АТГ-ынхны сонирхоогүй баримт юуг өгүүлэв?
АТГ баримтуудыг шалгаад, Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна. АТГ-ынханд сонирхолгүй санагдсан эдгээр баримтуудад чухам юун тухай өгүүлснийг нь сонирхож үзлээ. Глобал транс, Нарлаг Чойр, Алхана трейд, Ус-Ду, Чингисийн хар алт, Чойр зэрэг компани болон УБТЗ-ын Чойр өртөө, иргэн А.Оюун нарт газар эзэмших эрхийг ямар ч тендергүйгээр, бас аймгийнхаа ИТХ-ын зөвшөөрөлгүйгээр олгосон баримтууд байна. Өөрөөр хэлбэл, тэрээр өнгөрсөн 2008 онд буюу орон нутгийн сонгуулийн өмнөхөн олон компанид найр тавьж, дураараа дургисныг нь баримтаар нотолжээ. Сумын ИТХ, ИТХ-ын Тэргүүлэгчийн зөвшөөрлийг үндэслэн баталж, дуудлага худалдаагаар оруулж худалдах ёстой газар эзэмших эрхийг тэрээр зүгээр л хувиараа гэрээ байгуулаад компаниудад олгочихсон байх юм. Ингэхдээ ихэнх газрыг өөрийн эхнэр А.Оюуны мэдэлд шилжүүлжээ. Дээр дурдсан Нарлаг Чойр компани бол түүний эхнэр А.Оюуных. Тэрээр Нарлаг Чойр-ын нэр дээр хоёр, иргэн А.Оюуны нэр дээр хоёр гээд дөрвөн газарт нийтдээ 7.19 га талбайг өнгөрсөн онд шилжүүлж орхижээ. Үүнийг эхнэртэйгээ байгуулсан хувийн гэрээнүүд нь баталж байна. Энэ бол ердөө одоогоор мэдэгдэж, ил гарсан баримтууд. Хувийн компаниудтай дур мэдэн байгуулсан гэрээ байна гэдэг бол Ж.Баянмөнхийг авлигад сэрдэх хангалттай үндэслэл. Харин-АТГ яагаад үүнийг эрүүгийн хэрэг үүсгэх баримт гэж үзэхгүй байгаа нь гайхал төрүүлж байна.
Ж.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ?
Энэ асуултад хариулахын тулд түүний тухай хэд, хэдэн баримтыг доор жагсаая!
Баримт 1. Шивээ-Овоо-гийн нүүрсний уурхайд улсын зардлаар хайгуул хийчихсэн талбайд лиценз давхардуулан олгосон булхай нь илэрч, Ерөнхий сайдын сонорт хүрсэн явдал нь түүнийг олны танил болгож байсан. Хууль зөрчсөн нь баригдаж, хэвлэлийнхний нүдэн дээр Ерөнхий сайдаас хатуу зэм сонссон нь түүнд сургамж болоогүй байна. Тодруулбал, Ж.Баянмөнхийн Шинэ-Шивээ компанид олгосон Шивээ-Овоо-гийн нүүрсний уурхайд хайгуул хийх эрх нь улсын зардлаар хайгуул хийсэн талбайтай давхцаж байгаа учраас энэ шийдвэрээ даруй цуцлахыг Ерөнхий сайд С.Баяр аймгийн Засаг даргад хатуу сануулж байв. Харамсалтай нь Ерөнхий сайдын энэ шаардлага аймгийн Засаг даргын нэг чихээр ороод нөгөө чихээр нь гарчихаж. Өөрөөр хэлбэл, Ж.Баянмөнх хууль зөрчиж олгосон зөвшөөрлөө албан ёсоор хүчингүй болгож алдаагаа зассангүй.
Баримт 2. Захиргааны ажилтнуудын байрны гурван өрөөг аавынхаа нэр дээр хууль бусаар шилжүүлэх хүсэлтийг нь хүлээж авсангүй хэмээн аймгийнхаа Эд хөрөнгийн бүртгэлийн албаны дарга Ц.Сарантуяа гэдэг бүсгүйг өрөөндөө дуудаж авчраад зодсоныг хохирогч эмэгтэй одоо ч баталдаг. Ж.Баянмөнх үүнээсээ болж шүүхийн хаалга татсан ч Улсын дээд шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Баримт 3. УИХ-ын тогтоолоор 2007 онд бүх аймагт бэлчээрийн ус сайжруулах ажилд зориулан багагүй хэмжээний мөнгийг зарцуулжээ. Говь-Сүмбэр аймагт 189 сая төгрөгийг гүний худаг гаргуулахаар өгсөн ч Хүнс хөдөө аж ахуйн яаманд энэ мөнгөнөөс 100 саяыг нь буцаагаад явуулчихаж. Үлдсэн 89 сая төгрөг хаачсаныг Ж.Баянмөнхөөс хэн ч асууж сурагласангүй, тэр өөрөө ч ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Юутай ч энэ мөнгөний оронд Говь-Сүмбэр аймагт ядаж нэг ширхэг худаг шинээр гаргаагүйг нутгийн иргэд батлан ярьж байна. Эрүүгийн цагдаагийн газраас тухайн үед энэ хэргийг илрүүлсэн ч тэгсгээд дарагдсан байна.
Баримт 4. Говь-Сүмбэр аймгийг бүрдүүлдэг гурван сумын нэг нь Шивээговь. Анх орос цэргийн хотхон байсан энэ суманд таван давхар, эзэнгүй, балгас болчихсон орон сууцны хуучин барилга нэлээдгүй бий. Эдгээр байрны орцных нь шатуудыг ил, далд зөөж зарсаар хувьдаа 25 сая төгрөгийн ашиг олсныг мөн л нутгийн иргэд нь ам дамжин ярьсаар.
Баримт 5. Түүнийг дахиад Засаг даргаараа сонгосон нь бас л сонирхол татна. Ямар ч байсан тэрээр 2008 онд болсон ИТХ-ын сонгуульд ялалт байгуулаагүй юм билээ. Харин аймгийн удирдлагыг сонгох сонгуулийн өмнө нь нэлээд хөдөлжээ. Үүнийхээ хүчинд тэрээр энэ сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй оролцож ялалт байгуулсан байна. Түүний албан тушаалд өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч нь яагаад ч юм нэрээ татсан нь МАХН-аас нэр дэвшигч шууд гарч ирэх сайхан боломжийг олгов. Харин нам дотроосоо өөрөөсөө өөр хүнийг нэр дэвшүүлэхгүй байх нь түүнд тийм ч хэцүү байгаагүй бололтой. Засаг даргын сонгуульд өрсөлдөж болохгүй, хэрэв өрсөлдвөл намын бодолд тэрсэлсэн гэж үзнэ гэх утгатай гэрээг намын хорооныхонтойгоо байгуулжээ. Гэрээ байгуулсных нь төлөө тэрээр намын нөхдөдөө албан тушаал амласан гэдэг. Цагаан цаасан дээр хараар бичсэн энэ гэрээ одоо ч гэсэн бий гэх.
Эдгээр баримтын ихэнхи нь цоо шинэ мэдээлэл биш. Гэвч одоо болтол Ж.Баянмөнхөд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байгаа нь түүнийг цагаандаа гарахад хүргэсэн байж мэднэ. Ам ангайвал нам ярьж, үзэг хөдөлгөвөл өөртөө төсөв баталдаг түүнийг хэн ингэтэл давраачихаа вэ?
Б.Номин
Дугаар 31/3103/