Цэвэр усны эх үүсвэр дээр гольфийн талбай барихаар хөрс хуулжээ
урьд талд буюу Баянзүрх уулын ар хормойд Халиурын булан гэдэг үзэсгэлэнтэй газар байдаг. Зуны цагт өвс ногоо халиурч байдаг учраас ийн нэрлэсэн гэдэг.
Уг газарт БНСУ-ын хөрөнгө оруулалттай Туулривер контри сайд компани Спорт-аялал, амралт-жуулчлалын цогцолбор бааз төсөл хэрэгжүүлэхээр одоогоос хоёр жилийн өмнө 50 га газар өмчлөн авчээ. Баянзүрх дүүргийн засаг дарга Э.Мөнх-Очир 2007 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 130 тоот шийдвэрээр газрын зөвшөөрөл олгожээ. Ингэхдээ Газрын тухай хууль-ийг зөрчиж, ундны эх үүсвэр дээр газар олгож буйг албаны хүмүүс анзаараагүй аж.
Хуулсан хөрснөөс ус ундрах нь байгаль ээж уйлж байгаа мэт
Халиурын буланг зорилоо. Гачууртын замаар уруудан Туул голын хөвөөнд очиход өвс халиуран байлаа. Голын цаад талд бидний очих газар бий. Гол гараад нэг км орчим явахад багагүй газрын хөрсийг хуулжээ. Мойл унжсан модод, өвс халиурсан дэнжийн дунд шороо бужигнасан хэсэг газрын ойролцоо хоёр гэр, дөрвөн бульдозор машин байлаа. Энэ нь Туулривер контри сайд компанийн ажилчдынх аж. Тэд ажлаа зогсоосон байлаа. Учир нь биднээс өмнөхөн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Гантулга, усны чиглэлийн мэргэжилтнүүдтэй ирж үйл ажиллагааг нь түр зогсоосон аж. Харин компанийн ажилчдын ойролцоо нутгийн иргэд майхан барьжээ. 50 шахам хүн модны сүүдэрт сууцгаана.
Тэд Туулривер контри сайд компанийнхныг үйл ажиллагаагаа зогсоож, дахин хөрс хуулахгүй гэсэн баталгаа гаргаж өгтөл суултаа үргэлжүүлэх гэнэ. Тэдэнтэй дөрвөн сартай хүүгээ тэвэрсэн эх хамт сууж байлаа. Б.Отгоо Би энэ хүүгийнхээ ирээдүйг сүйтгүүлэхгүйн төлөө Туулривер контри сайд компанийн хийж байгаа ажлыг эсэргүүцэж байна. Нийслэлд ийм байгальтай газар цөөхөн үлдсэн. Хэрвээ үүнийг сүйтгэх юм бол хүү маань, тэдний үеийнхэн цэвэр ус ууж чадахгүйд хүрнэ. Мөн багаасаа хайрлаж ирсэн үзэсгэлэнт газар маань гадаадынхны мэдэлд очиж байна шүү дээ гэж байсан. Туул голоо аврах үндэсний хөдөлгөө-ний гишүүд нутгийн иргэдтэй хамтран тэмцэж байгаа гэнэ. Тус хөдөлгөөний тэргүүн Ц.Туяацэцэгийн ярьснаар байгалиа хамгаалахаар тэмцэж буй иргэд наймдугаар сарын 8-нд цуглаж албаны хүмүүстэй уулзах аж. Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Р.Дамдиндоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Туулривер контри сайд компанийнхан хэзээ газрын хөрсийг хуулсан бэ. Энд спортын цогцолбор барих тухайгаа нутгийн иргэдэд мэдээлсэн үү?
-Бид юу ч мэдээгүй. Долдугаар сарын 3-ны өглөө гэнэт баахан машин хүрээд ирсэн.
