Ганданг хотын хаанаас ч харагдахаар болгоно

Тус Байнгын хорооны гишүүн Ш.Сайхансамбуу, Д.Хаянхярваа нар өнгөрсөн баасан гаригт энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт хариуцсан орлогч Б.Мөнхбаатар, Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй нараас мэдээлэл авсан юм.

Улаанбаатарт жилдээ 7000-8000 орон сууц ашиглалтад ордог байна. Тэдний сууц өмчлөгчдийн холбоодын зарим нь л бүртгүүлдэг аж. Одоогоор нийслэлийн хэмжээнд 333 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрхүү СӨХ-ны эзэмшлийн газрын асуудал маш их маргаан дагуулдаг. Сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайг ашиглаж машины гарааш, эвсэл барилга байгууламж барьдаг. 2008 онд ингэж нийтийн эзэмшилийг авах гэсэн зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Нийслэлд жилдээ 30-40 мянган автомашин нэмэгддэг байна. Үүний хэрээр гарааш хэрэгтэй болдог учир газар авах зэрэгт маргаан их үүсдэг аж.

Ш.Сайхансамбуу гишүүн

-Хороолол дунд, хүүхдийн тоглоомын талбайд газар олгож байна. Ялангуяа Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт ийм төрлийн газрын маргаан их байдаг. хотын шинэ төлөвлөлтөөр юу зохицуулж байгаа вэ?

Ц.Сандуй

-1996 оноос өмнө иргэдийн хүсэлтээр газар олгож байсан. Одоо бол газар олгохгүй байгаа. 2005-2006 онд III, IҮ хороолол, Сүхбаатар дүүргийн нутагт хүүхдийн тоглоомын талбайн доор машины гарааш барихад сонгон шалгаруулалт явуулсан. Үүнийг СӨХ нь хүчингүй болгосон.

Д.Хаянхярваа гишүүн

-Инженерийн шугам, сүлжээг хянадаг байгууллага бий юу. Ерөнхий архитектор зөвлөлдөж зохицуулалт, шинэчлэлт хийж байгаа юу?

Ц.Сандуй

-Хэсэгчилсэн төлөвлөлт гэр хороололд хийсэн. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад дуудлага худалдаагаар газар олгосон бол гэрээ байгуулж хяналт тавьж ажилладаг. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар тухайн компанитай нь шүүхдсэн. Гэвч тухайн компани бүх шат¬ны шүүхээр ялж, ойр орчмын газраа авч үлдэхээр болсон. Мөн тэнд байдаг Сөүл ресторан ойр орчмын газраа батламжлаад авсан байгаа. Десней Лэнд баригдана. Тоглоомууд нь ирсэн гэсэн. Дулаармагц барилга байгууламжаа барих ажлаа эхлэнэ.

Ш.Сайхансамбуу гишүүн

-Хотын төвд байдаг хоёр гэр хороолол бий. Гандангийн дэнж, 100 айлын гэр хорооллыг цаашид яах вэ. Гандангийн орчмын айлуудын газрыг аваад хоёр, гурван давхар өнгө үзэмжгүй байшин бариад байна. Тэнд газар олгосон юм уу, дураараа бариад байна уу?

Б.Мөнхбаатар

-Ногоон нуурын орчимд төлөвлөлт хийж, байшин барьж байгаа. 300 орчим айлтай тохиролцоод газраа чөлөөлсөн. Эхэндээ иргэд газраа 3000-4000 ам.доллараар үнэлж байсан. Сүүлдээ 30-40 ам.доллар болсон л доо. Ногоон нуурын орчмын газрын бохир усны сүлжээ нь үндсэндээ болсон. МҮНРТ-ийн орчим, Нарантуул захын 14 дүгээр хороололд 340 гаруй тэрбум төгрөгийн дулаан, цахилгааны шугам сүлжээ оруулсан. Ганданд бол инженерийн шугам, сүлжээтэй газраа дагаад байшин бариад байна. Гандан бол тусгай газар. Хотын хаанаас ч гандан харагдаж байхаар төлөвлөлт хийнэ. Тэгэхээр тойруулаад 2-4 давхар байшин л барина гэсэн үг. Иргэд тэр газраа өмчлөөд авчихсан. Дахин төлөвлөлт хийхэд иргэд маш их хүндрэл учруулдаг. Тэндхийн айлууд нь байшин бариад байгаа юм. Цаашидаа долоон буудал, Дэнжийн мянга гээд гэр хорооллыг барилгажуулна.

Ингээд асуулт хариултын дараа гишүүд газрын асуудалтай холбоотой ямар хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж болох талаар саналаа хэлэхийг албаны хүмүүст даалгав.

Б.Анар

Дугаар 026/605/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button