Хойт эцгийн зодуур даалгүй хорвоог орхисон жаалхүүгийн жинхэнэ эцэг алуурчинтай тооцоо бодно

Одоогоос арван хоёр жилийн өмнө Д.Оюунгэрэл хүү төрүүлэн эх хүний жаргал эдэлж явсан цаг өчигдөрхөн мэт. Д.Оюунгэрэл бүсгүй залуу насны гэнэн сэтгэлээр Б.Төрмөнх гэдэг залууд хайр сэтгэлтэй болсон бөгөөд эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж өвөр түрийдээ орсноор анхныхаа хүүхдийг тээж, улмаар хүү төрүүлсэн болохоор Төрмөнхөөс салсандаа огт харамсдаггүй байсан байна. Төрмөнхийн эхнэр, хүүхэд хөдөөнөөс хот руу шилжин ирснээр Төрмөнх, Оюунгэрэл хоёрын учрал хөндийрөхөөс өөр замгүй болмогц нөхцөл байдлыг ойлгосон Оюунгэрэл ах, дүүгээ бараадан Эрдэнэт хот руу шилжин амьдрах болж.

Оюунгэрэл, Төрмөнх хоёрын харьцаа бүрмөсөн тасраагүй байжээ. Учир нь тэднийг ганц хүү нь хааяа уулзуулдаг байсан байна. 2003 оноос Оюунгэрэлтэй суух гэсэн Ц.Наранбаатар гэгч эр бараг л хагас жил хэртэй гуйж, гувшаад салахгүй байсан тул Оюунгэрэл найз нөхөд, ах дүүстэйгээ зөвлөлдөхөд бүгд л алийн болгон өрх толгойлж явах гээв. Эр хүний нөмөр нөөлөг шиг эрхэм юм амьдралд байдаггүй юм гэж ятгаад байхаар нь Оюунгэрэл, Наранбаатартай тооноот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбосон байна. Түүнийг Наранбаатар гэгчтэй ханилахад Төрмөнх бас үүрэг гүйцэтгэсэн аж. Оюунгэрэл нөхөрт гарахаасаа өмнө хүнтэй суух, эс суух талаар Төрмөнхөөс асуухад цаадах нь эртхэн суусан нь дээр гээдхэлчихсэн юм байж.

Оюунгэрэлийг өөрийн болгосон Наранбаатар өөрийнхөө хүүхдийг төртөл дагавар хүү Ууганзаяад амь шигээ хайртай байсан гэнэ.

Үүнд нь Оюунгэрэл баярлан, зөв хүнтэй ханилсандаа баярлаж явдаг байжээ. 2004 онд Наранбаатарын анхны нь хүүхэд хүү төржээ. Тэр цагаас хойш Наранбаатарын зэс нь цухуйж сав л хийвэл Ууганзаяаг гоочлон, жаахан жаахан юмаар шалтаг болгон үглэн загнах болсон байна. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг. Том болоод араас хутга шааж мэднэ. Дагавар хүүхэд осолтой гэх мэтийн үг цухуйлгах болсноор Оюунгэрэл, Наранбаатар хоёрын дунд үе үе хэрүүл маргаан дэгдэх болсон ба нэг бус удаа Оюунгэрэл, Ууганзаяагаа өмөөрөн Наранбаатараас салахаар шийдэн төрхөмдөө очсон боловч, нөхөр нь араас нь очиж, өөрийн бурууг хүлээн баахан уучлал гуйн, өвдөг сөхрөн амлалт өгч байгаад дагуулаад харьдаг байв.

Хүний эрээн дотроо гэдэг юутай үнэн билээ. Наранбаатар эхнэрээ ажилтай хойгуур дагавар хүүгээрээ гэрийн бүх ажлыг хийлгэдэг байж. Гэр цэвэрлэх, аяга таваг угаах, мод хагалах, ус барих, дүүгээ харах гээд хөөрхий балчир хүү бүхнийг хийх. Нэг л юм санаанд нь таалагдахгүй бол Наранбаатар Ууган¬заяаг хорслоо тайлтал, хайр найргүй зоддог байсан ба ээжийгээ ирэхээр хэлэх юм бол хоёуланг чинь холбож байгаад ална шүү гэж айлгадаг байж.

