Хаана толгой хоргодох вэ
Элсэлтийн шалгалт, бүртгэл гэж мунгинасаар байтал хичээл орох болчихсон байх юм. Саяхан болсон үймээн самуунаас болж сургуулиудын элсэлтийн шалгалт хойшилж оюутнуудад баахан төвөг удчихлаа. Амарсан ч юмгүй нэг л эцсэн мал шиг л хүүхдүүд хичээлийн шинэ жилээ угтах нь дээ. Зарим нэг хөдөөний оюутнууд гэртээ харьсан болоод л буцаж ирж байна. Хичээлийн шинэ жил эхлэх арай болоогүй байхад яагаад хөдөөний оюутнууд бужигначихав гэж зарим хүмүүс гайхаж байгаа байлгүй.
Учир нь, тэдэнд сурах сургуулиас гадна толгой хоргодох байртай болох нь юу юунаас чухал болоод байгаа. Гэтэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг их дээд сургуулиудын хэд нь өөрийн гэсэн дотуур байртай билээ.
Оюутнууд санаа амар амарч чадна гэж үү. Дотуур байртай сургуулиуд нь өөрсдийн оюутнуудаа ч багтааж шингээж чадахаа больсон. Мөнгөтэй нэг нь л ар өврийн хаалга хэрэглэж байж орох орон оочих аягатай болдог. Гэтэл дотуур байргүй сургуульд элссэн оюутнууд хаачих билээ. Хаана толгой хоргодох вэ. Манай улсад төрийн өмчийн болон хувийн их дээд сургуулиудын өмчлөлд 69 дотуур байр харьяалагддаг. Эдгээр дотуур байр нь жилд дунджаар 23 мянган оюутан л хүлээн авах чадалтаи юм билээ. Хотод байдаг 35 дотуур байр нь нийт 14700 орчим оюутан амьдрах ёстой. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 40 оюутны байр үйл ажиллагаагаа явуулж өрдөө 14 мянган оюутныг л авсан.
Тиймээс бусад оюутнаа бодоод дотуур байрны нэг өрөөнд таван хүүхэд байлгахыг зөвшөөрсөн билээ. Нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талаар маш их хэл ам дагуулсан гэдгийг оюутнууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Уг нь, өмнөх Засгийн газар оюутны дотуур байрны талаар идэвхтэй ярьж байсан ч ажил болгож чадаагүй. Тэр бүү хэл 2000 оюутны байр барина гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан байсныг хүмүүс тод санаж байгаа байлгүй. Мөн 1000 оюутны байр барина гээд Засгийн газраас бонд хүртэл гаргаж байсныг санаж байна. 2,4 тэрбум төгрөгийн бонд гээд бодохоор бага мөнгө биш байгаа биз. Гэтэл бонд гаргачихаад өнөөх 1000 оюутны байр нь баригдахаа больсон. Хэрвээ уг байрыг компаниуд аваад барьсан бол өнгөрсөн жилд баригдаж дуусаад өнөөдөр оюутнаа авах бэлтгэлээ базааж байх байсан даа. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа дотуур байрууд 1950 онд ашиглалтад орж байсан гэсэн шалтгаар ашиглалтын хугацаа нь хэтэрчихсэн юм билээ.
Хэт их ачаалалтай ажилладаг болохоор тэр бүр чанартай урсгал засвар хийж чаддаггүй. 300 оюутан шингээдэг МУИС-ийн нэгдүгээр дотуур байр энэ жил их засвар хийж байгаа болохоор нэг ч хүүхэд авахгүй гэдгээ мэдэгдсән. Харин бусад дотуур байрны засвар ерөнхийдөө хэвийн явагдаж байгаа аж. Тиймээс хүүхдүүдээ хугацаанд нь бүртгэж оруулахад бэлэн гэнэ. Гэхдээ дотуур байрны бас нэг бэрхшээл бий. Юу гэхээр оюутнууд амраад явсан хойгуур зарим өрөөнүүдээ айлуудад хөлслүүлчихдэг. Нөгөө айлаа гаргах гэхээр очих газаргүй гээд түмэн зовлон тоочиж хоног хугацаа алдана. Тэгж байж арай ядан хийсэн засвар нь нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэгч болно. Үйл ажиллагаагаа эхлэнгүүт л будаг шунх нь эхнээсээ хуурчихна гээч. Зарим нэг дотуур байр хичээл эхэлж байхад засвараа ч дуусгаагүй байдаг.
Ямартай ч иймэрхүү зүйл дахин давтагдахгүй гэж найдъя. Бас нэг толгой өвтгөсөн асуудал бол төлбөр. Жил ирэх тусам л сургалтын болон дотуур байрны төлбөр нэмэгддэг бичигдээгүй хуультай. Энэ жил ч мөн адил нэмэгдэх нь гарцаагүй.Өнгөрсөн жилд хамгийн үнэтэй нь Санхүү эдийн засгийн сургуулийн дотуур байр байсан. МУИС, МУБИС өөрийнхөө сургуулийн оюутныг 160 мянгаар, гадны сургуулийн оюутанг 220 мянгаар оруулж байсан билээ.
Гэхдээ энэ жилийн төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байгаа ч зарим нэг оюутны дотуур байрны жижүүрээс лавлахад нарийвчилсан тооцоо гараагүй байна. 50-80 мянгын хооронд л нэмэгдэх байх гэсэн хариултыг өгч байсан юм. Тэгэхээр энэ жилийн төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй дээ, оюутнууд минь.
дугаар 147/466/