Харьд байгаа иргэдээ хамгаалах хүн байна уу

хонон өнжин сууж байгаад дурлаж явсан. БНСУ, БНЧУ аль аль нь хямрал нөлөөллөө хэмээн аж ахуйн нэгжүүд нь дампуурчихаагүй юм гэхэд хөрөнгө мөнгөө хэмнэх үүднээс ажиллагсдаа цөөлж цомхотгоод эхэлчихэж. Энэ талаар гадаадын хэвлэл, сайтууд Эдийн засгийн хямрал гэдэг буландаа бичиж байна. Мэдээж ажиллагсдаа цомхотгоход хүрэхээрээ гадаадын ажилчдыг хамгийн эхэнд цомхотгож байна гэж бичиж байна. АНУ-д Латин Америкийн ажилчид, азийнхан цомхотголд хамгийн түрүүнээ өртөж байгаа бол Чехэд монгол, Вьетнамчууд хамгийн түрүүнд халагдаж байна.

Харин бид, манай Засгийн газар, тухайлбал Гадаад харилцааны яам энэ иргэдийнхээ төлөө хэр санаа тавьж юу мэдэж байгаа билээ. Үнэнийг хэлэхэд эдгээр улсад манай хэдэн иргэн очоод ажиллаж амьдарч байгаа, цалин хөлс амьдрах орчин нөхцөл нь ямар байгаа талаар өнөөдөр Монголын төрд мэдэж байгаа юм байхгүй. Чехэд амьдарч байгаа иргэд халагдаад хүнд байна, ажилгүй болсон иргэдийг гэрээгээр аваачсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд нь өөрийн байрнаасаа гаргасан болохоор бараг л гудамжинд гарчихаад байна гэсэн мэдээлэл хэвлэлээр тарсан. Энэ тухайд ГХЯ-ны албаны хүмүүсээс тодруулахад нэг удаад нь Маргааш Чехийн ЭСЯ сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ, тэндээс асуу гэж аргалсан. Дараа нь дахин хандахад Бидэнд мэдэх зүйл алга хэмээн хариулсан юм.

Гадаадад ажиллах хүч гаргах асуудал эрх баригчдын хувьд сонгуулиар гарах гол шат болж ирсэн. 2004 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшигч 40 хүн тус бүр 1000 хүн, нийтдээ 40 мянган хүнийг Солонгост гаргана гэж шоудаж байж ялж байлаа. Дараа нь ч бас ийм амлалт үргэлжилсээр байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэнтээ Солонгост ажиллаж байгаа хүмүүс эх орондоо валютын хөрөнгө оруулалт хийж байгаа. Ийм боломжийг нь Монголын төр бий болгож байгаа юм гэж байлаа.

Гадаадад ажиллах хүч илгээх төвийг өөрсдийнх болгох гэж эрх баригчид ямар жүжиг ший тавьж яаж хүний аминд хүрч байлаа. Өнөөдөр БНСУ, Чехэд ажиллаж байгаа иргэдийн дийлэнх нь гэрээгээр гарч, албан ёсоор ажиллаж байгаа хүмүүс. Тэднийг бүртгээд, тэдний ажил амьдралын талаар бол албан ёсоор мэдэж байж болмоор. Хулгайгаар сэмхэн яваад, тэндээ үлдчихсэн хууль цагдаагийнхнаас зугтаад яваа хүнийг бол ч яана гэхэв.

Ингэж амьжиргаагаа дээшлүүлэх гэж явсан, энд ажилгүй, ажилтай нь олигтой цалингүй ядаж явснаа гадаадад очоод гайгүй амьдрахаар нь Бид л дэмжсэн. Бид л сайндаа…. гээд байдаг атлаа, ядарч зүдрээд ядаад ирэхэд нь харж хандах, мэдэх хүнгүй болчихдог юмсанж. ГХЯ саявтар БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн тухай мэдээлэлтэй болж авч. Авч гэхийн учир нь ийм мэдээллийг Солонгосын талаас гаргаж өгч л дээ. Одоо Чехэд байгаа монголчуудын талаар ямар ч мэдээлэл алга. Чехэд байгаа Монгол Улсын ЭСЯ-тай холбоо барихад бидэнд ямар ч мэдээлэл алга гээд сууж байна. Тэнд байгаа зарим иргэнтэй холбоо барихаар манай ЭСЯ гэдэг чинь биднийгээ гэх нь байтугай наймаа л хийж байдаг хүмүүс шүү дээ гэнэ.

