Инфляц & дифляц

удирдагчдын мэргэн үгс худал болж хямрал манай тэр жижигхэн эдийн засгийг нөмөрчихлөө. Өнгөрсөн хавраас л ноолуурын үнэ унаад эхэлсэн нь л нэг юм хэлээд, өнөөх чинь эхэлж байна шүү гэж сануулаад байж. Даанч манай улстөрчид, эрх баригчид харин ч ноолуурын үнэ унах нь сонгуульд амлалт өгөх нэг далим гараад ирлээ гээд баярласан болохоос биш яагаад байна аа гэх ухаан байсангүй.

Гэтэл өнөөдөр дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа хямрал инфляц, дифляц гэсэн хоёр хэлбэрээрээ улам гүнзгийрч эхэллээ.

ИНФЛЯЦ

Манай эдийн засгийг өнгөрсөн жилээс идэж эхэлсэн инфляц манай мэргэн эрх баригчдад бүр гүйцэгдэхээ болив. Өнгөрсөн 2008 оны мөнгөний бодлого баталж байхдаа нэг оронтой тоонд багтаана хэмээн хөөрцөглөж, 9.5 байвал нэг оронтой гэх үү, хоёр оронтой гэх үү хэмээн тоглоом шоглоом болгож байж баталсан инфляц нь 36 хувьтай болж он дуусгасан. Дэлхийн эдийн засгийн хямрал гэж яриад улс орнууд баргар ирээдүйгээ хэдийнэ олоод харчихсан байхад манайхан мөн л мөнгөний бодлогоо батлахдаа бас л Ёстой тэр хямрал гэж юу юм. Бидний хувьд сахлын будаа гэх нь халгүй байгаад оны төгсгөл гэхэд 12 хувьтай болгочихно гэсэн нь одоо хаа байхав. Монгол төгрөгийн үнэ цэнэ, ханш улам л унаад байна. Оны эхэнд 1200 төгрөг хүрэхтэй үгүйтэй байсан ам.доллар өнөөдөр 1550 болчихлоо. Монголбанк валютын ханш өсч эхлэхэд валютын ченжүүдийг буруутгаж Тэд л ханшийг өсгөөд байна гэж чичилж байсан. Валютаар төлбөр үйлчилгээ явуулж байгаагаас болж байна, тэднийг л хамхиад өгвөл монгол төгрөгийн ханш суга өснө гээд шалгаад л хянаад л, валютаар үйлчилгээ хийж байгаа газрыг мэдэгдэнэ үү гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан нь хаа байхав.

Евро 2000-ын босго давж, ам.доллар 1600 хүрэх гэж байна. Үүнийгээ дагаад гадаад төлбөр хийдэг, гадаадаас бараа оруулж ирдэг бүхий л аж ахуйн нэгж байгууллагын бараа, ажил үйлчилгээний үнэ тэнгэрт хадлаа. Өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад бараа үйлчилгээний, ялангуяа өргөн хэрэглээний барааны үнэ улам өссөөр л байна. Хэрэглээний сагсан дахь бараа буюу, хүн амын өдөр тутмын хэрэгцээт зүйлийн үнэ яг үнэндээ өдөр бүр л нэмэгдэж байна.

Монголчуудын халаасаа тэмтэрдэг цагаан сарын өмнө жил бүр л ингэж нэмэгддэг хэмээн эрх баригчид тайвшруулах гэж оролдсоор байгаа ч энэ нь баяр өнгөрсөн ч хэвээр үргэлжилж инфляц манай эрх баригчдад хазаарлуулахгүй нь ойлгомжтой боллоо. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдох гэж байхдаа эрхэм Л.Пүрэвдорж ажлаа ч авчихвал энэ бүхнийг дор нь зохицуулна гээд байсан нь хаа байхав. Одоо бүр таг чиг болоод ичээндээ орчихлоо. Өргөс авсан юм шиг нэг хоёр өдөр, долоо хоногийн дотор бүхнийг сайжруулчихна гэж байхгүй нь үнэн ч юу хийж, ямар арга хэмжээ авч байгаа нь мэдэгдэхгүй өнөө хүрч байна. Валютаар төлбөр тооцоо хийж байгаа газруудыг мэдээл гэсэн зараас өөр хийж байгаа ажил түүнд үнэндээ үгүй бололтой.

ДИФЛЯЦ

Энэ хямралын дэлхий дахинаа илэрч байгаа хамгийн тод хэлбэр болох хүмүүсийн гар дээрх мөнгө хомсдож худалдан авах чадвар бууран бараа бүтээгдэхүүний гүйлгээ эрс багасах үзэгдэл манайд мөн л хүчтэй илэрч байна. Банкууд зээлийн үйлчилгээгээ нэгэн зэрэг хэсэг хугацаанд зогсоож, одоо дахин эхлүүлсэн ч тодорхой хязгаартай өгч байгаагаас иргэд гар дээрээ мөнгөгүйдэн ялангуяа тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс татгалзахад хүрлээ. Мөнгөгүйдсэн иргэд юун орон сууц, машин худалдан авах, өдөр тутмынхаа хоол, талх, гурил махны үнээ яая гэж байна. Зах зээл дээр автомашины үнэ 3000-5000 ам.доллараар хямдарсан бол тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн зардаг томоохон дэлгүүрүүд 20-50 хувийн хямдрал зарлаж байна. Зарим нь нэг бараа авбал бас нэгийг үнэгүй дагалдуулан өгнө гэж байна. Нарантуул зах дээр наймаа хийдэг худалдаачид ашиг унагах нь байтугай улирлын чанартай хувцасаа алдагдалтай ч гэсэн зарж дуусгахаас аргагүй боллоо гэцгээн халаглаж сууна. Онцын шаардлага гарахгүй бол иргэд нааш цааш зорчихоо больж, энэ нь төмөр зам, агаарын тээврийнхнийг хүнд байдалд оруулж эхэллээ. Байгаа бараа бүтээгдэхүүн нь гүйхээ больсон болохоор нэмж бараа татах нь үндсэндээ зогсч ачаа тээвэр хумигдав. Үүнтэй зэрэгцээд хил гаалийн, ер нь татвар эрс буурав.

Ийнхүү бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс муудаж лангуу түгжсэнээс, аж ахуйн нэгж байгууллагуудад мөнгөний эргэлт буурч тэд зардлаа бууруулах арга эрэлхийлж эхэллээ. Үүний хамгийн эхний арга нь ажиллагсдаа цомхотгох. Томоохон аж ахуйн нэгжүүдэд цомхотгол хэдийнэ эхэлчихсэн.

Ийнхүү манайд иргэдийн худалдан авах чадвар бууран тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч дифляц болж байхад, нөгөө талд нь өргөн хэрэглээний бараа, ажил үйлчилгээний үнэ өсөн инфляц газар авч байна. Машингүй, орон сууцгүй бол хүн амьдарч болоод байх атал, гурилгүй, махгүй бол яах билээ. Зах зээл үүнийг аль хэдийнэ мэдэрч зохицуулаад монголчуудыг хоёр талаас нь шахаж эхэллээ.

Харин манай эрх баригчид Манай жижиг эдийн засаг хямралаас маш хурдан гарчихна гээд л амар тайван сууж байна.

Н.Бат

дугаар 026/604/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button