Rio Tinto өрөө дарахын тулд хятадуудад хувьцаагаа худалдана
Хятадын корпораци автсраличуудын хөрөнгөн дэх өөрийн хувийг 15 хувь хүртэл ихэсгэх боломжтой юм. Энэ хэлцлийн үнэ ес орчим тэрбум доллар болох аж. Энэ мөнгө нь Rio Tinto-д өр зээлээ төлөхөд шаардлагатай бөгөөд есөн тэрбум долларыг энэ оны аравдугаар сард төлж дуусгах учиртай байна. Өнөөдөр Rio Tinto компанийн нийт өр, зээл 39 тэрбум доллартай тэнцэж байгаа гэнэ. Тэгвэл компанийн хувьцааны үнэ 2008 оны тавдугаар сард хамгийн дээд цэгтээ хүрч байсантай харьцуулбал дөрөв дахин хямдарсан агаад компанийн нийт үнэлгээ 22.7 тэрбум доллар болжээ. Хөрөнгийн үнэлгээ ийнхүү буурсан нь дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоос гадна тус компанийг Англи-Австралийн ВНР Biliton корпораци худалдаж авах гэрээ цуцлагдсантай шууд холбоотой юм. Chinalco-той хийх гэрээ амжилттай болохын тулд Австралийн Засгийн газар тусгай зөвшөөрөл өгөх учиртай байна. Өнөөдөр хятадууд Rio Tinto-гийн хувьцааны есөн хувийг эзэмшдэг бөгөөд хэрэв шинэ хэлцэл амжилттай болвол энэ эзлэх хувь 15 хувь хүртэл нэмэгдэнэ.
Харин Канберра Rio Tinto дахь гадаадын компаниудын эзлэх дээд хувийн түвшинг 11 хувиар хязгаарлаж байгаа билээ. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар тасалдахад хүрвэл Rio Tinto нь Chinalco-д өөрийн хэд хэдэн уурхайг худалдах магадлалтай юм. Түүний дотор Чили улсад байдаг дэлхийн томоохон зэсийн уурхай Escondida багтаж байна. Rio Tinto-гийн удирдлага хамгийн эцсийн хувилбар болгож хувьцаагаа өөрийн хувьцаа эзэмшигчдэд тэдний эзлэх хувьд тэнцүүлэн хувааж худалдах саналыг ч мөн гаргажээ. Дэлхийн эдийн засгийн хямралаас улбаалаад Rio Tinto өөрийн хэд хэдэн төсөлд хөрөнгө оруулахыг хойш тавиад байгаа агаад дэлхий даяар өөрийн 14 мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргав. Энэ нь тус компанид жил бүр нэмж 1.2 тэрбум доллар хадгалж үлдэхэд тус болох юм.
Дугаар 04/479/
МАШ НУУЦ