Б.Батболд Дуу эзнээ хүлээдэг гэдэг үнэн юм билээ
-Та мэдээж СУИС-ийг төгссөн байх. Төрсөн нутаг ус хаана билээ?
-Миний бага нас Завхан аймгийн Ургамал суманд өнгөрсөн. Бусдын адил өссөн. Хонь хариулж, цагаахан дүрсгүйтэж, бас томоотой байж үзсэн. Хөрш зэргэлдээ Завханмандал суманд арван жилийн сургууль төгсөөд 1995 онд нийслэлд СУИС-ийн оюутан болсон. Ардын жүжигчин Н.Жамъянжав багшийн удирдлага доор зургаан жил суралцаж 2001 онд төгсөөд тэр намраа Төмөр замын дуу бүжгийн чуулгад дуучнаар орж өнөөг хүртэл ажиллаж уран бүтээлээ туурвиж явна.
-Аливаа зүйлд удам гэж бий. Аав ээж тань дуучин хүмүүс байв уу?
-Аав ээж хоёр аймгийн аварга дуучин байсан. Би эхээс есүүлээ. Ах, эгч дүү нар маань хэний ч өмнө гурван дуу аялна. Аав ээж минь дуучин байсныг нутгийн түмэн минь мэднээ. Аав маань насаараа сумын даргын жолооч хийсэн. Мэдээ орсон үеэсээ машинд нь сууж ойр зуур явахдаа аавынхаа дуулахыг сонсч бахархаж өссөн. Ардын жүжигчин Жаргалсайхан гуайг аав шүтнэ. Одоогийн хэллэгээр улаан фен нь байж. Манай гэрийн жаазанд Жаргалсайхан гуайн луун хээтэй магнаг торгон дээлтэй жишүүлдэсхийгээд суусан эрхэмсэг зураг байдагсан. Олон жил болсон доо. Тэр зургийг харах бүрийдээ аав минь Дуу дуулсан хэн бүхэн энэ хүн шиг л болох хэрэгтэй гэж санааширна. Зулай цагаан Алтай, Мичид шүргэх Алтай, Хөвсгөл далай гэх зэрэг өдгөө дуулагдсаар буй дуунуудыг янзтай дуулна. Аавын минь аялж асан тэр дуунууд одоо ч сэтгэлд зүрхэнд ойр байдаг.
-Хамгийн анх дуулсан дуу гэвэл?
-СУИС төгсөөд Төмөр замын дуу бүжгийн чуулгад очиход чуулгын хөгжмийн найруулагч, СТА С.Батмөнх гуай хэдэн сайхан дуу дуулуулсан. Адуун сүргийн манлай, Хадаа аварга, Үзэсгэлэнт хорго гээд үргэлжилнэ. 2004 онд аавынхаа дурсгалд зориулж Олонтой явсан аав дууг дуулсан. Аав ээжээс өвлөсөн авъяасаар дуучин болсон хүн шүү дээ. Аавдаа зориулж нэг байтугай нэг хэсэг дуун суварга босгоно гэж боддог. Аавын тухай шүлэг хайж, хүмүүсээс сураглаж цуглуулсан. Тэдний дундаас л Олонтой явсан аав дууг олсон доо. Удалгүй тэр жилдээ Морин хуур наадамд оролцож түрүүлсэн. Дууг минь монгол түмэн сонсох дуртай.
-Олонтой явсан аав дуу төрсөн түүх сонин юм шиг санагддаг. Клипт нь өөрөө тоглосон байсан?
-Дууны клипний зураг авалт Өвөрхангай аймгийн Тарагт, Хайрхандулаан сумын зааг Хайрхандулаан уулын өвөрт болсон. Сайхан зохиомжтой клип. Өөрөө оролцож тоглосон. Аравгар хээр дууны шүлэг, аяыг зохиосон МУГЖ Энхтайван, яруу найрагч Амартайван нар дууны клипийг Аравгар хээрийн нутагт хийхээр явж байхдаа Элсэн тасархай орчимд түр буудаллаж. Тэр үед яруу найрагчийн сэтгэлд Дэндүү олонтой аавыг минь, дээлтэй өвгөд нь дурсаад байна, дэнж бүрхсэн адуундаа, дэлтэй морьд нь үүрсээд байна гэсэн дөрвөн мөрт зурсхийн орж ирсэн гэдэг. Энхтайван ахад үзүүлсэнд дуу хийсгэж. Орой нь зочид буудалд үгийг нь гүйцээж аялгуу хийсэн. Улаанбаатарт ирсэн хойно дуучнаа нууцхан хайгаад байсан гэдэг. Тэр үед миний аз таарч дуулсан. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс аав, ээждээ зориулж суварга босгодог юм билээ. Миний хувьд аавдаа дуун суварга босгосон л гэж боддог. Дуугаа Ая дан студид бичлэгт оруулаад Морин хуур наадамд түрүүлж, хурдан ч түгсэн дээ.
