Коминтерн
АХ нар өөрсдийн дуулгавартай төлөөлөгчөө төрийн тэргүүнээр тавиад зогсохгүй дэргэд нь хянах зорилгоор өөрийн улсаас эхнэр авахуулсан тохиолдол социалист лагерийн хүрээнд хэдэн удаа гарсан байдаг. Хэдийгээр оросууд бидэнд хөгжлийн ихээхэн боломж нээсэн боловч биднээс дор хөгжилтэй байсан орнууд соц бус замаар хөгжиж өндөр хөгжилд хүрчээ. 1990 оноос өмнө МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын эхнэр Цэдэнбал Филатова Улстөрийн товчооны хурал дээр уураа гаргаж байсан гэдэг.
Бүхэл бүтэн улс орны эрх баригчдыг гадны нэгэн эмэгтэй ингэж байсан тохиолдол өөр гарч байсангүй. Гэхдээ энэ бүхний үндсийг зөвхөн Цэдэнбал дарга эхнэртэйгээ тавьсан гэвэл үнэнд үл нийцнэ. Анх Ардын нам байгуулагдаад Оросын большевикуудын нам эрх барьж байгаа Лениний Засгийн газраас тусламж хүссэн гэдэг. Соц реалист утга зохиолд Сүхбаатар нар сохорчихсон мэт ард түмнээ аль замаар авч явахыг асуусан дүрслэл, ёгтлол нь мэдэгдэхгүй зураг байдаг. Уг нь тэд Оросоос дүрвэсэн цагаан цэрэг, Хятадаас түрэмгийлэн орж ирсэн Хятадын цэргийг хөөхөд тусламж үзүүлэх хүсэлт тавьж.
Гэтэл нөгөө Орос орондоо ч ноёрхлоо тогтоож чадаагүй нөгөөдүүл нь хөрөнгөтний бус ажилчин тариачингаар төр бариулах тухай урьд үзэх нь бүү хэл сонсч байгаагүй төрийн тогтолцоо санал болгож. Зэвсэг л авч байвал юуг ч хүлээн зөвшөөрөхөд байсан Ардын намынхан тэр дор нь зөвшөөрсөн дүр үзүүлээд Монголд хувьсгал хийсэн гэдэг. Харин ялсны дараа зах зээлийн эдийн засагтай Монгол орныг төвлөрсөн төлөвлөгөөт урьд хэн ч хэрэгжүүлж үзээгүй замаар замнахыг тухайн үед нам, төрийн тэргүүний эгнээд байсан олон сэхээтэн эсэргүүцэв. Энэ бүхнийг анхааралтай ажиглаж байсан большевикууд тэдний дунд өөрийн төлөөлөгчөө оруулж ажиллуулав.
Мэдээж ингэж оруулахын тулд шалтаг хэрэгтэй. Оросын коммунистуудаас өөр хэн ч тоодоггүй коминтерн буюу коммунист интернацианаль гэсэн байгууллага байгуулж түүний гишүүнээр Ардын намыг бүртгэж авав. 1945 он хүртэл энэ байгууллагад Орос Монголоос өөр ямар ч орон байгаагүй. Харин зарим улсыг төлөөлөн тухайн орны эрүүгийн гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгчид, хар тамхичид байжээ. Оросууд өөрийн төлөөлөгчөө шууд Монголын удирдлагад оруулах нь зохисгүй тул хоёулхнаа байгуулсан холбоогоо олон улсын хэмээн нэрлэж гишүүн улс бүртээ төлөөлөгч суулгах шийдвэр гаргажээ. Бас коминтернийн төлөөлөгчийн шийдвэрийг гишүүн улс үг дуугүй мөрдөх ёстойг ч мартсангүй дүрэмдээ оруулав. Хэдийгээр гаднаас харахад олон улсьш байгууллага мэт харагдавч үнэн чанартаа большевикуудын бодлого хэрэгжүүлэгч байгууллага болов
. Энэ байгууллагын төлөөлөгч Монголд ирснээр монголчууд бүх шатандаа хоёр хуваагдан Монголын төлөө, Монголын төлөө биш гэдэг нэр зүүж эхэлжээ. Мэдээж Оросын талыг баримтлагчид Монголын төлөө тал болж таарна. Харин Монголын төлөө бишүүд нь шоронд, цаазанд. Монгол орныг зах зээлээс салгах ярга 1960 он хүртэл үргэлжилжээ. Энэ бүхнийг гүйцэтгэхийн тулд Монгол орон хэдэн арван мянган бичиг үсэгтнүүдээ буудан хороож, хэдэн зуун сүм хийдийг галдан шатаажээ. Энэ бүх монгол бус араншин коминтернийн төлөөлөгчийн гараар хийгдэж байсан гэдэг.
Харин өнөөдөр Монголд болсон үймээнийг Орос улс дүгнэлт хийж АН буруушааж байгаа бол саяхан айлчлал хийсэн Соц Интернийн Ерөнхий нарийн бичиг гэх чили эр эрх баригчдыг баахан хөөргөж байгаад явсан гэнэ. Яг анх 1921, коминтернийн төлөөлөгч Э. Речиношиг. Монголчуудыг хагалах сонирхол өнөөдөр олон хүний ихээхэн сонирхлыг татаж байна. Гай болсон газрын баялаг харь гарагийнхнаас бусдыг Монгол руу татаж тэдэн дотор хэн нь үл мэдэгдэх, юу ч хийхээс буцахгүй амьтад байгаа гэдэгтэй маргах хүн ховор биз. Гадны хэн нэгэн турхирчихаад нөгөө нэг хөөргөж явах боломж бий. Социнтернийн Ерөнхий нарийн бичгийн дарга Аяалагийн аяглалаас харвал социалист нүүрээ угаавал коммунист харагддаг гэдэг үг ортой бололтой.
Х.Баттөгс
Дугаар 171 /2458/