Тэгээд гэр орноо бариад маргааш нь хоёр том бульдозар машин хөрс хуулаад эхэлсэн юм. Газраа сийчүүлэхгүй гэсэн 100 гаруй хүн цуглаж, эсэргүүцээд дийлээгүй. Ажилчдаасаа гадна хамгаалагч болов уу гэмээр залуучуудыг авчраад биднийг ойртуулдаггүй. Тэр том машинууд нь моддыг булга татаж хаяад л. Зүгээр сууж байгаад тоглож өссөн Халиурын булангаа орвонгоор нь эргүүлж байгааг харж чадахгүй. Нутгийн иргэд хуулж байгаа хөрсний дэргэд гэр барьж өдөржин суудаг болсон. Гэтэл бидний гэрийг эвдчихсэн юм. Арга ядаад бульдозарынх нь шилийг хүртэл хагаллаа. Гэтэл нэмээд хоёр бульдозер аваад ирсэн. Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ)-т мэдэгдсэний дагуу шалгалт хийж долдугаар сарын 19-өөс ажил нь түр зогссон. Гэтэл өнгөрсөн сарын 29-өөс дахиад л ажиллаад эхэлсэн. Биднийг энд манаад, чулуу мод шидээд байхаар бараг хөрс хуулахгүй. Холдонгуут хүнд машинаа дуугарган мод булга татаад, шороо бужигнуулаад эхэлдэг юм.
-Хэдий хэмжээний газрын хөрс хуулсан юм бол?
-Түрүүхэн Байгаль орчны яамны мэргэжилтнүүд ирээд хэмжээд явлаа. Нийтдээ долоон га газрын хөрс хуулсан байна лээ. Энэ газар цэвэр усны эх үүсвэр учраас хөрсийг нь хуулахаар дороос нь ус ундраад байдаг юм байна. Тэр нь байгаль ээж гомдоод уйлж байгаа юм шиг санагдаад хэцүү юм аа. Энд мойл үрэл, долоогоно, юмдүүжин гэх мэт эмчилгээний болон ховор ургамал ч ургадаг.
-Энэ газарт Гольфийн олон улсын стандартад нийцсэн цогцолбор байгуулах юм биш үү?
-Компанийн зарим удирдлагууд Та нар битгий бидний ажлыг эсэргүүцээч. Бид ирээдүйд та нарыг компанидаа ажилд авах боломжтой гэх мэтээр ятгадаг гэсэн. Гэхдээ эндээс өөр газарт цогцолбор байгуулж болно биз дээ. Ийм сайхан байгалийг хүн босгож чадахгүй ш дээ.
-Та нарын суулт зарлаж байгаа газарт маш олон автомашин байна. Голоор машин гарч болж байгаа юм уу?
-Гол ус ихтэй. Жижиг машин гарахгүй. Харин энэ компанийнхан Баянзүрхийн гүүрээр гараад наашаа ирэхдээ уул сэтэлж зам гаргасан байна лээ. Түүгээр ч зогсохгүй Туул голын нэг салааг шороогоор боож хаасан. Үүгээрээ нааш, цааш чөлөөтэй явж байгаа.
-Одоо тэгээд та нар энэ газрыг манаад л суугаад байх уу?
-Байгаль орчны яамныхан ирэхэд компанийн удирдлагууд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсооно гэж байна лээ. Гэхдээ шөнө оройгоор ажиллаад байдаг юм. Төр засгаас шийдвэр гаргаж, байгалийг сүйтгэхээ болиултал бид суултаа үргэлжлүүлнэ. Өнөөдрөөс энд хоноцгооно. Бидэнтэй хамт тэмцэхээр Эгэл борчуудын засаглал төрийн бус байгууллагын тэргүүн Л.Амарбаясгалан ирсэн байгаа гэв.
Гэхдээ нэгэнт хуулсан хөрс байгалийн жамаараа эргэн сэргэдэггүй гэсэн. Харин техникийн аргаар өвс ургуулж болох байх.
УМХГ-ын байцаагч үйл ажиллагааг нь цуцлаад хэсэг хугацааны дараа сэргээжээ
Иргэдийн мэдээллийн дагуу УМХГ-ын байцаагч Б.Оюунчимэг Туулривер контри сайд компанийн үйл ажиллагааг шалгажээ. Ингээд долдугаар сарын 16-ний өдөр үйл ажиллагааг нь зогсоох тухай акт гаргасан байна. Актад Газрын байдлаас харахад Усны тухай хууль, Газрын хууль-ийг зөрчсөн учир бүрэн эрхийнхээ хувьд үйл ажиллагааг нь зогсоож байна гэжээ. Гэтэл долдугаар сарын 28-нд мөн байцаагч тус компанийн эрхийг дахин сэргээсэн баримт байна. Үүнд Тус байгууллага нь газар эзэмших гэрчилгээтэй, байгаль орчны үнэлгээтэй, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа учир үйл ажиллагааг нь сэргээх нь зөв гэж үзлээ гэсэн байна.
