Үр хөндөлтөнд sale зарлаж мэдэх нь
Монгол улсын хүний гавъяат эмч гэх эрхэм алдар нэртэй, цагаан нөмрөгтэй алуурчид монголд олон бий. Эхийн эндэгдэл, үр хөндөлтөыд сэтгэл эмзэглэн ярьдаг нэгэн гавъяат эмчийн хувийн эмнэлэг дээр очлоо. Тэрхүү гавъяат эмчээс газар авч буй үр хөндөлт, эх, хүүхдийн эндэгдлийн талаар болон шил шилээ даран байгуулагдсаар буй эмэгтэйчүүдийн гэх тодотголтой эмнэлгүүдэд тавих хяналт ямар байгаа талаар ярилцахыг хүссэн юм. Үүдийг нь тогшин ороход хүлээлгийн жижиг өрөөний ширээн дээр сувилагч эмэгтэй бичиг цаас дэлгэн сууж, хажуугийн сандал дээр хоёр эмэгтэй зэрэгцэн сууж байлаа. Цонхны тавцан түшин бас нэг эмэгтэй ёолж зогсов. Сувилагч эгчийн дүү үзүүлэх гэж байгаа юм уу? гэхэд тийм ээ гэтэл үзлэг юмуу, өөр асуудлаар юмуу, эмч нар одоохондоо алга байна гэлээ. Би үзлэг хэмээн хариулаад эмч нарыг нь хэзээ ирэхийг асуухад одоохондоо алга байна, дээр хагалгаанд орж байгаа. Хүлээж бай миний дүү, одоохон хүрээд ирнэ. Үзлэгийн үнэ арван мянга ш дээ гэв. Тэр гурван эмэгтэйн нэг нь ЭХО-д харуулах, нөгөө нь сарын тэмдэг нь ирэхгүй хэвлийгээр нь өвдөөд үзүүлэхээр ирсэн бол хорь орчим насны охин үр хөндүүлэх гэж байгаа бололтой. Учир нь бид дөрөв цаг шахам хүлээсний эцэст сувилагч нөгөө охинд хандан ажаагийн дүү өргөдлөө бичиж бай. Цаг хожихгүй бол ачаалал ихэсчихнэ гэлээ.
Охинд нэг бөглөх хуудас өгч, түүн дээр хэд хэдэн зүйл бөглөж бичихийг зөвлөж байсан юм. Тэрхүү охин юу гэж өргөдөл бичдэг юм гэхэд сувилагч би тийм, тийм шалтгаантай тул үр хөндөж өгнө үү гэж бичээд гарын үсгээ зурчих гэж хэлж өгч байв. Энэ зуурт орж гарч, эмч нарыг асууж сураглах охид, бүсгүйчүүдийн цуваа тасарсангүй. Бас нэг охин уйлсаар, эгч нь бололтой нэг хүн дагуулан орж ирэв. Үзлэгийнхээ өрөө рүү орсон сувилагчаас юм асууя хэмээн хаалгыг нь нээхэд шууд л гадуур хувцастайгаа яваад орчихов. Юм асууя гэсэн эмэгтэйг шууд оруулж буйгаас бодоход нөгөө л үр хөндөлт хийлгэх гэж байгаа нь илт. Тус эмнэлгийн үр хөндөх үнэ тариф 40 мянган төгрөг гэнэ. Үүнээс хямд газар байдаг юм болов уу хэмээн хажуу дахь бүсгүйгээс асуухад байдаг л юм билээ ш дээ. Энэ нөгөө гавъяат эмчийнх болохоор илүү үнэтэй байдаг юм билээ хэмээн хуучиллаа. Олон хүнийг хүлээлгэсэн нөгөө эмч нар хагалгаа нь дууссан бололтой, ирсэн цагаараа орж үзүүлцгээгээрэй хэмээн зан сайтай сувилагч бараг л углаашийг нь өмсгөж өгөх нь холгүй ажаа нь хэмээн гүйх. Сувилагч эмэгтэй бидэнтэй цуг сууж байсан үр хөндүүлэх гэж буй хоёр охиныг гадуур хувцсаа авцгаагаад дээшээ гарцгаая. Төлбөрөө энд тушаагаад, баримтаа аваад гарчих хэмээн төлбөрийг нь хурааж аваад, дагуулан явав. Харин нөгөө миний уулзахыг хүссэн гавъяат эмч ирсэнгүй. Учир нь 16 цагаас хойш тусгай тарифаар үйлчилдэг ажээ.
