Сульдаатай төгрөг

Ням гаригийн өглөө 1100 цагийн үед Найман шарга ченжийн захаар ороход нэг ам.долларыг 1550 төгрөгөөр авч 1585 төгрөгөөр зарж байх юм. Харин 2000 төгрөгөөс хальж явсан нэг евро 1950 болж. Хэдийгээр ийн буурч байгаа мэт төлөв ажиглагдаж байгаа ч долоо хоногийн өмнөхөөсөө 50 төгрөгөөр өссөн. Найман шарга валют арилжааны цэг дээр л гэнэтийн уналт, өсөлт явагдаад байгаа болохоос Цэцэг төв гэх юм уу төрөлжсөн зарим цэгүүд дээр харьцангуй тогтвортой байгаа юм. Энэ талаар Найман шарга валют арил¬жааны төвийн ченжээс тодруулахад Бидний тогтоосон ханш л харьцангуй бусдаас өндөр байгаа шүү дээ. Гэхдээ зарах нь бол хямд. Цэцэг төв энэ тэрийнхэн бидэн шиг л ченжүүд. Харин ч тогтвортой байна гэж биднээс харьцангуй бага үнээр худалдаж аваад манай дээр ирж тушаадаг.

Аль эртнээс л ам.долларын хомсдлоос болоод ханш ийм тогтворгүй байна гэдгийг бид ой тоонд ортол нь тайлбарлаад байгаа биз дээ. Өнөөдөр харин ч буурчихаад байна биш үү хэмээн нэлээн уцаарлангуй өнгө аясаар хэлээд Орлого муу байна. Өдөртөө маш бага мөнгө энд эргэлдэж байгаа шүү дээ гэв.

Үнэхээр Найман шарга-ын гудмаар эгнэн зогсоод машины цонхоор орж ирэх нь холгүй уралдаад сагсайтал нь мөнгө барьчихаад савчиж зогсдог ченжүүд харьцангуй багасчээ. Евро, ам.доллар, юань гээд монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг валютын ханшийг үнэндээ Найман шаргынхан тодорхойлдог. Монголбанкнаас тэдэнд хяналт тавиад арга хэмжээ аваад ч нэмэргүй. Аль төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжих үед л тэнд ченжийн зах гээч буй болж олон хүн амьдралаа залгуулж эхэлсэн, залгуулсаар ч байна. Урт цагаан гэж бидний нэрлэж заншсан газрын баруун жигүүр тэр аяараа хэсэг хүмүүсийн ажлын талбар, амьдралынх нь эхлэл болж . Бидний гар дээр эргэлддэг ам.долларын урсгал илт багассан. Ам.доллар худалдах, худалдан авах ч хүн алга. гэж ярих ч тэдний үйл ажиллагаа амьдрал хэдхэн жижиг амбаар дунд өрнөсөөр.

Мэдээж монголчуудын амьдралд төгрөгөөс илүүтэй ам.доллар, юань хэрэгтэй байгаа учраас тэд оршин тогтносоор байх нь дамжиггүй. Гэхдээ валютын ханшийг гэнэт хөөрөгддөг, сэтгэлийн хөөрлөөр өдөр бүр өөр ханш хэлээд зогсч байдгийг нь хазаарлах шаардлагатай байна. Тэдний гэнэтийн цочмог шийдвэр-үүд төгрөгийг сульдаанд оруулчихсан. Тиймээс дотооддоо монгол төгрөгөөр явуулж болох үйлчилгээ худалдааг л ам.доллараар хийхээ бүрэн зогсооё гэдгийг л хүн бүр дэмжихсэн.

Монгол төгрөгөөр наймаа арилжаа хийж болдог, болох л юм шиг байна. Компьютер электрон барааны зарим дэлгүүр бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг төгрөгт шилжүүлсэн харагдах болж. Мөн орон сууцны захиалга авч буй компаниуд ч захиалгын үнэ төгрөгт шилжлээ гэсэн сурталчилгааны том том самбарууд нааж. Гэхдээ ам.доллараар үнэлсэн дэлгүүр ч байна. Жишээ нь, Next computers дэлгүүр бүх бараагаа ам.доллараар үнэлжээ. Төгрөгт шилжүүлээд үзвэл овоо хөөрхөн мөнгө цохих нь. Валютын хэрэглээ өсөх тусам нүдний гэм болоод байгаа гэдэг үгээр шалтаглаад ханш нь өсөх нь лав. Монгол төгрөг аль хэдийнэ ам.долларт далаараа тавиулчихсан. Жинхэнэ цэвэр ялагдал хүлээлээ. Бидний урд хөршид нэг ам.долларыг таван юаньтай тэнцүүлэх бодлого явагдаж байгаа тухай сүүлийн үед сонсогдох болж. Тэгэхээр монгол төгрөг юаньд ч цэвэр тавиулах нь.

Магадгүй нэг л өдөр юаниар бараагаа үнэлсэн дэлгүүрүүд цөөнгүй болох ч юм бил үү, хэн мэдлээ. Тэгэхээр хөөрхий төгрөг хөсөр хаягдана. Сульдаатай төгрөг хэчнээн амин дэм аваад ч сэхэх нь өнгөрөв бололтой. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал гээч энэ бүхэн чухам хэдэн жил үргэлжлэхийг одоогоор ямар ч эрдэмтэн мэргэн, зөнч хэлж чадаагүй л байгаа. Харин бидний хэрэглээнээс төгрөг шахагдсаар.

Н.Бат

Дугаар 026/605/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button