Хөрс хуулснаар усны бохирдол үүссэн байх талтай гэв
Туулривер контри сайд компанийн спортын цогцолбор барих гэж байгаа газрын талаар Усны хэрэг эрхлэх газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга Я.Цэдэнбалжираас тодруулахад Халиурын тохой нь цэвэр усны нөөцийн талбайн дээд хэсэг байгаа юм. Тэр утгаараа нийслэлийн онцгой объектод хамрагддаг. Усны тухай хуульд зааснаар тухайн газарт аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Цэвэр усны цогцолбор байгуулах газарт аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулснаар нийслэлчүүдийн ундны ус шууд бохирдоно. Мөн усны нөөц багасна. Одоо хуулсан хөрс ч ундны ус бохирдуулсан байх магадлалтай. Иймээс үйл ажиллагааг нь яаралтай болиулах нь зөв гэв.
Харин Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга Бид тухайн газарт очиж танилцаад, бүрэн хяналтдаа авлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төлөвлөгөөг нь гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг дарга зөвшөөрлийг нь өгсөн учраас Туулривер контри сайд компанид буруу тохох боломжгүй. Яамнаас ажлын хэсэг гаргаж байгаль орчны үнэлгээг хийлгэх болно. Үүнийхээ дараа нийслэлийн онцгой объектод газар эзэмших зөвшөөрөл өгснийг нь цуцлуулах хүсэлт гаргана. Уг бүсэд барилга байгууламж барих, мод огтлох, газар хагалах зэргийг хориглосон усны тухай хууль ч байгаа. Ийм учраас манай яамны зүгээс зөвшөөрөл олгосон шийдвэрээ эргэж харахыг хүссэн хүсэлтээ УМХГ-т хүргүүлсэн. Мөн байгаль орчны үнэлгээ хийсэн Эко-Натур компанийн үнэлгээг хянахыг зөвлөсөн. Бид эрхийг нь цуцлах эрхгүй шүү дээ. Ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн юм.
Нийслэлийн онцгой объект гэдгийг хэлсэн бол барилгын ажил эхлэхгүй байсан
Туулривер контри сайд компанийн дэд захирал Д.Нармандахаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компани ямар учраас нийслэлийн онцгой объектод цогцолбор барихаар болов?
-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор спортын цогцолбор байгуулах төсөл боловсруулсан юм. Үүний дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энд барих төлөвлөгөө гаргаж өгсөн. Гэхдээ бид ч бас тэр газрыг санал болгосон л доо. Цэвэр усны эх үүсвэр, нийслэлийн онцгой объект, тусгай хамгаалалттай газар гэдгийг хэлээгүй. Түүнийг мэдсэн бол энд барилгын ажил эхлүүлэхгүй байсан.
Бидний барих спортын цогцолбор бол олон улсын түвшнийх. Германы алдартай гольфийн талбай голын эрэгт л байдаг шүү дээ. Цогцолбор байгуулсны дараа монголд ирэх жуулчдын тоо өснө. Байгуулсных нь дарааг яагаад төсөөлөхгүй байгаа юм бэ?
-Одоо үйл ажиллагаагаа зогсоосон уу?
-Долдугаар сарын 3-аас ажлаа эхлүүлсэн. УМХГ түр хугацаагаар зогсоогоод, сэргээсэн. Өнөөдөр Байгаль орчны яамныхан ирлээ. Тэд байгаль орчны үнэлгээ хийлгэнэ гэсэн. Хариу нь гартал үйл ажиллагаагаа зогсоолоо.
-Өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Ойролцоогоор гурван сая ам.доллар зарцуулаад байна гэв.
Б.Цэцэгдэлгэр
дугаар 185/