Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж байна
Мөнгөний бодлого зөв, ашигтай биш гэхэд бодлогогүй мөнгө, мөнгөгүй бодлогын аль нэг нь хэрэгжээд л байсан юм. Одоо мөнгө ч үгүй, бодлого ч үгүй, Монголбанкны ерөнхийлөгч ч үгүй үлдэцгээлээ.
Л.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж байна. Тэрбээр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, жар орчим настай, нягтлан бодогч мэргэжилтэй. Таних шинж тэмдэг нь нүдний шилтэй, 162 см намхан нуруутай, баруун хацар дээрээ буяны хоёр хар мэнгэтэй, цагаан шардуу царайтай, костюм, зангиатай. Жижиг биетэй учраас ширээ сандлын цаагуур нуугдахдаа овсгоотой. Л.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийн албан тасалгаа, контор, III төрийн ордон, УИХ-ын даргын өрөөгөөр голчлон байрлах буюу орж гардаг. УИХ-ын гишүүд, ТӨХ-нд хамт ажиллаж бай¬сан хүмүүсээс сураглавал байгаа газар нь тогтоогдож болзошгүй. Ажлаа хийж чадна гэж мэдэгдэж байсан ч эдийн засгийн хямралд биечлэн өртсөн байж магадгүй.
Далдын хар малгай өмсч, үл үзэгдэгч болсон гэж ажиглагчид үзэж байна. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон өдөр долларын ханш 1370 төгрөг байсан. Долларын ханш өссөн нь түр зуурын савлагаа. Ханш удахгүй хэвдээ орно. Би худлаа амалж чадахгүй. Бодит үнэнийг мэдээлж байх болно гэж мэдэгдэж байсан. Ноён долларын өнөөдрийн ханш 1570 төгрөг. Бодит үнэнийг ч бодитой худлыг ч мэдээлэхгүй байна. Өмнөх ерөнхийлөгч А.Батсүхийн үед ядаж мөнгөний тойм, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байсан ажил бүрэн зогссон. Цагаан сарын өмнө төгрөгийн ханш суларснаар эдийн засаг, иргэдийн амьдралд хар нулимс урсаж эхэлсэн. Төвбанкны захирлыг эхлээд олж тогтоох, дараа нь яаж ийгээд юу хийж буйг нь, хаана байсныг нь яриулах хүндхэн даваа хүлээж байна. Түүнийг олох эсэхээс хамааран цагаан сараа тэмдэглэх, хойшлуулахын аль нэгийг шийдмээр байна. Л.Пүрэвдоржийг хаана, юу хийж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн хүнд шагналтай. Шагналыг төгрөг чангарах, зээл олдох, хүү нь багасах, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх долларын ханш буурах зэрэг ахиц дэвшлээр бүх нийтэд олгох болно.
Д.Болдхуяг
Дугаар 31/3103/