Хуульжсан нь хохирч, хуурсан нь хожсоор байх уу

1. 2002 онд болсон Иракийн Ерөнхийлөгчийн сонгуульд Саддам Хуссейн 99.96 хувийн дэмжлэг авсан хэмээн эрх баригчид мэдээлжээ.

2. Кенийн 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Мваи Кибаки ялсан. Гэвч нэр дэвшигч Раила Одинга өрсөлдөгчөө илт давуугаар ялна гэж сонгуулийн өмнө болсон бүх нийтийн санал асуулга, судалгаа харуулж байсан аж. Сонгуулийн дараа үүссэн эмх замбараагүй байдал талууд эрх мэдлээ хуваахаар өнгөрсөн хоёрдугаар сард шийдэхэд дуусгавар болсон. Үймээний үеэр 1000 гаруй хүн амь үрэгджээ.

3. Алжирт 1991 онд болсон парламентын сонгуулийн дүн олны эсэргүүцэлтэй тулгарсан. Эрх баригчид 1992 онд сонгуулийн дүнг хүчингүйд тооцсоноор иргэний дайн дэгдэж, сүүлийн арваад жилийн дотор энэ хямралын улмаас 160 мянган хүн амь эрсэдсэн.

4. Украины 2004 оны Ерөнхийлөгчийн сонуульд Виктор Янукович ялснаа мэдэгдсэн ч булхайтай болсон гэж өрсөлдөгчид нь үзсэн. Өрсөлдөгч В.Ющенко улбар шар хувьсгал зарлан, эсзргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан. Тус улсын Дээд шүүх дахин сонгууль явуулахаар шийдсэнээр В.Ющенко ерсөлдөгчөөсөө 12 хувийн саналаар илүү буюу 54 хувийн дэмжлэг авч, 2005 оны нэгдүгээр сарын 23-нд ажлаа авсан.

5. Хуучин Югославийн удирдагч агсан Слободан Милошевич 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн үймээн дэгдээсэн ч үр дүнд хүрээгүй.

6. Дэлхийн II дайны дараахан Польшид коммунистуудын хяналтыг сайжруулахыг уриалсан олон нийтийн санал асуулга явуулжээ. Хожим энэхүү санал асуулга зохион байгуулалттай болсоныг тогтоосон аж. Тэр үед коммунист үзлийг эсэргүүцсэн 10 мянган орчим иргэн алагдсан байна.

7. Египтийн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олон нэр дэвшигч оролцохыг хориглож, зарим иргэд саналаа хэд дахин өгч, эсэргүүцлийн арга хэмжээг нухчин дарж байв. Тус сонгуульд Хосни Мубарак /өнөөгийн Ерөнхийлөгч/ 88.9 хувийн дэмжлэг авсан.

8. Хуучин ЗХУ-ын түүхэнд сонгогчдод зөвхөн нэг л сонголт байж. Хувьсгалт намын нэр дэвшигчээс өөр хүнд саналаа өгөх боломж оросуудад анх 1989 онд тохиожээ.

9. 30 гаруй жил цэргийнхнээр төрөө бариулсан Мьянмад 1990 онд анх удаа олон нийтийн сонгууль болжээ. Аун Сан Су Жи болон түүний талынхан парламентын 489 мандатын 392-ыг авсан байна. Гэвч Засгийн газар сонгуулийг хүчингүйд тооцож, Су Жиг гэрийн хорионд оруулсан юм. Тэрбээр өнөөг хүртэл гэрийн хорионд буй.

10. Нигерт 2007 оны дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ч нийт саналын хуудсын 30 хувийг иргэдэд тараасан ба Умару Яр-Адуа 70 хувийн дэмжлэг авснаар Ерөнхийлөгч болов.