Ууганзаяад нөхөр нь хахир хэрцгий хандаад байх болсныг Оюунгэрэл ер мэдээгүй явсан аж. Сүүлийн үед талийгаач хүүгийнх нь бие гэнэт муудан, босч явж ч чадахаа больсон байна. Оюунгэрэл хүүгээ эмнэлэгт үзүүлэхээр явах гэхэд нь Наранбаатар, Би үзүүлээд ирье. Чи ажилдаа яв гэхэд нь нөхрийгөө овоо ш дээ гээд л итгээд өнгөрсөн байна. Наран¬баатар эмнэлэгт очсон ч, хүүд юу гэж хэл гэж зааж өгөн эмч рүү оруулсныг хэн ч үл мэднэ.

Талийгаач босоод ирэх биш. Эмч яаралтай эмнэлэгт хэвтэхийг зөвлөсөн ч Наранбаатар гэрээрээ эмчилнэ гээд эм тариа бичүүлсэн байгаа юм. Аптект байсан эмийг хүртэл тасарчихсан байна гэж худал хэлснийг бодохоор Наранбаатарыг санаатай хүний амь насыг хохироосон гэж болно. Ууганзаяаг бурхны орон руу одоход Оюунгэрэл Төрмөнх рүү хэл өгчээ. Талийгаачийн ажил явдалд оролцсон хүмүүс Наранбаатарыг хараад ихэд гайхжээ. Худлаа ч гэсэн нулимс дусаадаг байгаа. Нулимсаа байг гэхэд жаахан ч гэсэн харууссан дүр эсгэмээр. Огт тийм юм байхгүй, Гадаа хүйтэн байна. Хурдхан оршуулаад явцгаая хэмээн дэргэдэх хүмүүстээ ярьж байсан аж. Талийгаач хүүгийн жинхэнэ эцгийг нь ирснийг мэдсэн Наранбаатарын хөрш Даваахүү Төрмөнхтэй аминчлан уулзахдаа ийн ярьжээ.

– Хөөрхөн хүү байсан. Эдний ажлыг тэр л хийнэ. Энэ Наранбаатар гэгч л зодож байгаад алж орхилоо. Бурхан болоочийг аймаар зодно. Ээжээ дуудан орилохыг нь сонсох бүрт зүрх шимширдэг байлаа. Эхэд нь хэлэх гэхээр хэлж чаддаггүй байв. Хоёр ч удаа салах гэсэн улс. Амьдралыг нь бусниулаад яахав гээд хэлээгүй. Бид сэм хашааны завсраар харна. Талийгаач ч орилоод гэрээсээ гарч зугтана. Аав аа, өвдөөд байна. Би ажлаа сайн хийнэ, дүүгээ сайн харна гээд л. Наранбаатар ч эр хүний шинжгүй новш юм билээ. Төрмөнх хүүгийнхээ хорин нэг хоногийг өнгөрөөгөөд хуулийн байгууллагаар явах аж. Эхнэр бид хоёр гэрч болно гэж үнэнийг өчсөн байна.

Төрмөнх буцахдаа Наранбаатартай уулзан,

– Би эргэж ирнэ. Чамтай хатуухан ярих болно гэхэд цаадах нь бидний дунд ярих юм байхгүй гээд Төрмөнхтэй хамт явсан хүмүүсээс жийрхсэн бололтой зугтах шахам явж одсон байна. Хүний хувь тавилан гэж. Тэр тусмаа бутач дагавар хүүхдүүдийн хувь тавилан дэндүү өрөвдөлтэй. Ямар ч бай¬сан алуурчид амьд явах эрхгүй. Тийм болохоор энэ хэрэг нүдээ олж шийдэгдэх вий.

Б.АЛТ-ОЧИР

Эх сурвалж Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button