-Сүүлийн үед зохиолын дуучид шүүмжлэлд өртөх болсон. Адилхан аялгуутай нэгэн хэвийн дуу дууллаа гэдэгтэй санал нийлэх үү?
-Хэцүү асуудал. Олон дуучин ар араасаа борооны дараахь мөөг шиг гарч байна. Сайн залуу дуучид гараад сайхан байлгүй яах вэ. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Хэмжээнээсээ хэтэрсэн зүйл утга учраа алддаг. Нэг чиг голдрилд оруулах учиртай. Хэн дуртай нь дуулаад клипжүүлээд байх нь зөв юм уу, буруу ч юм уу. Ямар ч дуучинд өөрийн өнгө аяс байх ёстой. Цэрэнчимэд, Адарсүрэн, Банзрагчийн дууг залуучууд дуулж байгаа. Хүн дууриах гэдэг том авъяас. Гэхдээ учиртай дууриах шаардлагатай. Өөрийнхөө зан ааш, сэтгэлгээ, дууны мөн чанарыг өвөрмөцөөр гаргах учиртай. Дуучны дуулсан дууг хэдэн жилийн дараа сонссон хүмүүс өө, тэр байна гэж сэтгэлд хоногштол үлдээх нь чухал. Нэг хөгжмийн зохиолчоос олон дуу аваад дараалуулан дуулах хэцүү. Хоорондоо адилхан нэг л аялгуутай болчихсон шиг санагд¬даг. Шинэ дууг нь дуулахаар хуучин дууных нь ая руу орчих гээд хэцүү шүү. Түүний нэгэн адил дуучид нэгийгээ өвчсөн мэт адилхан дуу хоолой, үйл хөдлөлтэй байх зохимжгүй.
-Шинэ уран бүтээлийн тухай асуухгүй өнгөрч болохгүй санагдаж байна?
-Би монгол эр хүн нэртэй хоёр дахь бие даасан цомог удахгүй гарна. Хөгжмийн найруулгыг арай өөрөөр хийнэ. Баян монгол жааз найрал хөгжимтэй хамтарсан. Удахгүй бэлэн болно. Цагаан сараас өмнө гаргах санаатай. Мөн Монгол бөхийн өргөөнд жааз найрал хөгжимтэй тоглолт, кино-концерт хийх гээд шил дараалсан их ажил бий. Ээж маань өнгөрсөн жил бурхан болсон. Дурсгалд нь дуун суварга босгохсон гэж бодоод л явна. УГЖ Чулуунхүүгийн аялгуу Шүтээн ээж гэж дуу бий. Мөн сайхан дууны шүлэг хайж л байна. Төмөр замын дуу бүжгийн чуулгадаа данстай. Завханы уран бүтээлчид хамтарч Очирваань уул холбоо байгуулсан. Ажил ихтэй. МУГЖ Галсантогтохын тоглолтыг зохион байгуулна. Дуурийн урлагт анхаарал хандуулж МУГЖ Ичинхорлоогийн нэрэмжит дуурийн дуучдын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж ивээн тэтгэж оролцоно. Эл холбоотой хамтарч ажиллаж байгаа.
-Дуучид ам барих зуршлаас өнөө хэр салж чадахгүй байх шиг. Өөрөө хэр ам барьдаг дуучин бэ?
-Би ам барьж чаддаггүй юм. Хэцүү эд. Шинэ оны эхэнд нийтийн дуучдын цугларалт болсон. Дуучид бүгд ам бариад телевизүүд бичлэг хийгээд л. Гэхдээ дуртай дуугаа сонсч хайртай дуучдаа харах гэсэн үзэгчдийг хуурах муухай шүү дээ. Хүндэлдэг дуучин нь өөрийг нь мэхэлж буйг мэдэхгүй үнэн сэтгэлээсээ алга ташаад баясаад өөдөөс нь харж суухыг харахаар өр зурагдах шиг л болдог. Үзэгчид цаг зав гаргаад мөнгөө төлөөд ирж байхад хуураад буцаах гэж үү. Өөрийнхөө хоолойгоор дуулах нь сэтгэлд сэвгүй байдаг юм. Дуучид ам барьсан хэвээр. Ам барьдаггүй дуучин цөөхөн.
-Дуу дуулах эзнээ хүлээдэг юм болов уу гэж хувьдaа боддог?
