Тархины даралт гэдэг өвчин байдаггүй

Ийнхүү элбэгших болсон тархины даралт эмчлэгддэггүй өвчин мөн үү, эдгэх болов уу гэх зэрэг асуултад Алтболд эмнэлгийн эмч Д.Өлзийбаяр эмч хариулж байна.

-Гэр бүлийн аз жаргалын эх булаг нь эрүүл мэнд. Энэ эрхэм чухал эх булгийн талаар Та мэдрэлийн эмчийн хувьд хамгийн түрүүнд юу зөвлөх вэ?

– Аливаа айл гэр бүл янз бүрийн насны гишүүдтэй. Томчууд даралт ихсэх, цус харвах, ууц нуруу хөшиж өвдөх гээд элдэв өвчин тоочдог. Хамгийн түрүүнд тухайн гэр бүлд мэндэлсэн шинэ хүний эрүүл мэндийн асуудал гол нь юм. Сүүлийн үед төрсөн нярай хүүхдүүд орилдог чарладаг, унтдаггүй, шилээ шөргөөдөг гэх мэт зовиур ихтэй төрж байна. Yүнийг захын эцэг эхчүүд хүртэл ердөө л тархины даралт гээд өөрсдөө оношилдог. Тэгээд эм тариа хийлгэж, эмгэд хөгшдөд хүртэл очиж бариулдаг. Эмч нар хүртэл тархины даралттай байна гэж эцэг, эхэд ойлгуулдаг. Yнэхээр ийм өвчин байдаг юм уу. Байвал цаашдаа яадаг юм бол. Өсөөд зүгээр болох уу. Цаашдаа сэтгэл шаналгасан асуудал хэвээр үлддэг үү гэдгийг нухацтай эргэцүүлж үзсэн болов уу. Нялхаст эхийн эрүүл мэнд их нөлөөтэй.

Амьдралын ядуу зүдүү байдал, хүрээлэн байгаа орчин, стресс зэрэг нь урагт нөлөөлдөг. Нярай ч бай, насанд хүрсэн ч бай тархинд нь шингэн эргэлдэж байдаг. Нэгэнт шингэн байгаа болохоор өөрийн гэсэн даралттай. Яг цусны даралт шиг. Уйлдаг чарладаг, уйлдаггүй нярай бүрт адилхан тархины даралт гэж онош тавих нь төөрөгдөл юм. Бас хэрхэн төрснөөс хамаарчих юм шиг санадаг бололтой. Хүүхэд эхийн хэвлийгээс жам ёсны замаараа мэндлэв үү, мэс ажилбарын аргаар гарав уу гэдэг нь үүнд огт хамаагүй. Кесел хагалгаагаар төрсөн учраас тархины даралт байхгүй гэж мэтгэх аав, ээж ч бий. Иймээс мэргэжлийн эмчээр хүүхдийнхээ мэдрэлийн системийн байдалд үнэлгээ хийлгэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хүүхдийн тархины даралт гэдэг өвчин огт байдаггүй юм.

-Хүүхдийн мэдрэлийн системийн байдлын үнэлгээ гэдэг чинь санаанд тийм ч амархан буухааргүй сонсогдож байна?

-Нэгд, хүүхдийн өсөлт хөгжил ямар байна. Тухайн сар, настайдаа ийм байх ёстой юу. Хоёрт, толгойн тойргийн хэмжээ. Гуравт, зулайн хэмжээ, чинэрэлт лугшилтын байдал. Дөрөвт, дух, чамархайн судас өргөссөн эсэх. Тавд, уйлахдаа хошуу ам нь хөхрөх, цайх шинж тэмдэг байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Эдгээрийн үндсэн дээр эмч мэдрэлийн системийн байдалд үнэлгээ хийдэг. Ингээд онош тавьсны дараа эцэг, эхчүүд юунд анхаарах вэ гэвэл, хүүхдээ зөв хооллож, цэнгэг агаарт байлгаж, усанд сайн оруулж байх хэрэггэй. Цаг цагаар өсөн торниж байгаа организм учраас зовиур нь аяндаа алга болно. Түүнээс биш учиргүй их эм тариа, бариа засал үр дүн багатай. Манайхан зөв хооллож чаддаггүй, хатгаа авчихна гээд барагтай бол усанд оруулдаггүй нийтлэг дутагдал бий. Хүүхдийн өсөлт бойжилтын хуанли хөтөлж занших нь зайлшгүй ач холбогдолтой.

Харин толгой нь данхайх, зүүгээр хатгуулсан юм шиг гэнэт чарлах, уйлахдаа ээрэх, уруул ам нь хөхрөх тохиолдолд мэдрэлийн эмчид хандаж, эмчилгээний асуудлаа эртхэн шийдвэрлэх нь тустай.

Ялангуяа ойндоо хүрээгүй хүүхдэд илэрсэн дээрх шинж тэмдгүүдийг бүлэглэн хам шинжийн онош тавьж эмчилдэг. Мэдрэлийн системийн сэрэмтгий цочромтгой үед тайвшруулах, цусны ханын нэвчимтгий чанарыг бууруулах эм бэлдмэл хэрэглэнэ. Хөдөлгөөний хөгжил наснаасаа хоцорч толгойгоо даахгүй, сууж чадахгүй, явахгүй бол бодисын солилцоог сайжруулж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх эм бэлдмэл илүү ашигтай. Ухаан алдах, татах тохиолдолд таталтын эсрэг арай хүчтэй эм тариа хэрэглэхээс аргагүй. Түүнээс биш тархины даралт гэсэн нэг л ерөнхий том малгай өмсгөчихөөд эм тариагаар хооллоод байж хэрхэвч болохгүй шүү дээ.

