Хэнтийн мэргэн хүүгийн аав, ээжийг хөнөөсөн ДЯЯ-ны хэлтсийн даргын охин хятадад учир битүүлгээр хорлогджээ

хүүхдээ явуулж сургахыг эрмэлзэх эцэг, эхчүүд ч цөөнгүй болж. Ер нь эртнээс энэ зүгийн сургуульд манай олон олон залуус сурч боловсорч ирсэн уламжлалтай. Гэхдээ сайны хажуугаар саар гэгч заавал тохиож байдаг хойно эдүгээгээс 40-өөд жилийн өмнө БНХАУ-ын Шанхай хотноо суралцаж байсан оюутан бүсгүй бусдын гарт хорлогдон амиа алдаж, энэ хэрэгт нутаг нэгт оюутан залуу хилсээр гүтгэгдэн найман жил харийн нутагт өргөст торны цаана хоригдсон тухай өвгөн комиссар З.Батсүх гуай нэгэнтээ ийнхүү хүүрнэсэн юм.

Тухайн цагтаа нууцын зэрэглэлд багтан он удаан жил хавтаст хэрэгт үдэгдэн байсан энэхүү харамсалтай бөгөөд сургамж болохуйц түүхийг өгүүлсэн З.Батсүх абугайд талархсан сэтгэлээ энэ дашрамд илэрхийлсү. Тэрбээр бас бичгийн хүн болой. БНМАУ, БНХАУ-ын харилцаа сайжраад байсан 1960 онд хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр 10 гаруй охид, хөвгүүд Бээжин, Шанхайд очиж суралцжээ. Юм үзэж нүд тайлаагүй нас залуу охид, хөвгүүд хоорондоо эвтэй найртай нөхөрлөж суралцаж байсаар хоёрдахь жилдээ орж анхны үеэ бодвол хот хүрээгээ гадарладаг, хятадаар хэл нэвтрэлцдэг бололд байсан үед нэгэн хачирхалтай, аймшигтай хэрэг гарч бөөн дуулиан болсон байна. Шанхай хотын Дорно дахины дунд сургуулийн оюутан бүсгүй Болдын Болдмаа 1962 оны дөрөвдүгээр сарын 22-ний шөнө сургуулийн их хэрмэн хашааны дотор оюутны байр, хоолны газрын ойролцоох буланд бусдад зэрлэгээр хорлогдон амь насаа алдсан байв.

Б.Болдмаа нь ороо бусгаа цагийн жилүүдэд ДЯЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж Хэнтийн мэргэн хүүгийн аав, ээжийг буудан алсан хэрэгт холбогдож байсан Болд гэдэг хүний охин байлаа. Хэргийн газрын анхны үзлэгээр бүсгүйн цогцосны хүзүүг олсоор оосорлож чангааснаас үзвэл түүнийг боомилж амь насыг нь хөнөөсөн мөн өмд шуудгийг нь шувтлаад орхисныг үзвэл хүчирхийлсэн байж болох шинж байдал байсны дээр хамгийн балмад үйлдэл бол түүний гэдсийг хутгаар хага ярж орхисон байжээ. Энэ байдал бол Монгол хүний үйлдэл бус Хятад, Дорно дахины харгис этгээдүүд өшөө хорслоо ийнхүү тайлдаг байсан гэдгийг өөрийн эрхгүй санагдуулахаар байсан гэдэг.

Тэр үед Шанхай хотын эрүүгийн хэргийг эрхлэх газар энэ хэргийг шалгаж, хэрэг гардаг шөнө талийгаачийн төрсөн өдрийг тэмдэглэж хамт байсан Хятадын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд суралцдаг монгол оюутан Б.Насанжав, оюутан эмэгтэй Н.Дийдэнцэцэг хоёрыг сэжигтнээр татаж шууд эрүү үүсгэн байцааж байгаад тэр хоёрт БНХАУ-ын шүүхээс ял ноогдуулсан байна. Б.Насанжавыг нэг жил найман cap хорьж мөрдсөний эцэст 1964 онд 18 жилийн хорих ялаар шийтгэж, Н.Дийдэнцэцэгийг 8 cap хорьж байцаасны дараа дөрвөн жилийн тэнсэн ял оногдуулжээ.

Б.Насанжав Хятад улсын мөрдөн болох хорих газарт арваад жил хоригдон ял эдэлсний эцэст хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр 1970 оны есдүгээр сарын хоёронд хэрэгтэн солилцох журмаар эх орондоо эсэн мэнд хүргэгдэн ирсэн байна. Б.Насанжав нь БНХАУ-ын шүүхээр шийтгэгдэн харийн нутагт арваад жил шоронд ял эдэлж зовж зүдэрсний эцэст эх нутагтаа ирж энд тэнд янз бүрийн ажил хийж гундуухан яваад 1990 оны ардчилсан хувьсгалтай золгожээ. Тэгээд энэ үед Цагаатгалын улсын комисс болон Улсын Дээд шүүхэд хандай өргөдөл гаргаж, энэ хэрэгт хилсээр шийтгэгдэж олон жил ял эдэлсэн, хуулийн байгууллага хэрэгт холбогдох материалыг зохиомлоор бүрдүүлснийг тогтоож таныг сулласан байна.

