Зарлага ихтэй, орлогогүй Монгол болжээ

уурхай ч бус эдийн засгийн бүх салбарын орлого өдөр өнгөрөх тутамд буурч байгаа билээ. Цаашид энэ янзаараа байвал зарлага нь орлогоо давж улс орон бүхэлдээ туйлдах хандлага гарч байгаа юм. Энэ үед манай улсын эдийн засаг, санхүүгийн тамир тэнхээ ямар байгааг судалж зөвлөмж гаргалаа. Сүүлийн 10 жил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч орлого сайн байв. Харин үнэ ханш нь буурчихвал яах вэ гэсэн тооцоо, ухаан манайханд байсангүй. Тиймээс орсон орлого, зар¬лага хоёр нь тэнцэж явсан учир хямралыг даван туулах нөөц хөрөнгөгүй, эдийн засгийн чадавхгүй хүнд байдалд оржээ.

Дэлхийн банкнаас зөвлөж буйгаар Засгийн газар цаашид ийм нөхцөл байдалд орохгүйн тулд төсвийн зардал, хөрөнгө оруулалтыг ил тод оновчтой байлгах, цаашид тодорхой төлөвлөгөө боловсруулж баримтлах хэрэгтэй гэжээ. Мөн Төсвийн хариуцлагын тухай хууль батлах нь зүйтэй аж. Хэрэв ийм хуультай болчихвол эдийн засгийн өсөлт өндөр үед Засгийн газар нөөц хөрөнгөтэй болж хямралын үед ажрахгүй байх боломж гарах юм байна. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 3-4 хувьд байлгах тухай Засгийн газрын амлалт нь хожимдсон зорилт боллоо хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд дүгнэж байна.

Халамжийн төр нь ард түмэндээ хэтэрхий их мөнгө тараасан, төсвийн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт хийгээгүй. Нөгөө талаар төсвийн зарцуулалтын шийдвэр гаргахдаа тухайн жилд уул уурхайгаас олох орлоготой уялдуулдаг тул төсөв алдагдалтай гарах гол үндэс болжээ. Улсын орлого 2007 онд 1.5 тэрбум ам.доллар болж, ДНБ-ий 40 хувьд хүрсэн нь уул уурхайн баялгийн үнэ зах зээл дээр өссөнтэй шууд холбоотой. Энэ байдал нь Монгол Улсын төсвийн шийдвэр гаргах орчин нөхцөлийг үндсээр нь өөрчилж уул уурхайн салбарыг тэргүүлэх чиглэл рүү хөтөлжээ. Тухайлбал, уул уурхайн баялгийн орлого төсвийн 36 хувийг бүрдүүлдэг болсон байна. Харамсалтай нь, Монгол , нөөц баялаг ихтэй боловч урагшгүй бодлого баримталж, сэргэх нь байтугай сөхөрч унасан Африкийн орнуудын араас орох хандлагатай болсныг Дэлхийн банкны мэргэжилтнүүд болон эдийн засаг судлаачид анхааруулав.

Өөрөөр хэлбэл дэлхийг хамарсан хямралын энэ үед хавцал руу нисэх, оргил руу тэмүүлэх салаа замын уулзварт тулсан ажээ. Оюутолгойн ордыг ашиглаад эхэлчихвэл эдийн засгийн хямрал яршиг л байна даа гэсэн хийрхүү бодол дарга нарт байгаа бололтой. Хөрөнгө оруулалтын гэрээ хийчихвэл маргаашнаас нь хүн болгонд 1.5 сая төгрөг өгчих тухай ярьдаг болов. Уул уурхайн мэргэжилтнүүд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихлаа гэхэд үйлдвэрээ барьж, олборлолт хийж бэлэн бүтээгдэхүүн зах зээлд гаргахад дор хаяж тав, зургаан жил шаардлагатай гэж байгаа юм.

Иргэний хөдөлгөөнүүдийн үзэж буйгаар хууль эрх зүйн орчин нь хангалтгүй байхад ийм гэрээ хийчихвэл байгаа бүх баялгаа тавиад туучихаад өөрсдөө юу ч үгүй хоцорно гэж тайлбарлаж байна. Хэзээ нэгэн цагт энэ ордыг ашиглах нь тодорхой. Гэвч яаж вэ гэдгийг монгол хүний саруул ухаан мэдэх буй заа. Дэлхийн банкны мэрэгжилтнүүд Дэлхийн төвшний хоёр уурхай ашиглалтад орох тул Монгол Улсын төсвийн орлогын гол эх үүсвэр уул уурхайн салбар хэвээр байх болно гэж үзсэн байна. Ингээд Улсын төсвийн зарлагатай холбоотой шийдвэрүүдийг тухайн жилд уул уурхайгаас олсон орлогоос салгах хэрэгтэй. Үүнийг уул уурхайн салбараас олох төсвийн бүх орлогын тогтворжилт хөгжлийн сан руу шилжүүлэх замаар хийж болно. Энэ сан нь одоогийн Хөгжлийн санг орлох бөгөөд олон улсын туршлага дээр тулгуурлсан маш сайн журамтай байх ёстой. Жилд тогтворжилтын сангаас улсын төсөвт шилжүүлэх мөнгөний хэмжээг тогтоох, улсын төсвийн зарлага болон эдийн засгийг бүхэлд нь зэсийн үнийн огцом өөрчлөлтөөс салгах хэрэг¬тэй.

Бусад салбарын төсвийн алдагдалд хяналт тавих зорилгоор дунд хугацааны төсвийн тогтолцооны дүрэм журам нэвтрүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан байна. Үүнээс гадна ямар салбарт хөрөнгө оруулах, Төсвийн зардлаа хэрхэн бууруулах гэх мэт зөвлөмж олныг гаргасан байна. Нөөц баялаг ихтэй улс орны төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдал, зарлагыг тэгшитгэж тогтвортой байлгах урт хугацаанд худалдаалах бүтээгдэхүүнийхээ дэлхийн зах зээлийн өрсөлдөөн, үнэ ханшийн чиг хандлагыг тодорхойлж байдаг аж. Гэтэл манайхан үүнийг тооцсонгүй өдий хүрчээ. Тиймээс жил ирэх тусам зарлага нэмэгдэж нийт орлогын 88 хувийг эзлэх болж.

Нөгөө л улиг болсон мөнгө их тараасан, цалин хөлс нэмсэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой хийгээгүй зэрэгт олсон хэдийгээ зарцуулжээ. Энэ нь инфляц өсөхөд нөлөөлж, 2007 оны эцэст 15.1, 2008 онд 34 хувь хүртэл хөөрөгдсөн байна. Бодлого боловсруулагчид дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулж уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг эдийн засгийн нөөцийн тогтвортой урсгал болгох нь Засгийн газрын ажиллах чадвараас шалтгаалах ажээ. Эхний ээлжинд улсын төсвийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийн өсөлтийг хазаарлахын тулд ямар хэмжээний хөрөнгийг зарцуулах шаардлагатай байгаа тооцоо гаргах ёстой ажээ. Дараа нь хаана ямар салбарт юунд хөрөнгө оруулалт хийхээ тодорхойлох хэрэгтэй юм байна. Ямартай ч энэ хямрал манай эрх баригчдад том шалгалт болов. Шалгалтад унах уу, тэнцэж үлдэх үү.

Т.Жанцан

Дугаар 026/605/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button