-Сүүлийн үед хүмүүс дур зоргоороо элдвийн эм хэрэглэдэг болсон . Бас телевиз, компьютерийн ард хэтэрхий удаан сууснаас хүүхдүүдийн мэдрэлд илэрхий муугаар нөлөөлж байна?

– Залуу эцэг эхчүүд, эмээ өвөө ч ялгаагүй эрүүл хүүхдийн өсөлт бойжилтын тухай ном унших шаардлагатай. Тааж онош тавих, дураараа эм уух нь байж болшгүй зүйл. Ер нь хүчилтөрөгчийн дутагдлын улмаас тархины эд эсэд гэмтэл үүсдэг. Yүнээс үүдэн хөдөлгөөн ихтэй, анхаарал тогтворгүй, нойрондоо тонгочих, зүүдлэх зовиур элбэг тохиолддог. Яваандаа цэцэрлэг, сургуульд орохоороо анхаарал төвлөрүүлэхдээ тааруу, хоолонд дургүй, амархан ядрах, унаа машинд суухаараа бөөлжих гэх мэт ер нь л туниа муутай сул дорой хүүхэд болно. Ийм учраас давын өмнө аль болох агаар, усаар чийрэгжүүлж, зурагт, компьютер, гар утасны хэрэглээг хязгаарлавал зохино. Хурц наранд хэт шарахаас болгоомжил. Тэгэхгүй бол том болсон хойноо ч ачаалал даах чадваргүй, толгой нь байнга өвдөж эргэдэг, өвчин зовлон тоочсон нэгэн болж хувирдаг.

-Тархины даралт гэдэг өвчин байхгүй гэлээ. Тэгвэл бидний оношлоод байдаг энэ өвчин чинь юу вэ?

-Тархины даралт гээд байгаа эмгэг өөрчлөлтийн цаана хүчилтөрөгч дутагдаж, тархины цусны эргэлт өөрчлөгдөж, мэдрэлийн эд эсийн бодисын солилцоо хямарч байгаа юм. Гавлын дотоод даралт ихэсч, тархи их усжиж, ухаан алдаж, хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжил хоцрох өвчин байна. Ханиад хүрэх, болох болохгүй эм бэлдмэл хэрэглэх үед тархины зовиур ихэснэ.

Алслагдсан хүн амын дотор тархины даралт гэдэг өвчний талаар өрөөсгөл буруу ойлголт бий болсноос тархинд хий шахуулах эмчилгээг сонгодог, үүнийг хийж эмгэгээс салгадаг эрүүл мэндийн байгууллага, эмч өнөө хэр байгаад маш их харамсдаг. Тархинд хий шахах ажиллагаа өнгөрсөн зууны 20-40-өөд оны үед тархины компьютерийн томографийн шинжилгээнээс өмнө байсан бөгөөд одоо зөвхөн сурах бичигт түүх болон үлджээ.

-Ямар ч хүүхдийн эмчилгээ сувилгаанд чанд баримталбал зохих хатуу цээр гэж байдаг уу?

-Байлгүй яахав. Эмч болгон өөрийн философи, өөрийн арга барилтай. Манайх хүн ам цөөнтэй учраас аман яриа амархан тарж, хүчтэй сурталчилгаа болдог. Тийм ч эм сайн, тэр ч эмч сайн гэсний зоргоор хойноос нь хөөцөлддөг. Тэгж гараас гарт дамжсаар яваад нөгөө хүүхэд маань бараг туршилтын туулай болдог гэхэд хилсдэхгүй. Эцэст нь эцэг эхчүүд цөхрөнгөө барж эхэлдэг. Иймээс хүүхдийг нярайгаас нь эхлэн итгэж хүндэтгэдэг нэг эмчдээ үзүүлж, хяналтад байлгах хэрэгтэй. Тэр эмч ч хүүхдийнхээ биеийн байдлыг андахгүй.

Нөгөө талаар гурван нас хүртэл нь тарихаас зайлсхийх ёстой. Ялангуяа мэдрэл нь цочромтгой хүүхдийг тарихад бүр аймхай болно. Шаардлагагүй хатгалтаас болж хүүхэд өвчин авах нь амархан. Амьдрал дээр тархины даралт гэсэн огт байхгүй оношоор төөрөлдсөн хүмүүс хүүхдээ янз бүрийн витаминаар бөмбөгдөх нь энүүхэнд. Тэр ч байтугай өөрсдеө хийлгэж үзээгүй магнисульфатаар тарьж байгаа нь нэг ёсондоо харгис явдал.

Манай эмийн сангууд бага насны хүүхдэд зориулсан эм цөөн оруулж ирдэг. Уг нь дэлхийн стандартаар жимсний ч юм уу үнэр амттай, нунтаг, сироп маягийн бэлдмэл өгвөл зохистой. Эрүүл мэндийн салбарт эм бэлдмэлийн бизнес томоохон байр суурь эзэлдэг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт дөвийлгөсөн сурталчилгаанд хөтлөгдөж болохгүй. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэ. Тэгэхдээ энэ эмч миний хүүхдэд яагаад заавал ийм эм өгөх болов. Хоолны өмнө, эсвэл хойно нь уулгах уу. Гэхдээ ямар тунгаар, ямар сөрөг гаж нөлөөтэй вэ гэж учрыг нь олж авах нь чухал.

-Та дөнгөж сая нэг хүнд утсаар маш удаан зөвлөгөө өгчих шиг боллоо. Энэ эмчийн үүрэг үү, танай эмнэлгийн үйлчилгээ юм уу?

– Аль аль нь байх. Манайх утсаар өвчтөнд зөвлөгөө өгдөг. 1974 гэсэн дугаарт залгахад болно. Ажлын цагаар гэрээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч нартай.

Ж.МЯГМАРСYРЭН

дугаар 150

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button