Халдварт шараар өвчлөгсдийн тоо ойрын 10 жилдээ буурахгүй

хепатитын вирусийн халдвар 25 орчим хувийг эзэлж, нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байгаа аж. Эрүүл мэндээс гадна эдийн засгийн асар их хохирол учруулсаар байгаа уг өвчнөөс урьлчилан сэргийлэх, оношилгоог боловсронгуй болгох талаар анагаахын шинжлэх ухааны доктор, академич, Анагаах ухааны академийн ерөнхийлөгч П.Нямдаваа, АЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Луи Дапенг нартай ярилилаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Луи Дапенг

-Манай улс хепатитын эсрэг хэр тэмцэж байна гэж та бодож байна вэ?

-Би Монголд ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд 18 аймгийн 100-гаад сумаар явлаа. Вируст хепатитаар өвчлөгсөд эмнэлэг болгонд л олноор хэвтэж байх юм. Монголд хепатитын талаархи удирдамжийг 30-40 жилийн өмнө гаргасан байна. Судлаачдад энэ өвчнийг хяналтдаа авах, урьдчилан сэргийлэх, эмчлэх аргаа олж байгаа энэ цаг үед хуучирсан удирдамжаар явах хэрэггүй юм.

-Арга барил нь хоцрогдсон гэсэн үг үү?

-Жишээ нь, А, Е вирусээр өвчлөгсдийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэж үздэг. Гэтэл Монголд шарласан хүн бүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөрдөж байгаа удирдамжид нь тэгж заасан болохоор аргагүй л дээ. Харин ингэснээр шаардлагагүй зүйлд үргүй зардал гаргаж байгаа юм.

-Таны бодлоор яах ёстой вэ?

-Дээр хэлсэн үргүй зардал гаргаж, хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй хүнийг эмнэлэгт эмчлэхээ болих хэрэгтэй. Зарим улс оронд хүүхдийг эхийн хэвлийд байхад нь хепатитын шинжилгээ хийж, төрөнгүүт нь вакцин хийх нь ч бий. Тэгснээр дархлаа тогтоно. Энэ мэт дэвшилтэт аргыг нэвтрүүлмээр байна.

-Вакцины тухайд та юу хэлмээр байна вэ?

-Вируст хепатитаас сэргийлэхэд вакцинаас гадна урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал. Жишээ нь, Е вирусын эсрэг вакцин байхгүй, бий болгох гээд судалгаа хийж л байна. Непальд гэхэд 900-гаад хүнд судалгаа хийсний 90 хувьд нь дархлаа тогтож байгаа гэсэн. С вирусийн эсрэг мөн л вакцин гараагүй байгаа. Нэгэнт вакцин байхгүй учир С-гээс сэргийлэх зөвлөмжийг ДЭМБ-аас гаргасан. Уг зөвлөмжид Анхдагч халдвараас урьдчилан сэргийлэх, зүү тариур, донор солихгүй байх, бэлгийн эрсдэлтэй зан үйлийг багасгах талаар тусгасан байдаг.

-Хепатитыг манайхан бохир гарын өвчин л гэдэг. Гэтэл халдвар дамжих өөр олон зам байдаг биз дээ?

-Тиймээ. Жишээ нь, жилд A вирусээр өвчилж, эмчлэгдсэн хүний тоо 1,4 саяд хүрч байна. Энэ вирус судсаар хар тамхи тарьдаг юм уу эсвэл ижил хүйстэн эрчүүдэд их тохиолддог. Уг вирус өөр амьтанд илрээгүй хүнээс хүнд л халдварладаг тул зогсоож хяналтдаа авах боломж бий. С вирус бол цусаар, бэлгийн замаар, эмнэлгийн замаар гээд ДОХ-ын вирусээс ч илүү халдварлах аюултай.

-Халдварт шараар өвчилснөөс үүдэж элэгний хавдар болсон тохиолдол манайд их байдаг?

-Олон зүйлээс хамаарна. Тухайлбал, халдвар хэзээ авснаас шалтгаалдаг. A, Е вирусийн халдварыг багадаа авсан бол тэр бүр архагшаад байдаггүй. Харин В вирусийг багадаа авах тусмаа хожим архагших магадлал өндөр. Энэ тохиолдолд архагших магадлал 50 хувь байдаг бол насанд хүрсэн үедээ В вирус авсан хүмүүсийн 5-аас 10 хувь нь архагшдаг.

-Монгол вируст хепатитын өвчлөлөөр дэлхийд хэдэд жагсдаг бол?

-Өндөр тархалттай орны тоонд орж байна. Хөгжиж буй орнуудад хепатитын тархалт өндөр байгаа нь ажиглагдсан. А,В,С,Е вирусын тархалт Монголд маш их байна.

Доктор, академич П.Нямдаваа

-Таныг вируст хепатитын хяналт, тандалт ямар байгаа талаар судалж байгаа гэсэн. Монголд энэ өвчнийг хэзээнээс илрүүлж, эмчилж эхэлсэн юм бэ?

-Монголд анх 1952 онд тусгай бие даасан өвчин гэж бүртгэж авсан байдаг. 60-аад оны үед өвчлөл дээд цэгтээ хүрч арван мянган хүн тутмын 200 нь вируст хепатитаар өвчлөх болсон. Энэ үед вирусээр үүсгэгдэж байна гэдгийг зөвхөн таамагладаг л байсан. Яг ямар вирусээр үүсээд байгаа, хэр хор уршигтайг нь мэдэхгүй байсан. Одоо харьцангуй багасч, арван мянган хүн тутамд 200 бүртгэгдэж байснаасаа бараг арав дахин буурч 20 орчим болж, эндэгдэл багасаад байна.

-Монголд вируст хепатитын өвчлөл бага болсон хэрэг үү?

-Бага гэж хэлж болохгүй. 2002 онд Засгийн газраас гаргасан хөтөлбөр, зорилтдоо хүрч чадахгүй байна, Арван мянган хүн тутамд 20 бүртгэгдэж байгааг 2010 он гэхэд 10-15 болгох тухай байсан юм. Миний үзэж байгаагаар ахиад 10 жил эрүүл мэндийн байгууллагын санаа зовоосон асуудал хэвээр байна. Ялангуяа В, С вирус элэгний анхдагч хорт хавдар үүсэхэд өндөр нөлөөтэй нь батлагдсан. Тэгэхээр халдварт өвчинтэй бус хавдартай давхар тэмцэнэ гэсэн үг. Элэгний анхдагч өмөн бол хепатитын халдвар авснаас хойш 20 жил далд үедээ байдаг. Анхны вакцин хийлгэсэн хүүхдүүд одоо дөнгөж 18 нас хүрч байна. Тэгэхээр үүнээс өмнө өвчилсөн хүн олон байгаа.

-Вакцины үр дүн мэдэгдэх болоогүй гэсэн үг үү?

-Анхны хепатитын эсрэг вакциныг Монголд 1991 оноос хийж эхэлсэн. Тэр үед бол вакцин өндөр үнэтэй, нэг тун нь л гэхэд зуун ам.долларын өртөгтэй байлаа. Гэсэн ч өвчлөл их байсан учир үүнийг хийхээс өөр аргагүй байсан юм. Одоо хепатитын зарим вирусээс хамгаалах вакцин гараагүй л байгаа. Монголд вакцинд хамрагдсан хүүхэд хепатитаар өвчилсөн тохиолдол ч гарсан гэдэг юм.

Г.Тунгалаг

Дугаар 026/605/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button