Түүний шавь, өөр нэг их эмч бүсгүй үдээс өмнө үйлчилдэг ажээ. Ам, гар хоёр нь зөрдөг эмэгтэйчүүдийн эмч нарын бизнес болон цэцэглэж байгаа эмэгтэйчүүдийн гэх тодотголтой эмнэлгийн гол орлогыг энэхүү аборт-ын үйлчилгээ бүрдүүлдэг юмуу гэсэн сэтгэгдэл төрснөө нуух юун. Учир нь өглөө арваас өдрийн 12 цаг хүртэл гавъяат эмчийг хүлээн суух зуур абортонд орохыг хүссэн хорь орчим насны хоёр охин, гуч гарсан нэг хөдөөний эмэгтэй ирсэн. Өшөө коридорт нь олон хүмүүс дугаарлан зогсож байсан. Тэдэн дунд аборт хийлгэх хүн хэд байгааг хэлж мэдэхгүй. Хүн ам ихээр төвлөрсөн нийслэл хотод маань тав, арав алхаад л Эмэгтэйчүүдийн эмнэлэг таардаг. Тэд үйлчлүүлэгчдээ татах үүднээс манайх тийм ч сүүлийн үеийн аппараттай, ийм ч гавъяат эмч ажилладаг хэмээн хэвлэл мэдээллээр сурталчлах нь их. Бараг л үр хөндөлтийг хамгийн хямдаар гэж рекламдах нь энүүхэнд. Энэ олон эмнэлэгт тавих хяналт сул байдгаас л тэд ингэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Амаараа бол сэтгэлээ чилээн ярьж, алтан гараараа муу ёрыг гүйцэтгэж байдаг эмэгтэйчүүдийн эмч нар нэртэйд нь Үр хөндөлтийн эмнэлэг гэж нэрлээд, үйлчилгээндээ SALE зарлачихмаар юм даа. Эмнэлгийн үйлчилгээ энэ байдлаараа үргэлжлэх юм бол SALE зарлаж ч мэдэх нь. Түр зуурын зугаа цэнгэлээс болж үүрдийн сэтгэлийн шархтай үлддэг охид, бүсгүйчүүд маань жирэмсэлбэл үр хөндүүлдэг ёстой юм шиг ахархан бодол тээж явдаг нь тэдэнд бас өгөөш болж байна. Эмч нар охид, бүсгүйчүүдийн гараас хөтлөн авчирч аборт хийгээгүй ч гэлээ манайд ир хэмээн рекламдах эмнэлгүүдийн тоо хэрээс хэтэрчээ. Үүнийг цомхотгон хяналтаа сайжруулж, алдаа дутагдал гарсан тохиолдолд хатуухан арга хэмжээ авдаг болчихвол түүгээр үйлчлүүлэх эмэгтэйчүүдийн тоо хэд дахин багасч, эх үрийн эндэгдэл тэр хэмжээгээр буурах нь лавтай.
Үр хөндөлтийн хор уршиг
Үр хөндүүлэх үед гарч болох хүндрэлүүд
– Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд
– Халдвар орж цаашид хүндрэх
– Өвдөлтийн шок
– Зөөлөн эд урагдах, умай цоорох
– Умай агшихгүй байх, ихсийн хэсэг үлдэх
Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэлүүд
– Сарын тэмдэг алдагдах
– Умайн булчингийн агших чадвар сулаас умайн хөндийд шавхарга хуримтлагдах
– Умай, түүний даврын үрэвсэл үүсэх
– Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
– Архаг үрэвсэл сэдрэх
– Үргүй болох
– Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
– Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаас урьтаж ховхрох, цус алдах зэрэг хүндрэлүүд гарна.
Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг их хэмжээтэй ирэх, удаан үргэлжлэх зэрэг өөрчлөлт мөн гардаг байна. Үр хөндүүлсний дараа 3-7 хоног цусархаг ялгадас гарах ёстой. Хэрвээ их хэмжээтэй цус гарвал эмчдээ яаралтай үзүүлэх шаардлагатай. Үр хөндүүлсний дараа нэг cap болоод эмэгтэйн бие хэвийн байдалдаа орж, дааврын үйл ажиллагааны зохицуулга хэвийн хэмжээнд орох ёстой. Энэ хугацаанд эмэгтэйчүүд эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих, биеийн халуунаа эхний 3-5 хоногт байнга хянаж хэрэв халуурах бие эвгүйтэх шинж илэрвэл эмчдээ хандах, үр хөндүүлсний дараа нэг сарын хугацаанд архи тамхинаас татгалзах, үр хөндсөний уршгаар биеийн эсэргүүцэл суларч эрхтэн тогтолцооны зохицуулга алдагддагийг анхаарч аминдэмээр баялаг илчлэг хоол хүнс хэрэглэх, эмчийн хяналтанд байх, үр хөндүүлсний дараа хүнд юм өргөх, ус чийг ихтэй орчинд ажиллах, даарах зэрэг зохиегүй нөлөөллөөс болгоомжилж байхыг анхаарна уу.
Эхэс ямар үүрэгтэй вэ?
Эх доторхи урагт эм нөлөөлөх эсэх нь эхэсийн хоригоор эм нэвтрэх эсэхтэй холбоотой бөгөөд эхэс нь эмийн бодисоос ургийг хамгаалах, эмийг бодисыг хувиргах / исэлдүүлэх, ангижруулах, гидролизод орууулах/ үүрэгтэй. Эхэсээр эм нэвтрэхэд нөлөөлөх хүчин зүйл нь гэвэл тухайн эхийн хэрэглэсэн эмийн физик, химийн шинж, эмийн тос, усанд уусах чанар, ионжилтын зэрэг, эхэсийн бүтэц, үйл ажиллагааны хэвийн байдал, эхэсийн цусны урсгал, жирэмсний хугацаа, эхийн өвчлөл зэрэг нөлөөлдөг байна. Энэ нь эхэсээр ирж буй цусны 20-40 хувь нь элгийг алгасан цусны эргэлтэнд орж ургийн биед тархдаг байна. Өөрөөр хэлбэл эхэсээр ирж буй эмийн нэлээд хэсэг нь ургийн биед анхдагч хувиралгүйгээр нэвтрэх боломжтой гэсэн үг. Ургийн биеийн хэсгүүдийн цусан хангамж харилцан адилгүй байдаг тул эхэсээр ирсэн эм ургийн цээжин бие, толгойн хэсэгт илүү ихээр хүрч очих нөхцөл бүрдүүлдэг байна. Ургийн цус-тархины хориг сул байдаг учраас эмийн бодис ургийн тархийг хордуулах өртөмжийг ихэсгэдэг. Зарим эмүүд ургийн бие эрхтэнийн тодорхой хэсгүүдэд харилцан адилгүй хуримтлагдаж, аль нэг эрхтэнийг нь илүүтэй хордуулж гэмтээдэг ажээ. /Тухайлбал иодит нэгдлүүд бамбай булчирхайд, тетрациклин ясны эдэд гэх мэт/
Тиймээс жирэмсэн эхчүүд маань бие эрхтэнээ өвдсөн тохиолдолд эмчийн заавар зөвлөгөөтэйгээр эмийг хэрэглэж байхыг анхааруулж байна. Үр тогтсоноос хойш 17 хоног буюу үр тогтсон өндгөн эс хуваагдах үед эм сөргөөр нөлөөлвөл үр хөврөл хөнөөгдөх буюу жирэмслэлт таслагдах аюултай байдаг бол 18-55 дахь хоног буюу эрхтэн хөгжлийн үед эм сөргөөр нөлөөлснөөр төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг аж. 56 хоногоос хойш ургийн хөгжлийн үед эм сөргөөр нөлөөлөх нь ихэнхдээ аль нэг эрхтэний үйл ажиллагаа өөрчлөлттэй төрдөг байна.
Дугаар 05/578/