Ерөнхийлөгч Н.Энхбаяр Олимпт оролцох тамирчдаа үдэж гаргана
БТСУХ-ны Спортын анагаах ухааны албаны ерөнхий эмч Ч.Насанбат нар Бээжинд хүрч, Олимпийн тосгонд байрлах тамирчид болон, төлөөлөгчдийнхөө бүрэлдэхүүнийг танилцуулж, олимпийн эрхийг нь баталгаажуулжээ. Үүнээс гадна Бээжингийн олимпийн наадмыг дэлхий нийтэд дамжуулах гол суваг болсон Cri.cn цахим сүлжээнд ярилцлага өгсөн байна. Олимпийн наадамд оролцох манай баг тамирчид тэмцээн уралдааны хувиар, бэлтгэлээсээ хамаараад Бээжинд очих хугацаа нь өөр өөр байгаа юм. Зуны XXIX олимпийн наадмын нээлт наймдугаар сарын наймны өдөр эхлэх ч хөнгөн атлетикийн эмэгтэй 400 метрт уралдах Б.Мөнгөнтуяа, эрэгтэй марафон гүйлтийн төрөлд өрсөлдөх Б.Сэр-Од нар өнөөдөр Бээжинг зорино.
Харин дараагийн ээлж буюу ирэх сарын дөрөвний өдөр боксын тамирчид замдаа гарна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Эрх чөлөөний талбайд Бээжингийн олимпийн наадамд оролцох баг тамирчидтай уулзаж, үдэн гаргах ёслолын ажиллагаа болно. Мөн тамирчид тангараг өргөж, төрийн далбааг мандуулна. Үүнд жүдо, чөлөөт бөх, усанд сэлэлт, буудлага, хүндийн өргөлтийн нийт 23 тамирчин оролцоно. Харин энэ цаг мөчид Бээжинд түрүүлж очсон хөнгөн атлетик болон боксын зургаан тамирчин Олимпийн тосгонд төрийнхөө далбааг мандуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож байх юм.
Дугаар 171 /2458/