Ганзагачдад итгэх үү, үндэсний үйлдвэрүүдээ хөгжүүлэх үү?
Бидний энэ сул тал дээр ажилладаг хүмүүс нь эмийн ганзагачид. Эмийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа орны тоонд Хятад, Энэтхэг багтдаг. Сайны хажуугаар саар байдгийн жишгээр бас эдгээр оронд хуурамч эмийн үйлдвэрлэл ч ихтэй. Мэргэжлийн байгууллага сайныг нь олж оруулж ирж байхад ашиг хонжоо олох гэсэн ганзагачид хямд, хуурамч эмийг ганзагын наймаагаар зөөж байгаа нь нууц биш. Хамгийн аюултай нь ганзагчдын зөөж байгаа эмүүд хар зах дээр чөлөөтэй зарагдаж байгаа явдал. Тэдгээр эмнээс болж янз бүрийн асуудал үүслээ гэхэд эргээд хариуцлага тооцох эзэн байхгүй. Ганзагаар орж ирээд хэдэн гар дамжаад явчихсан эмийг эзнийг олж тогтоон түүнээс хариуцлага, хохирол нэхэмжилнэ гэдэг үндсэндээ боломжгүй зүйл. Хяналтын байгууллага Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм байсныг тогтоон байгааг нь хурааж устгах л арга хэмжээ авна. Гэхдээ ганзагаар хяналтгүй орж ирж, гар дамжин зарагдаж байгаа бүх эмийг хураан авч устгахад үнэндээ хүч хүрэхгүй байна.
Монгол Улсад 1996 онд эмийн тухай хууль гарч энэ салбар эрх зүйн зохицуулалттай болж, улсын эмийн бүртгэл бий болсон. Хуурамч эмийг хаахад үндэсний эмийн үйлдвэрлэлийг дэмжих, эм импортыг мэргэжлийн байгууллага хүмүүсээр хийлгэх, эцэст нь Эмийн хуулиа чанд дагаж мөрдөх чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлж байна. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдэг наад зах нь буух эзэнтэй буцах хаягтай. Бүр тодруулбал, баталгаатай гэсэн үг. Мэдээж, бүхнийг Монголдоо үйлдвэрлэж чадахгүй байгаа нөхцөлд гадаадаас эм, тариа авалгүй яахав. Гэхдээ үүнийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, ганзагаар болон мэргэжлийн бус хүмүүсийн оруулж ирж байгаа эмд онцгой хяналт тавих нь хуурамч эмээс сэргийлэх гол арга гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.
МОНГОЛД ЮУ ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАЖ БАЙНА ВЭ
Ер нь сүүлийн жилүүдэд манайд эмийн үйлдвэрлэлийн салбар харьцангуй сайн хөгжиж байгаа аж. Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо-ны өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлын тайлангаас сонирхлоо. Сүүлийн жилүүдэд олон улсын GMP буюу эмийн үйлдвэрлэлийн дүрмийн шаардлагын төвшний Айвико, Монголсиножежинг тарилгын шингэний, Цомбо тун шилтэй тарилгын эмийн, Шинэ нахиа антибиотик тарилгын үйлдвэрүүд ашиглалтад орж, үндэсний эмийн үйлдвэрийн хөгжилд түлхэц өгч, дотоодын эмийн нэр төрлийг нэмэгдүүлжээ. Мөн түүнчлэн үндэсний үйлдвэрийн 20 шахам эм, 60 гаруй эмийн түүхий эд улсын бүртгэлд бүртгэгдээд байгаа аж. Бидний нэрлэж заншсанаар нэлээд олон төрлийн дуслыг Монголдоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох хэмжээний үйлдвэр ажиллаж байгаа нь Айвико аж. Ядаргаанд ялагдашгүй хэмээх рекламтай Салимон-оо Монос компани монголчуудын хэрэглээ болгоод зогсохгүй, дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний тоог нэгээр нэмжээ. Монголд үйлдвэрлэв шошготой, алое, глюкоз, никотины хүчил, демидрол гээд 20 төрлийн тариаг Цомбо эмийн үйлдвэр үйлдвэрлэн гаргаж байх жишээтэй. Цомбо-ын 20 тарианы 13 нь анх удаа дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн юм билээ. Пенциллин болон циклопорины бүлгийн тариаг Нахиа компани үйлдвэрлэж эхэлжээ. Энэ мэтчилэнгээс Монголд үйлдвэрлэж байгаа эмийг тоочвол нэлээд урт жагсаалт гарах нь. Ингэж гадаадаас авдаг байсан эм тариаг эх орондоо үйлдвэрлэх болсон нь валютын урсгалыг эх орондоо үлдээх боломжийг бүрдүүлж байгаа аж.
Эм гэдэг өнөөдөр исгэж тавиад маргааш шууд бэлэн бүтээгдэхүүн авдаг үйлдвэрлэл биш. 4-5 жилийн судалгаа хөдөлмөрийн дүнд шинэ эм гардаг байна. Тухайлсан нэг эм дээр гэхэд л эм зүйн салбарын мэргэжлийн хэллэгээр бол, тогтвортой байдлын судалгааг гурван жил хийдэг байна. Ийм их цаг хугацаа, хөдөлмөр зарсны дараа туршилт амжилттай болох эсэх нь бас эрсдэл дагуулж байдаг. Тиймээс эм зүйн салбар маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ бүхнийг даван гараад Монголд үйлдвэрлэсэн эм тариаг хэрэглэгчдэд нийлүүлж байна гэдгийн цаана мэргэжлийн хүмүүс, төдийлөн олны өмнө ил гараад байдаггүй эм зүйн эрдэмтэн судлаачдын мэргэжилдээ үнэнч нөр их хөдөлмөр зүтгэл байдаг аж.
ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ ЦОМБО-ООР БҮЛ НЭМЖЭЭ
Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм бэлдмэл хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх, хүн ам эмнэлгийн байгууллагуудыг эмээр тасралтгүй жигд хүртээмжтэй хангах, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын төрөөс эм зүйн салбарын талаар баримтлах бодлогын эрхэм зорилго нь мөн хэмээн хуульчилсан байдаг. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа эмийн үйлдвэрүүдийн хувьд гарч байгаа ахиц дэвшлийн нэг нь лабораториудын чадал чансаа сайжирч байгаа явдал. Энэ он гарсаар итгэмжлэгдсэн лабораторийн тоо нэгээр нэмэгджээ. Цомбо эмийн үйлдвэрийн хими микробиологийн лабораторид Стандартчилал хэмжил зүйн, үндэсний төвөөс MNS ISO/IES 17025 2007 Сорилтын болонг шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага стандартыг хангасан тул итгэмжлэл олгосон байна. Ингэснээр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори, Монос, Цомбо компанийн хими, микробиологийн лаборатори гээд улсын хэмжээнд итгэмжлэгдсэн дөрвөн лаборатаритой болжээ.
Д.Ариун
Дугаар 31/3103/