Хямралыг давах хөтөлбөр бэлэн болжээ

Түүнийг мориноос унаж бэршсэний улмаас 0-12 долоо хоног хэвтэх шаардлагатай гэж эмч нь мэдэгдэж байсан. Гэвч Засгийн газрын тэргүүн гэмтэл авснаасаа ердөө тав хоногийн дараа ажилдаа орж байгаа нь энэ. Тэрээр УИХ-ын даргад төслөө өргөн барьсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын ээлжит бус чуулган мягмар гаригт эхэлнэ гэж байсан. Харин та ээлжит бус чуулганыг хойшлуулах хүсэлт гаргасан гэсэн?

-Сая УИХ-ын даргад Эдийн засгийн хямралын үед авах арга хэмжээний талаар тогтоолын төслийг өргөн барьсан. Төслийг дөнгөж өргөн барьж байгаа юм чинь долоо хоногийн эхээр УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороодоор хэлэлцсэний дараа пүрэв гариг буюу 12-ны өдөр ээлжит бус чуулганаа хуралдуулах бололцоотой гэж үзсэн юм.

-Хямралыг давах арга хэмжээний төлөвлөгөөний талаар?

– Ер нь, нэлээн цогц төлөвлөгөө болсон гэж бид үзэж байна. Яагаад гэхээр, үүнд зөвхөн Засгийн газрын байгууллагууд төдийгүй, төрийн бус байгууллага, Үйлдвэрчний байгууллага, Ажил олгогчдын холбоо, эдийн засгийн эрдэмтэн мэргэдийг оролцуулж cap орчим хугацаанд боловсруулсан. Дэлхий нийтээр өрнөж байгаа санхүүгийн хямрал маань эдийн засгийн хямрал болж даамжрах төлөвтэй болсон. Энэ утгаараа бусад оронтой ижил зүйл ч ажиглагдаж байгаа учир нийтлэг ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бодож боловсруулсан. Нөгөөтэйгүүр, зөвхөн Монголдоо гэдэг шиг зөвхөн Монголд байгаа бэрхшээлийг давахын тулд өөрийн гэсэн онцлогтой төлөвлөгөө боловсруулах ёстой гэж үзсэн. Хамгийн гол нь ард иргэдийнхээ амьжиргааг аль болох хамгаалах, дордуулахгүй байхад анхаарах зүйлийг төлөвлөгөөнд тусгалаа.

-Төлөвлөгөөний хүрээнд авах арга хэмжээнд 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж байна. Ийм мөнгө байгаа юм уу, байхгүй бол хаанаас, яаж олох вэ?

-Олон төрлийн арга хэмжээ бий. Үнэндээ 700 ч биш. Яг бүрэн авч хэрэгжүүлнэ гэвэл 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм. Харин нэн даруй, зайлшгүй хэрэгтэй байгаа нь 700 орчим тэрбум төгрөг. Гэвч энэ мөнгө бидэнд байхгүй. Тиймээс үүнийг гаднаас босгох, зээлэх ёстой. УИХ энэ зөвшөөрлийг олговол бид хэд хэдэн газарт хүсэлт, санал тавьсан байгаа. Хэлэлцээрийг үргэлжлүүлсээр байна. Зарим нь нааштай хандаж, нөгөө нь бодож тооцоолж байна. Ингээд хоёр, гуравдугаар сард гадныхантай хөрөнгө мөнгө босгох асуудлаар тууштай яриа хэлэлцээ явуулах төлөвлөгөөтэй байгаа. Эмчилгээнд явахаасаа өмнө би Сангийн сайд С.Баярцогттой хамт ОУЮС, Дэлхийн; банкны төлөөлөгчидтэй уулзсан. Тэд ч бидэнд тусалья гэж байна. Гэхдээ тодорхой болзолтой. Тодорхой хэлбэл биднийг үрэлгэн битгий загна гэж байна. Бид ч үүнд нь анхааръя гэсэн.

– Таныг удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Гэтэл та ингээд ажилдаа орж буйг гайхаж байна?

-Ажил их байна. Бэртэл авсан. Бэртэл авсан нь муу л даа. Сайн юм юу вэ гэхээр, бэртэл маань заавал мэс засал хийх шаардлагагүй гэж эмч нар үзэж байна. Харин тодорхой хугацаанд дэглэм, горимтой байж, нуруундаа хамгаалалтын тусгай бүс бүсэлж явах шаардлагатай болсон. Гэхдээ ажлаа хэвийн байдлаар үргэлжлүүлэх бололцоотой.

Х.Өлзий

Дугаар 026/605/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button