-Би монгол эр хүн дууны шүлгийг Баярсайхан, Энхтайван гэж хоёр хүн бичиж аялгууг Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан зохиосон. Сайхан үгтэй дуу. Энэ дууг дуулах саналыг УГЖ Батсүх ах тавьсан. Уг нь өөрөө анх дуулсан. Дараа нь Миний дүү дуул.чамд тохирох юм байна гэсэн. Би Цэвээн багш дээр очиж хэлэхэд зөвшөөрсөн. Харин үг зохиосон хүмүүс бичүүлээд ир, сонсоод үзье, болохгүй бол Батсүхээр дуулуулна шүү гээд. Би монгол эр хүнийг дуу, хөгжмөөр илэрхийлбэл иймэрхүү л байх болов уу гэж сэтгэлдээ төсөөлж дуулсан.
Би дэлхийд тааваар амьдрах, дээдэс заяат монгол эр хүн,
Би дээлээ бүслэн хөөрөг зөрүүлэх дээшээ хийморьтой
Монгол эр хүн дээ
Би морин дэл дээр дарцаглаж монголоо гэж цээжээ дэлдэх
Морьтон ардын удам залгах, уурга сунгах монгол эр хүн дээ,
Би талцдаггүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай монгол эр хүн дээ гэсэн сайхан үгтэй дуу. Энэ жилийн Морин хуур наадамд эл дуугаараа түрүүлнэ гэж бодож яваа. Дуу эзнээ хүлээдэг зүйл бий. Олон дуучин дуулаад түмэнд хүрээгүй хэрнээ нэг хүн ганц удаа дуулахад л олонд шинэ дуу мэт түгдэг. УГЖ Батсүх ахын Гоёлоо өмссөн, ээж дууг Завханы театрын олон дуучин дуулсан гэдэг. Бараг 20-иод жилийн өмнө зохиогдсон дуу. Тэгээд Батсүх ах дуулаад л олонд хүрсэн. Дуу эзнээ хүлээдэг гэхээс яах вэ.
-Хүүхэд байхдаа л тайзан дээр гарсан байх даа?
-Аймгийн төвд зохиогдсон хүүхдийн дууны уралдаанд оролцсон. Тэр том театрт анх орсон хүүхэд сүрдээд нэг их гэрэл гялбаж, өмнөөс олон хүн ширтээд. Өвдөг чичрээд, дуугаа арайхийн дуусгасан. Яаж дуулснаа мэдэхгүй. Харин мөнгөн медаль авахдаа гайгүй л дуулж дээ, хачин юм гэж бодсон шүү. Сүүлд Завханмандал сумын тайзан дээр нэг дуулаад хүүхэд насандаа оролцсон урлагийн наадам дууссан. СУИС-д байхдаа ч төдийлэн дуулдаггүй байсан. Сургууль төгсөөд Дуурийн театрт орлоо. Cap орчим хоорт дуулаад Төмөр замын дуу бүжгийн чуулгадаа шилжсэн. Ажил дээр гараад шахалтаар дуулж эхэлсэн дээ.
-СУИС-ийг төгссөн гэлээ. Сүүлийн үеийн нэрд гарсан дуучидтай нэг анги байв уу?
-СУИС-д 32-уулаа ороод 11-үүлээ үлдээд доод курсийнхэнтэйгээ хамт төгсдөг юм. Биднийг анх элсэхэд СУИС-иас чанар муутай дуучид төгсч байна гэсэн яриа гараад манай элсэлтээс эхэлж зургаан жил болгосон. Эхний хоёр жил бэлтгэлээр шалгаруулаад боломжтой гэснийг нь үндсэн курст оруулах байдлаар явлаа. Гэтэл дараагийн жилээс бэлтгэл нэг жил үндсэн дөрвөн жил болоод дүү нартайгаа хамт төгссөн. Манай ангийнхан мэргэжлээрээ очсон газартаа бусдыгаа ичээхгүй сайн яваа. МУГЖ У.Далантай, Дуурийн театрын гоцлол дуучин СТА Баттөр, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин СТА, Тэгчинжав, Ньюнс хамтлагийн Өнөрбаатар, Амараа, Классик жем-ийн ахлагч Энхтайван, Хөвсгөл аймгийн театрын гоцлол дуучин СТА Сэржмятав, Өвөрхангайн театрын уртын Дуучин Бадамханд, Булганы театрт Болормаа байна. Манай ангийнхан зургаан жил суралцсаных бусдаасаа арай өөр. Оюутан байхад ангийнхан энд тэнд очиж дуулаад давхар ажил хийнэ. Би нутаг явна гээд боддог байлаа.
Д.Дамдиндорж
Дугаар 06