428,8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах нь зүйтэй гэж үзэв

Булган, Дорнод аймагт болсон гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг хэрхэн арилгах зэрэг асуудлын хэлэлцжээ.

Энэ оны тавдугаар сарын 8-нд анх Улаанбаатар хотод бүртгэгдсэн гар, хөл, амны өвчнөөр өвчилсөн хүний тоо хамгийн сүүлийн мэдээгээр 2985 болсон байна. Үүний 1391 нь Улаанбаатар хотод, 1594 нь аймгуудад бүртгэгджээ. Гар, хөл, амны өвчнөөр эрүүл ахуйн маш муу нөхцөлд амьдарч байгаа, мөн бие засах газар, бохирын цооногийн ойр орчимд суурьшсан, амьдралын боломж муутай айл өрхийн хүүхдүүд илүү өвдөж байгаа гэнэ.

Тиймээс хур бороо элбэгтэй энэ үед үер, борооны ус зайлуулах суваг, хоолой бий болгох, нойтон хөрсийг хатаах, халдваргүйжүүлэх, гудамж, зам, талбайд тогтмол ус, шалбааг үүсгэхгүй байх, ийм газарт хүүхдүүдээ тоглуулахгүй байх зөвлөмжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх зэрэг арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Харин сүүлийн үед нийт зургаан аймгийн 10 сумын 79 цэгт хуримтлагдсан 29.166 шоо метр буюу 43.749 тонн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 24.495 метр квадрат талбайн хөрсийг хуулж саармагжуулалт хийж байгаа аж. Иргэдийн rap дээр байсан шламаас мөнгөн ус, алтыг нь ялгаж иргэдэд өгөх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Хэдийгээр холбогдох байгууллагууд нь ажлаа шуурхайлж байгаа ч ухсан нүх, жалганд нуусан их хэмжээний шлам нэмж илэрсээр байгаа гэнэ.

Гар аргаар алт олборлож байгаа иргэдийг ажлын байртай болгох явц удаашралтай байгаад НХХЯ анхаарахыг Онцгой комиссын гишүүд сануулав. Энэ сарын 25-ны өдөр Булган аймгийн төвд 15-48 метр секундын хүчтэй шуурч, аймгийн төвөөс гадна Баяннуур сумын төв, Сэлэнгэ, Орхон сумын зарим хэсэг энэхүү гамшигт өртсөн билээ. Аюулт үзэгдлийн улмаас 18 хүн гэмтэж бэртэн эмчлүүлж байгаа аж.

Салхины улмаас цахилгаан, шугам, сүлжээний дэд станцад гэмтэл гарч гэрэл, холбоо, шилэн кабелийн шон олноор унасныг засварлаж байгаа юм байна. Улсын болон аж ахуйн нэгжийн 32 барилга, иргэдийн 367 байшингийн дээвэр хуурч, 62 гэр нурж хэмхрэн 874 хашаа унажээ. Үүний улмаас Булган аймгийн хэмжээнд нийт 660 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж тооцоолж байгаа юм байна.

Улсын Онцгой комиссын хурлаар үүнийг хэлэлцэн 428,8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах, үлдэх 198,9 сая төгрөгийг нэр бүхий найман сайдын төсвийн багцаас гаргах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.

Т.Золзаяа

Дугаар 171 /2458/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button