Тиймээс та хилс хэрэгт холбогдон хоригдож хууль бусаар ял эдэлжээ гэсэн байна. Гэсэн ч Б.Насанжав тэр үед хамт ял шийтгүүлээд тэнсэнгээр суллагдсан Н.Дийдэнцэцэгийг дээрх хэргийг үйлдсэн гэж оролдон сонин хэвлэлд энэ тухай олонтаа бичиж байжээ.

Дийдэнцэцэг нь манай нэрт эрдэмтэн, судлаач О.Намнандоржийн охин юм. Бадрахын Насанжав хожим нь бичсэн тайлбар тодорхойлолтдоо

– Сүүлд нь мөрдөн байцаагч хэлэхдээ, Хохь чинь ээ. Дийдэнцэцэгт ашиглагдах бололцоог чи өөрөө олгосон байна. Тэр үед та нарын цусыг авсан, мөн олс, чулууг бүгдэд үзүүлсэн. Тэгэхэд чи яагаад өөрийн олс, хамраас гоожсон цустай чулуу хоёроо таниад тэр даруй Энэ чинь миний олс байна. Миний өргөж байсан чулуу мөн. Дээр нь хамраас гоожсон цус байх ёстой. Үүнийг Дийдэнцэцэг дөрөвдүгээр сарын 21-ний өглөө хар ноосон цамцтай, хар ногоон өнгийн дөрвөлжин хээтэй банзалтай шатан дээр зогсч байгаад харсан юм. Энэ хэргийн бүх учрыг тэр л мэднэ гээд хэлсэн бол чи шууд газар дээр нь барьж өгөх байсан шүү дээ. Чи ёстой тэнэг амьтан гэж байв. Энэ буруу явдлаас болж би хохирсон хүн.

Мөрдөн байцаагч надад хэлэхдээ Танай Элчин сайдын яамны ажилтан Сономцэрэн гэдэг хүн бидний асуултад намайг барь гэсэн гэж байв. Учир нь Сономцэрэн хариулахдаа Насанжав бол архи уудаг, гадуур хэсдэг, хөдөөнөөс ирсэн буриад хүн, тэр хүн алж хутгалахаас буцахгүй. Н.Дийдэнцэцэгийг баривчилж болохгүй. Тэр бага хүүхэд, эмэгтэй, хотод өссөн, юм мэдэхгүй. Хамгийн гол нь манай тэргүүний сэхээтэн, нэрт эрдэмтэн О.Намнандоржийн хүүхэд. Хүн алах үндэсгүй гэжээ. Мөрдөн байцаагч цааш нь,

– Танай улсын Элчин сайдын яамнаас чамайг алуурчин гэж гэрчилж байна. Тийм болохоор ча¬майг баривчлахад зовох юм алга. Харин Дийдэнцэцэгийн хувьд бол энэ хэрэгт оролцсон нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон учир баривчилсан. Үүнд,

– Болдмаагийн амь алдсан тэр орчмын шороон дээр Дийдэнцэцэг, Болдмаа хоёрын мөр өдий төдий байсан. Харин миний гутлын мөр үнэндээ байгаагүй.

– Болдмаагийн бие, хувцас, гутал, олс, чулуу тэр бүхэнд зөвхөн Дийдэнцэцэгийг гарын хээ байгааг бид үгүйсгэж чадахгүй. Иймд арга буюу Дийдэнцэцэгийг баривчилсан юм гэж ярьж байсан.

Намайг нэг жил найман cap орчим мөрдөнд гартаа гав, хөлөндөө дөнгөтэй мөрдсөний дараа нэг өдөр Дийдэнцэцэгийн оруулж надад үзүүлэнгүүт авч гарсны дараа дуу хураагчид Дийдэнцэцэгийн ярьсан зүйлийг надад сонсгож хүн алсанаа хүлээ гэж шууд тулгасан. Үүнээс хойш ийм л байдлаар асуугаад байх болсон юм.

