Б.Баттулга Сонгуулийн дүнг засна гэвэл битгий мөрөөд
Энэ асуудлыг шийдэхээр МАХН, АН-ууд зөвшилцөж байгаа ч мөн л үр дүнд хүрэхгүй байгаа билээ. Харин өчигдөр энэ талаар СЕХ-ны удирдлагууд сэтгүүлчдэд хандлаа. СЕХ-ны дарга С.Баттулга эхлээд ийнхүү ярьсан юм.
-СЕХ УИХ-ын гишүүнээр сонгогдсон 66 хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, нийтэд мэдээлсэн. Ерөнхийлөгч СЕХ-ны айлтгасан дүнг хүлээн аваад УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг буулгасан. Энэ дагуу УИХ-ын анхдугаар чуулган хуралдсан. Энэ хуралдаанаар УИХ-ын 2008 оны дүн, гишүүдийн бүрэн эрхийг зөвшаөрөх асуудлыг танилцуулж илтгэсэн. Үүнтэй холбогдуулан гашүүнээр сонгогдсон гишүүд асуулт тавьсан, би хариулсан.
Анхдугаар чуулганы дарааллын дагуу шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх ажиллагаа болоход АН-ын дарга гишүүдээ аван чуулганы танхимыг орхин гарсан. Үүнээс улстөрийн гацаа үүссэн. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгаа зүйлээс харахад улстөрийн энэ гацаа СЕХ-ноос болсон. СЕХ хууль зөрчсөн гэж АН-ын удирдлагууд ярьж байна. Улстөрийн энэ гацаа АН-аас болсон, СЕХ үүнд буруугүй. АН-ын шүүмжилж байгаа үндсэн асуудал нь УИХ-ын сонгуулийн дүнг гаргахдаа тогтоол гаргаагүй гээд байна. Монгол Улсын СЕХ гэдэг бол хараат бус, бие даасан, төрийн байгууллага.
Аль нэг намын шаардлагаар гаргасан шийдвэрээ өөрчилж байдаг байгууллага биш. СЕХ өчигдөр хуралдаж, дүгнэлт хийсэн. СЕХ-ны анхны гаргасан шийдвэр хэвээр байна. АН-ын шаардлагаар шийдвэрээ өөрчлөхгүй. Сонгуулийн эцсийн дүнтэй холбогдуулж тогтоол гаргах шаардлага байхгүй. Урьд өмнөх сонгуулиудад ч СЕХ тогтоол гаргаж байгаагүй юм байна.
Мөн энэ сарын 10-ны болон 14-ний дүнг хоёр өөр гээд байгаа. Энэ бол нэг асуудлын хоёр хугацаатай баримт. СЕХ маргаантай байгаа тойргийн асуудал Ерөнхийлөгчид өргөн барихаас өмнө шийдвэрлэгдвэл нэгтгэж мэдээлнэ гэж шийдсэн байсан. Сонгуулийн дүнтэй холбогдуулж АН-ын дарга Ц.Элбэгдоржийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл ор үндэсгүй болохыг нотолсон.
Тухайлбал, ХХЕГ, ИБМУТ-тэй холбогдсон асуудал, СЕХ-ны бүрэлдэхүүнд орж ажилласан хүмүүс нэг намынх гээд энэ бүхэн нь худал болох нь нотлогдсон. Сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Б.Баттулга хоёр байшингийн хооронд явахдаа засварласан гэсэн. Ийм асуудал байхгүй. Ер нь Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Сонгогчид бүхнийг мэдэж сонголтоо хийсэн.
СЕХ-г намууд дүгнэдэг, сонгуулийн дүнг намууд зөвшилцдөг хууль байхгүй. Өөрсдөө гацаа хийчихээд зөвшилцөл нэртэй зөвлөл хийж байна. Энэ улс сонгуулийн үр дүнг засах юм гэнэ, битгий мөрөөд. Намууд зөвшилцөөд өөрчилдөг юм бол УИХ-ын сонгууль явуулж яах юм. Сонгогдохоор явж байхдаа ямар зүйл амлаж гарч ирсэн, одоо тэр бүхнээ хий. Амлалтаа биелүүл, үүргээ ухамсарла. Төрийн ажил хуулийн дагуу явах ёстой.
