хийж олсон мөнгөө л өөртөө зарцуулж сурсан. Байр худалдан автлаа би бусдын адил хөлсний байранд л амьдардаг байсан.

-Одоо тэр байрандаа амьдардаг уу?

-Сэтгуүлч та нар үнэхээр хэцүү хүмүүс шүү. Нэг хэсэг намайг хүнтэй сууж, тэднийдээ нүүж очсон гэж шуугиад байсан. Энэ тухай л асуугаад байна уу?/инээв/. Мэдээж өөрийнхөө байранд амьдарч байгаа. Москвагийн төвд маш сайхан байр худалдан авсан. Дотоод интерьерийг нь өөрөө хийсэн.

-Гэрийн ажлаа өөрөө хийдэг үү, аль эсвэл үйлчлэгчтэй юу?

– Гэртээ хооллох зав бараг байхгүй, ихэнхдээ гадуур хооллочихдог болохоор гэрт минь гал тогооны өрөө байхгүй. Багаасаа хэрэглэсэн зүйлээ байранд нь тавиад сурчихсан. Бусад жижиг, сажиг ажлуудаа өөрөө л хийчихдэг юм. Тиймээс гэрийн ажил гээд байх зүйл байхгүй. Гэрийн үйлчлэгчийн шаардлага гардаггүй.

-Сүүлийн үед гоо сайхны мэс засалд орсон гэх хэл аманд өртөх болсон. Өөрийн гоо сайхандаа сэтгэл хангалуун байдаггүй гэж үү?

-Би өөртөө таалагддаг. Гэсэн ч ямар ч эмэггэй хүн өөрөөсөө үргэлж өө хайж байдаг биз дээ. Эрчүүдийн харцыг булаасан бүсгүй гэж өөрийгөө боддог.

-Хайр дурлалд хэр азтай вэ?

-Азтай шүү. Дурлалын тэнгэр намайг үргэлж ивээж байдаг. Заримдаа бүр хэтрүүлчих вий гэж бодох үе бий.

-Ингэхэд хэзээ гэр бүлтэй болох гэж байна?

-Одоогийн амьдралын минь хэв маяг үнэхээр таалагдаж байгаа тул гэрийн авгай болох гэж яарахгүй байна. Би дээдсийн эрх чөлөөт амьдралдаа дуртай.

Э.Оджаргал

Дугаар 155 /9711/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button