Хэнтийн тойргийн дүнг Ерөнхийлөгчид айлтгана

СЕХ 18 дугаар тойргийн хорооны тогтоолыг дэмжиж, Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон МАХН-аас нэр дэвшигч Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ Д.Арвин нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгахаар болжээ.

СЕХ Хэнтий аймгийн УИХ-ын тойргоос ирүүлсэн дүнг өнөөдөр Ерөнхийлөгчид айлтгах юм. Харин Дорнод аймаг буюу УИХ-ын долдугаар тойргийн хувьд асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм байна. Энэ тойргийн хороо сонгуулийн тойргийн тодорхой хэсгүүдэд дахин санал тоолохгүй, тоолно гэсэн хоёр шийдвэр гаргасан байна.

Иймээс СЕХ үүнийг авч хэлэлцээд Дорнод аймгийн УИХ-ын тойргийн хороог дахин хуралдаж, тодорхой хэсгүүээ санал дахин тоолох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн байна. УИХ-ын 25 дугаар тойргийн сонгуулийн дүнд маргаан гарч, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа билээ.

Дөрвөн мандаттай энэ тойргоос МАХН-аас нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил, АН-аас нэр дэвшигч Х.Тэмүүжин, Иргэний эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар сонгогдоод байгаа бөгөөд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Баяртсайхан нар дөрөв дэх мандатын төлөө маргаад байгаа юм.

СЕХ-ны хуралдаанаар энэ тойргийн асуудлыг авч хэлэлцээд маргаангүйгээр УИХ-д сонгогдсон гурван хүний нэрийг Ерөнхийлөгчид айлтгах эсэх талаар ярилцсан байна. Хуралдаанаар хуулийн байгууллагыг шалгаж дуустал энэ тойргийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барилгүй хүлээхээр шийдвэрлэжээ.

Б.Сэлэнгэ

Дугаар 171 /2458/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button