Гэтэл иргэдийн зарим нь Энд хэцүү байна, одоо наашаа нэг их ирэх гэсний хэрэггүй гэнэ. Гэтэл саявтар Үндэсны шуудан сонинд нэг залуу Чех шиг сайхан орон алга. Эдийн засгийн хямрал огт болоогүй. Манай монголчууд тэнд жаргаж байна гэсэн ярилцлага өгсөн байх юм. Чехийн сайтуудад болохоор хямралын талаар бичиж нийтэлж, авах арга хэмжээнийхээ талаар бичээд байх юм. Гэтэл манай Засгийн газар, Гадаад харилцааны яаманд сайн ч муу ч ер нь ямар ч мэдээлэл алга.

Тухайн улсад бүхэл бүтэн ЭСЯ ажиллуулчихаад тэр улсад эдийн засгийн байдал, гадаад ажиллагсдын амьдрал ямар байгааг мэдэхгүй байгаа юм чинь тэнд байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар юу ч хийж чадах билээ дээ. Ер нь яах гэж гадаад улс оронд Элчин сайд суулгаж, ард түмний хөрөнгө мөнгөөр тэжээдэг юм бол доо.

Харийн оронд хэцүүхэн байгаа Монголчуудаа нутагт нь авчиръя

Гадаадад ажиллаж буй монголчууд хэцүү байгаа гэнэ, ээлж дараагаараа халагдан нутаг буцаж байна хэмээх яриа гадуур тархаад байгаа. Гэтэл Чех, Солонгост ажиллаж байгаа монголчууд Харь оронд ажиллаж байгаа нэгнээ ингэж битгий яриач. Одоогоор тэгж хямрал нүүрлээд цагаачдыг халж, солиод байгаа юм байхгүй хэмээн цуу яриа битгий тараагаач гээд гуйгаад байдаг. Энэ мэт хоёр талтай мэдээлэл хэвлэлээр цацаад эхлэхээр хэн нь зөв яриад байгааг ойлгохоо ч байх нь. Ямар ч гэсэн Монголд хямрал нүүрлээд хүнд байхад хүний нутагт ажиллаж байгаа хүмүүст хэцүү л байж таараа.

Энэ талаар МҮЭХ-оос гадаадад хөдөлмөр эрхлэх иргэдийнхээ талаар ямар ажил хийж байгааг тодруулахад Монгол Улсад байгаа гадаадын ЭСЯ-нд хандаад байгаа. Гэвч хэдэн иргэн хаана, ямар улсад ажил хөдөлмөр эрхлээд эсвэл лааз өшиглөөд явж байгаа мэдээлэл өнөөг хүртэл ирээгүй байна гэв.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш тусгай зөвшөөрөлтэй 19 байгууллагаар зуучлуулан 25 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр болон үйлдвэрийн дадлагажигчаар БНСУ, Япон, БНЧУ орныг зорьсон аж. Гэхдээ эдгээрээс 12-14 мянган хүн ажиллаж амьдарч байгаа БНЧУ-д хамгийн их цомхотгол хийж байгаа гэнэ. Өнөөдөр Японд 1390 хүн, Солонгост 28700 иргэн байгаагаас 60 орчим нь хууль ёсоор, 11777 хүн хууль бусаар оршин сууж байгаа гэсэн мэдээлэл холбогдох байгууллагаас авч.

Уг нь, хуулийнхаа дагуу тухайн оронд суугаа ЭСЯ-д иргэдийнхээ гэрээний биелэлт, хөдөлмөр эрхлэлтийнх нь талаар төв байгууллагадаа мэдэгдэх, ажлын байр цалин халм, дэмжлэг туслалцаа гээд харж хандаж явах ёстой аж. Гэвч манай ЭСЯ-д энэ талаар муу ажиллаж байгаа төдийгүй НХХЯ нь хүртэл гэрээний хэрэгжилт, зөрчлийг нь арилгах талаар ямар ч арга хэмжээ авахгүй байна хэмээн МҮЭХ-оос үзэж байгаа аж. Тиймээс тус холбооноос энэ хэцүү үед харийн оронд ажилгүй болсон иргэдээ авчрах, гэр орноо барьцаалан зээл авсан, ирэх боломжгүй байгаа иргэддээ туслахыг хүслээ.

Түүнчлэн гадаадаас ирсэн хүмүүст шинээр ажлын байр байгуулах, ажил үйлчилгээ эрхлэх хөрөнгө оруулалтад нь дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн саналыг Засгийн газарт хүргэж байгаа аж.

Х.Өлзийбаяр

Дугаар 026/605/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button