Дараа нь Болдмаагийн үхсэн газрын орчим дахь муу усны нүхийг Дийдэнцэцэг хуруугаараа зааж, тэр нүхнээс нэг хутга, архины шил гаргаж ирж байгаа зураг мөн оюутны байрны жорлон, муу усны нүхнээс Болдмаагийн цагийг гаргаж ирж байгаа зураг сэлтийг үзүүлж хүн алснаа хүлээхийг шаардаж байсан. Үүнээс үзэхэд Дийдэнцэцэг Болдмааг алаагүй л бол тэр хутга, архины шил, цагийг хэн, хаана, яаж нуусныг тэр яаж мэдэх вэ? Магадгүй одоо Дийдэнцэцэг намайг хятадууд хүчээр зохиомол байдлаар хийлгэсэн гэж болох юм. Олон жил бодоод байхад Дийдэнцэцэг л Болдмааг алжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ гэсэн бол Н.Дийдэнцэцэг тайлбартаа

– Шанхайн их сургуульд суралцаж байсан монгол оюутны нэг Б.Болдмаа нас барсантай холбогдон хэлмэгдсэн Б.Насанжавын бичсэн, миний нэр хүндийг гутаах гэсэн гүтгэлгэд хариу болгон нэр хүндээ хамгаалан түмэн олондоо зөв ойлголт өгөхөөр үүнийг бичиж байна. 1962 оны дөрөвдүгээр сарын 22-нд учир үл мэдэгдэх шалтгаанаар Б.Болдмаа нас барж, Насанжав бригадаад явсныг хамт суралцаж байсан оюутнууд бүгд мэднэ. Бид хичээлдээ явсаар 1963 оны долоодугаар сард хоёрдугаар ангиа дүүргээд төгсөх ангийн оюутан Мандахын хамт буцах билетээ аваад явах гэж байтал Чамаас юм асууна гэж нэг хятад хүн ирж уулзан намайг авч үлдсэн. Маргааш нь явах хугацаа оройтлоо гэхэд Чамд онгоцны билет авч өгнө. Чи нисээд л дороо нутагтаа очно гэж намайг хууран авч үлдсэн юм. Тэд намайг Чи дахин Монголдоо очихгүй, чи энд үхнэ. Чиний махаар нохой тэжээнэ. Танай ар гарт ямар аюул учирсныг чи мэдэх үү гэх мэтээр айлгаж зовоон 19-хөн настай хүүхэд би уйлахаас өөрийг мэдэхгүй айн чичирч байсныг эргэн дурсахад аймшигтай санагддаг.

Хэрэв би Болдмаатай нэг өрөөнд амьдарч байгаагүй бол энэ учир битүүлэг хэрэгт холбогдох учиргүй байсан байх даа гэж бодож явдаг. Намайг найман cap сэтгэл санааны байнгын дарамтад тамлан зовоосоор сүүлд нь тэгж хэл, ингэж хэл гэж хүчлэн хэлүүлж дуу хураагчид олон арван удаа бичиж гарын үсгээ зур гэж олон хуудас цаас авчран гарын үсгийг минь тулган бичүүлж байсан. Тэр үед даанч юу ч мэдэхгүй, эх эцэгтээ ширүүн ч үг хэлүүлж байгаагүй тайван сайхан орчинд өсч хүмүүжсэн би даанч аймшигтай юмтай учирч хэл гэснийг нь хэлж, бич гэснийг нь бичиж арга буюу эх орон, аав, ээждээ амьд ирэхийн тулд бүх байдлыг хүлээсэн дээ.

1964 оны эхээр Хятадын тал надад ял тулган хэрэг хүлээлгэж дөрвөн жилийн тэнсэн ял гэдгийг оноож хичээлд минь буцааж явуулсан. Энэ үед Элчин сайд байсан Д.Цэвэгмид гуай надтай очиж уулзахад энэ тухай юу ч ярьж болохгүй гэж хэд хэдэн хятад хүний хяналтан дор уулзан Бие чинь сайн уу? Хичээлдээ явж байна уу? Ээж, ааваасаа захиа авч байна уу? Ар гэрийнхэн чинь бүгд сайн гэх мэтээс илүү дутуу өөр үг ярилцдаггүй байсан. Гэтэл 1965 оны 12 дугаар сард намайг дуудан Чи нутагтаа буцах боллоо. Чи эргэж ирэх үү? Нутагтаа очоод энэ тухай юу ярих вэ? гэх мэтээр асуухад нь би айж сандран ирж сургуульдаа явна, энэ хэргийн талаар хамаагүй ярихгүй гэж байсан. Ингэж 1966 оны нэгдүгээр сарын нэгэнд би ээжтэйгээ хамт эргэж ирсэн юм.

Б.Насанжав, Н.Дийдэнцэцэг нар ийнхүү олон жилийн өмнөх хэрэг явдлын талаар бичжээ. Н.Дийдэнцэцэг өөрийн бичсэн тайлбартаа Б.Насанжав нь удаа дараа соггуугаар ирж агсан тавьж байсан, элдвээр авирлан айлган сүрдүүлж байсныг дурдсан байдаг. Эдүгээгээс 46 жилийн тэртээ Шанхайд монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг ийн хоёр монгол оюутны амьдралд хар сүүдэр тусгасан, амьдралыг нь харлуулсан гашуун түүхтэй.

Ж.БААТАР

Эх сурвалж Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button