Олимпт оролцох тамирчид алтан шар өнгөөр гоёлоо
манай улсаас нийт 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөх эрхээ аваад байгаа. Олимпт оролцох манай тамирчид өчигдөр Төрийн ордонд цугларлаа. Алтан шар өнгийн хүрэм, цагаан өмд, юбкаар гоёсон тэдний хувцсыг Аса трейд компани оёж бэлэглэсэн байна.
Тэд энэхүү хувцастайгаа олимпийн нээлтийн ажиллагаанд оролцох юм. Энэхүү өнгийг сонгосон нь Бээжингийн олимпоос алтан медаль зүүж, аварга төрөхийг билэгдсэн гэнэ. Ийнхүү алтан шар өнгөөр гоёсон тэднийг Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны дарга С.Баяр хүлээн авч уулзсан юм. Тэрбээр олимпт оролцохоор эрх авсан тамирчид болон дасгалжуулагчдад нь уулзалтынхаа эхэнд баяр хүргээд өмссөн хувцас шигээ медалиар энгэрээ гоёж ирэхийг чин сэтгэлээсээ хүссэн.
Олон улсын олимпийн хөдөлгөөний 112 жилийн түүхэн дэх 29 дэх Их наадам наймхан хоногийн дараа өмнөд хөршийн Бээжин хотноо нээгдэх гэж байна. 29 дэх наадамд Монголын 29 тамирчин оролцох эрх авчээ. Билэгшээлтэй, сайхан тоо сонсогдож байгаа биз. Монгол Улс хөгжил цэцэглэлтийн түүхэн шинэ эриний босгон дээр нэгэнт ирсэн гэдэгтэй хүн бүхэн санал нийлж байна. Монголын тамирчдын ялалт, амжилтын түүх ч энэ удаагийн Олимпоос эхлэн цоо шинээр бичигдэх цаг ирсэн болов уу гэж монголчууд сүслэн итгэж байгаа. Олимпийн наадамд оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг амаргүй ээ.
Гэхдээ нөгөө талаар энэ бол хүссэн болгонд олддоггүй ховор аз завшаан. Басхүү том бахархал. Тамирчин бүхэн олимпт оролцохыг мөрөөддөг. Үүнийхээ төлөө өрсөлддөг. Тэр хатуу ширүүн өрсөлдөөн дундаас хоёр сая гаруйхан хүнтэй Монголын минь 29 охид, хөвгүүд хүч, хурд, авхаалж самбаа, уран мэх, эрдэм оюунаараа шилдэг нь болон шалгарснаар бахархахгүй байхын аргагүй. Монголчууд 1964 оны Токиогийн олимпоос хойш 10 олимпт оролцсон.
Энэ удаагийнх 11 дэх нь. 10 олимпоос манай тамирчид 15 медаль авсан. Энэ тоо Бээжин-2008″ олимпт нэг биш нэлээд хэдээр нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл монголчууд ийм таатай сайхан үйл явдал болно гэдэгт итгэж, найдаж, хүсч байгаа юм хэмээн хэлж, олимпт оролцох тамирчдадаа урам хайрласан. Ерөнхий сайдыг үг хэлсний дараа тамирчдаа төлөөлж, Монгол Улсын гавьяат тамирчин Наранбаатар үг хэлэхдээ, Ерөнхий сайд болон Монголын ард түмнийхээ итгэлийг дааж ирэхээ амласан юм.
Мөн энэ үеэр тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад 117.8 сая төгрөгийн шагналыг Ерөнхий сайд С.Баяр, Эрүүл мэндийн сайд Р.Батсэрээдэнэ нар гардуулсан. Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн ярьснаар, буудлага, жүдо, чөлөөт, боксын төрөлд илүү их найдлага тавьж байгаа гэнэ. Олимпт оролцох тамирчид хэд хэдэн хэсэг болон явах юм байна. Маргааш хамгийн эхний ээлж болох хөнгөн атлетикийн тамирчид урд хөршийг зорьж байгаа бол хамгийн сүүлд энэ сарын 16-ны өдөр олимпийн тосгонд очих аж.
Т.Баярмаа
Дугаар 171 /2458/