Вирус ба бактерийн ялгаа

Гэтэл бид бараг өдөр болгон шахуу сонсч байдаг атлаа бактери буюу нян ба вирус зэрэг бичил амьд биетүүд нь хоорондоо ямар ялгаатай байдаг талаар мэддэггүй. Мэдэх шаардлага байгаа юм уу гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Вирусээр үүссэн өвчнийг нян буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй эмээр мянга эмчлээд эдгэрдэггүй гэхээр энэ талаар мэдэхэд илүүдэхгүй нь ойлгомжтой.

Юуны өмнө микроб гэдэг үгний талаар тайлбарлах хэрэгтэй байх. Микроб гэдэг нь энгийн нүдээр олж харах боломжгүй бичил амьд биетүүдийн ерөнхийлсэн нэр юм.

Бүтэц

Бактери. Бактери буюу нян нь эрчим хүч ялгаруулах, амьдрах, үржихэд шаардлагатай бүх зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Гэхдээ жирийн эсээс ялгаатай нь гэвэл цөм гэж байдаггүй бөгөөд цөмөнд агуулагдах ёстой генийн материал нь эсийн доторх шингэнд нь агуулагдаж байдаг.

Вирус

Вирус нь амьд ба амьгүй байгалийн зааг дээр оршиж байдаг амьдралын хамгийн бүдүүлэг хэлбэр юм. Вирус нь уургийн бүрхүүлээр бүрхэгдсэн ДНХ, эсвэл РНХ гэсэн генийн материалаас л тогтож байдаг.

Амьдрах онцлог

Вирусийн биет нь бие даан үржих чадваргүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь тээж яваа эзэн биеийн махбодийн эсийн тусламжтайгаар л үржиж чадна. Цаашилбал дан ганц генийн материалаас бүрдэж байдаг болохоор бодисын солилцоо байхгүй. Хоол унд иднэ гэсэн ойлголт байдаггүй.

Үржихдээ эхлээд вирусын биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргуйд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эс дээр очиж наалдаад байдаггүй өөрийн онцлогоос хамаараад зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээлэхэд, томууны вирус нь ялангуяа мөгөөрсөн хоолойн салтс бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг.

Ингээд эсийн гадаргуйд бэхлэгдэснийхээ дараа нь өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусын ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчилнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусын уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан угсрагдсан шинэ вирусууд нь эзэн эсийг үхэж задрахад нь цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг.

Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол Томуу, хомхой, ДОХ, улаан бурхан буюу корь, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, цусархаг халуурал, тархины хачигт үрэвсэл, гепатит.

Бактери

Бактериуд нь дийлэнх тохиолдолд хуваагдах замаар бие даан үржих чадвартай байдаг бөгөөд өөрийн гэсэн бодисын солилцоотой байдаг. Бактери буюу нян нь эзэн эсийг зөвхөн хооллож ундлах, амьдарч, үржих таатай орчин болгож ашигладаг. Ингэхдээ нянгууд нь эс, эдийг өөрийн ферментээр нураахын сацуу амьдралынхаа явцад ялгардаг бүтээгдэхүүн буюу хортой ялгадсуудаараа хүний бие махбодийг хордуулж байдаг. Ингэснээр өвчин үүснэ.

Бактерийн гаралтай хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол хижиг, гэдэсний ихэнх халдварууд, тарваган тахал, зэрэг халдварт өвчнүүд.

Гэхдээ бактериудыг бүгдийг нь өвчин үүсгэгч, шимэгч гэвэл буруу. Хүний бие махбодийг эрүүл, хэвийн байхад зайлшгүй шаардлагатай бактериуд гэж байдаг. Эдгээр бактериуд нь гэдсэнд амьдардаг бөгөөд хоол боловсруулах, амин дэм ялгаруулах, гэдэсний халдвараас сэргийлэх зэрэгт чухал зүйлст шууд оролцож байдаг. Арьс, амны хөндий, үтрээ зэрэгт байдаг бактериуд нь өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг дарангуйлах үүрэгтэй.

Ийм ч болохоор антибиотик хэт их хэрэглэх үед хүнд сайн нөлөөтэй бактериуд нь мөхснөөр дисбактериоз г.м. эмгэг үүсдэг.

Мөн уушигны хатгаа, менингит зэрэг зарим өвчин нь вирусын ч бактерийн ч тэр гаралтай байж болдог. Иймд өвчин үүсгэгчийг нь тодорхойлсны дараа л эмчилгээг нь тодорхойлдог. Энэ мэт вирус ба нян хоорондын бүтэц, амьдрах онцлогийн талаар сайн мэддэггүй хүмүүс нь хэд хэдэн түгээмэл төөрөгдөлд автаж, өөртөө төдийгүй өрөөл бусдад хор болох нь цөөнгүй.

Дугаар 147/466/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button