Монголд

Монголын 2008 оны УИХ-ын сонгуулийг дээрх жагсаалтад орсонтой харьцуулж үзье. Монголчууд сонголтоо хийгээд cap гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч өнөөг хүртэл сонгуулиас үүдсэн будилаан, төрийг гацаанд оруулж, түмний бухимдлыг барсаар л… Сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үймээн самуун болж хувирсан. Харин энэхүү үймээн самууны үеэр таван хүн амь насаа алдсан билээ. Үймээн самуун дэгдсэн нь нэг ёсондоо эрх баригчдад ашигтай хувилбар болж хувирав. Учир нь нийгэм, олон нийт, түүгээр ч зогсохгүй хэвлэлийнхэн сонгуулийн будилааны талаар нам жим боллоо. Хэсэгтээ л МАХН-ын шатсан байр, галд өртсөн урлагийн бүтээл, хөгжмийн зэмсэг, онц байдлын үеэр амь насаа алдсан хүмүүс, үймээн самууны гол буруутан олон нийтийн анхаарлын төвд байв. Харин энэ зуурт хүмүүс нөгөө үндсэн сэдэв болох сонгуулийн будлианы талаар мартаж орхиж. Эрх баригчид ч үүнийг нь далимдуулан шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг зарлаж, УИХ-ын гишүүдээ батламжлаад амжих гэж хэдэнтээ оролдов. Гэвч сөрөг хүчнийхэн тэдэнд том хаалт болж байна. Тэд сонгуулийн будилааныг зүгээр өнгөрөөхгүй хэмээн шинэ УИХ-ын анхдугаар чуулганд орж суухгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, хурлыг хаяж гарав. Үүнийг эрх баригчид АН Засгийн эрхийн төлөө, төрийг гацааж байгаа мэтээр ард түмэнд харагдуулахьн хичээж байна. Тэд ард түмний тархийг угаах ажилдаа ханцуй шамлан оржээ. Харин угийн мартамхай олон нийт сонгуулийн будилааныг эхнээс нь мартаж эхлэх төлөвтэй. Яг л ийм аргаар МАХН хариуцлагаас мултардаг. Яг л тийм байдлаар хуулиа сахисан нь хохирч, хуурсан нь хождог. Сонгууль будилаантаж, сонгогчид бухимдсаар л байх уу…

Хаана ямар будилаан дарагдав

Монголын парламентын тав дахь удаагийн сонгууль буюу 2008 оны УИХ-ын сонгуульд нийт 356 хүн нэр дэвшсэн. Тодруулбал 11 нам, нэг эвслээс 311 нэр дэвшигч, 45 бие даагч өрсөлдсөн юм. Сонгуулийн маргаашаас эхлээд л нэр дэвшигчид, төдийгүй сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл, улс төрийн хүчнүүд сонгуулийг будилаантай болсныг нэгэн дуугаар зарласан гэж болно. Төрийн тэргүүн ч хүртэл дуугүй суусангүй ээ. Тэр байтугай СЕХ-ныхон хүртэл өөрсдөө сонгуулийг будилаантай болсныг хүлээн зөвшөөрчихлөө. Харин гадаадын ажиглагчид л 2008 оны сонгуулийг шударга, будилаангүй болж өнгөрсөн талаар дэлхий нийтэд цацна лээ. Монголчууд өөрсдөө сонгуулиа будилаантай болсныг хүлээн зөвшөөрчихөөд байхад гадаадынхан Монголын парламентын сонгууль будилаангүй боллоо гээд тэс хөндлөн зүйл дэлхий нийтэд цацаад байгааг харин юу гэж ойлгох нь таны мэдэх хэрэг. Энэ жилийн сонгууль будилаантай болсон талаар дээр өгүүлсэн.

Харин ямар будилаан гарсныг намуудын ажиглагчид дараах байдлаар жагсаажээ

1. Мөнгө, архи, бэлэг тарааж сонгогчдын саналыг худалдаж авах

2. Тойргийн болон хэсгийн хорооны гишүүдээр дамжуулж ирсэн гомдол, санал, баримтыг хэлэлцэхгүй, хав дарах

3. Саналын хайрцаг хуурамчаар хийж, сонгогчдоос санал авах

4. Сонгогчдыг олноор нь зөөж, санал өгүүлэх

5. Саналын хайрцаг сольсон

6. Иргэний үнэмлэх эмх замбараагүй олгосон

7. Сонгогчдын нэрсийн жагсаалтад байхгүй хүнээр санал өгүүлсэн

8. Санал авах байрыг хуулийн хугацаанаас емнө хаасан

9. Нэр дэвшигчийн нэрийг санаа-тайгаар буруу уншсан, саналыг өер нэр дэвшигч дээр тэмдэглэсэн

10. Сурталчилгааны үед хууль зөрчсөн нэр дэвшигчдийн нэрийг татахгүй, саналын хуудаснаас хасаагүй хэд хэдэн тойрогт гарсан боловч, тойргийн хороо шийдвэр гаргаагүй

11. Тойргийн хороо нэр дэвшигчийг хууль зөрчсөн гэж нотолж, нэр татах тогтоол гаргасан байхад СЕХ тогтоолыг хууль бусаар хүчингүй болгосон. Тухайлбал, Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт Д.Туяа, Баянгол дүүрэгт Н.Баяртсайханы нэрийг тус тус татаагүй

12. Тойргийн хороодод баруун дээд буланг хайчилж, хүчингүй болгоогүй саналын хуудас олноор байсан

13. Саналын хуудас нөөцөнд илүү хэвлэж, тойргийн хороодод тараасан.

14. Тамгагүй саналын хуудсаар санал авч, тамгатай саналын хуудастай хамт тоолсон зэрэг булхай, будилаан хамгийн их гарчээ.

Б.Намуун

Дугаар150(170)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button