Сонгуулийн үр дүнг шинээр сонгогдсон УИХ-ын гашүүд өөрсдөө зөвшөөрөхгүй байна гэдэг нь гутамшиг юм. Цаашдаа ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд эргэж харах зүйл байгаа. Ард түмний сонголтыг хүндэтгээч ээ гэж АН-аас УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд хандан хэлмээр байна гэлээ. СЕХ-ны дарга Б.Баттулга мэдээллийнхээ төгсгөлд АН-ыг Монголын Улстөрийн том хүчин том хүчин болохыг онцлоод гагцхүү өнөөдөр удирдлагад нь байгаа хүмүүс жижигдээд байгаа хэмээн тодотгов.
Түүнийг мэдээлэл хийсний дараагаар СЕХ-ны нарийн бичгийн дарга нэмэлт мэдээлэл хийлээ. Түүний ярьсан зүйл нэмэлт мэдээлэл гэхээсээ СЕХ-ны даргын ярьж байгаатай санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр, Б.Баттулга даргын ярьсан олон зүйл дээр миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. СЕХ-ны бүрэлдэхүүнийг гурван субъектээс дэвшүүлэн томилдог ч нэг нам давамгайлдаг. Сонгууль будлиантай явагдсан гэлээ. Тэд ийнхүү эсрэг, тэсрэг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-СЕХ-ны дарга Б.Баттулгаас байцаалт авсан гэсэн үнэн үү?
-Үндсэн хуулийн Цэц, цагдаа гээд намайг олон газар өгч байгаа юм билээ. Надад хийсэн хэрэг байхгүй. Би УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулахын төлөө хичээн зүтгэж, чармайн ажилласан. Нийт сонгогчдыг аль болох идэвхтэй оролцуулахын төлөө хэвлэл, мэдээллийн байгууллагынхан та бүхэнтэй хамтарч ажилласан. Үүний үр дүнд сонгууль амжилттай болсон.
Монголын нийт сонгогчдын 76.4 хувь нь сонгуульдаа оролцсон. Сонгуульд оролцсон сонгогчдын 98.6 хувь нь саналаа зөв илэрхийлсэн. Энэ бол хамгийн энгийн үр дүн. Харин 1.4 хувь нь саналын хуудсаа хүчингүй болгосон. Үүний бурууг бид хүлээнэ. Одоогоор хуулийн байгууллагаас намайг дуудаагүй байна. Дуудсан цагт нь би очно. Би сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар хаана ч очиж, үндсэн баримтаар нотлон ярихад бэлэн байна.
-Дорнодын УИХ-ын тойргийн хорооны маргааныг шийдвэрлэхэд цагдаагийн байгууллага нь оролцож байгаа гэсэн. Үнэн үү?
-Тэр үнэн. Хэд, хэдэн хэсгийн хорооны дүнг гаргахдаа алдаатай байна гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага нь шалгаж байгаа юм байна.
-АН-аас УИХ-ын дүнг Ерөнхийлөгчид айлтгахдаа СЕХ тогтоол гаргаагүй гээд байгаа. Яагаад тогтоол гаргаагүй юм бэ?
-Тойргийн хорооноос тогтоол гарган УИХ-ын сонгуулийн дүнг нэгтгэн ирүүлдэг. СЕХ энэ тогтоолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгана. Түүнээс бус СЕХ тойргийн хорооны гаргасан тогтоол дээр нэмж тогтоол гаргах шаардлагагүй.
-СЕХ яагаад долдугаар сарын 10-нд УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан юм бэ?
-Бид хуулийн дагуу л ажилласан. Ардын хувьсгалын баяр наадмын өмнө ард түмэн сонгуулийн урьдчилсан дүнг хүлээж байсан. Тиймээс долдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчид айлтгах гэсэн боловч Ерөнхийлөгчийн цаг зав болоогүй юм. Тиймээс бид энэ өдөр албан бичгээр явуулсан.
Дугаар 171 /2458/