Иргэдийн тайван байдлыг алдагдуулдаг сүртэй дуутай утааны яндан, хэт чанга дуут дохиог хориглосны учир
захирагчид хүргүүлж, уг төсөлд Улаанбаатар хотын захирагч гарын үсэг зурснаар гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хэт чанга дуу авиа гаргадаг дуут дохио хэрэглэхийг хориглож эхлээд байгаа билээ. MNS45992003 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү дуу гаргаж буй утааны яндан тавьсан авто машин болон уралдааны зориулалтын мотоциклоор хот дотор зорчихыг хотын даргын захирамжаар мөн хориглосон. Эдгээрийг иргэдэд ойлгомжтой болгон хүргэх зорилгоор дараах мэдээллийг бэлтгэлээ.
Сүртэй дуу, чанга дохио биднийг ядрааж байна
Ийм үгтэй гомдол, бухимдлыг хөгшчүүд Замын цагдаагийн газарт болон Хотын даргад гаргажээ. Залуусын гоё гэж шохоорхдог, Кайф авах гэж авто машиндаа тавилаа гэдэг их дуутай бүдүүн яндангаас гарч буй дуу, авто машины хэт чанга дуут дохио хөгшчүүлд маань эсрэгээрээ дарамт болдог аж. Аргаа барахдаа л тэд холбогдох газруудад гомдол тавихдаа хүрээгүй байлгүй.
Хөгшчүүл ийнхүү гомдол гаргасан, бас дээр нь сүртэй дуу гаргадаг бүдүүн яндан, авто машины хэт чанга дуут дохио /сигнаал/ нь яах аргагүй дуу чимээг нийтийн хэмжээгээр ихэсгэхэд нөлөөлж байгаа учир хотын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү дуу гаргаж байгаа утааны яндантай, хэт чанга дуут дохиотой тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон биз ээ. Хөдөөд бол үүнийг хориглоогүй. Гагцхүү хотын дарга нийслэлийнхээ иргэдийн тав тухыг бодон, хотын дотор зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү дуу гаргаж байгаа тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон байгаа.
MNS45992003 стандартад юу гэж заасан байдаг вэ?
Энэ стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү дуу чимээтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон болохоор энэхүү стандартын заалтыг иргэд мэдэхийг хүсч буй нь лавтай.
Тэгвэл, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2003 оны долдугаар сарын 07-ний өдрийн 33 тоот тогтоолоор MNS45992003 стандартыг баталсан байна. Уг стандартад авто тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх төвшин, хэмжих аргын тухай зааж өгсөн байдаг аж. Тус стандартад зааснаар 1991 онд үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй суудлын авто машины утааны яндангаас ялгаруулах дуу чимээний төвшин 80 децибал байна. Гэтэл манай залуусын кайф авах гэж авто машиндаа тавьдаг дуу ихтэй бүдүүн яндангаас ялгаруулж байгаа чимээ дээрх 80 децибалаас хэдэн хувь давжээ. Дуу чимээг тусгай багажаар хэмждэг аж. MNS45992003 стандарттай дэлгэрэнгүй танилцах бол уг стандартыг www.stop.mn сайтын Хууль цэснээс бүрэн эхээр нь үзнэ үү.
Хөлөөрөө дарж дуугаргадаг дуут дохиог манайд зөвшөөрдөггүй
Зам хөндлөн гарч явсан өндөр настай эмээг хүлээж төвдөөгүй автобусны жолооч хийн сигнаал өгснөөс болж хөөрхий эмгэн тэнгэрт хальсан гашуун үнэн бий. Хөөрхий эмгэнийг үхэлд хүргэсэн энэ зохисгүй үйлдэлдээ автобусны жолооч буруудаагүй юм. Энэ мэт бусармаг явдал мэдээж байж таарахгүй. Үүнтэй эвлэрч явах ч ёсгүй билээ. Тиймээс хэт чанга дуу авиа гаргадаг дуут дохиог нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд тавихыг хотын захирагч захирамж гарган хориглосон хэрэг.
Хэт чанга дуу авиа гаргадг дуут дохио гэж чухам ямар дуут дохиог хэлдгийг Замын цагдаагийн газрын Бүртгэл техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа С.Пионероос тодрууллаа.
-Хэт чанга дуу авиа гаргадаг гэдэг, өөрөөр хэлбэл хотын захирагчийн гудамж замын хөдөлгөөнд оролцуулж байгаа тээврийн хэрэгсэлд тавихыг хориглосон дуут дохионы талаар хэлж өгөхгүй юу?
-Хар ухаанаар тайлбарлахад гар сигнаал, хөлөөрөө дардаг сигнаал гэж хоёр янзын сигнаал байдгийг хүмүүс мэднэ. Сигнаал гэдэг нь албан ёсны хэлээр авто тээврийн хэрэгслийн дуут дохио шүү дээ. Хөлөөрөө дарж дуугаргадаг сигнаалыг захирамжаар хориглосон.
Маш хүчтэй дуу гаргадаг энэ сигнаалыг автобусанд үйлдвэрээс нь тавьж өгсөн байдаг ч манайд хэрэглэхийг зөвшөөрөхгүй байгаа. Үйлдвэрээс маш онцгой тохиолдолд зөвхөн аваар ослоос сэргийлэх зорилгоор хэрэглэх зориулалтаар тавьж өгсөн байдаг юм билээ. Гэтэл манайд автобусны хоёр жолооч зөрж өнгөрөхдөө бие биентэйгээ мэндлэх гэж маш хүчтэй дуу гаргадаг тэр дохиог өгч байна. Тиймээс хориглохоос өөр арга байхгүй.
Улсын гарьд П.Сүхбат. Дуут дохио хүмүүсийг бухимдуулахаас өөр үүрэггүй, тийм хэрэггүй зүйл болсон байна
АНУ-д таван жил болоод ирсэн манай нэртэй бөх, улсын гарьд П.Сүхбат Америкаас ирээд удаагүй байхдаа Авто сонинд ярилцлага өгсөн юм. Тэрээр манай жолооч нар дуут дохиог ямар замбараагүй өгдгийг ихэд сэтгэл эмзэглэн ярьж байсан билээ. Түүний ярилцлагаас иш татахад, Олон жил гадаадад амьдарч байгаад ирээд тэгж санагдаж байгаа юмуу, энэ дуут дохиог замбараагүй өгдөг байдлыг үнэхээр гайхаж байна. Дуут дохиогоо хангинуулаад л дайрчихдаг болж, манай жолооч нар. Намайг АНУ явж байхад дуут дохио өгдөг байдал арай ч ийм замбараагүй байгаагүй. Сигнаалдаад дайрлаа гээд асуудал шийдэгдчихгүй. Харин ч хүмүүсийг улам бухимдуулж, уур учаар төрүүлж байна. Би ийм байдлаар сигнаал өгдгийг үнэхээр мэдэхгүй. Яагаад гэвэл би хэдэн жил хүний нутагт байгаад Замын хөдөлгөөнд дүрмээр нь оролцож байгаад ирсэн. АНУ-д ийм сигнаал сонсоогүй. Улаанбаатарт аваар болчихсон юм шиг л сигнаалыг өгч байна. Онцгой тохиолдолд, үнэхээр хүнд нөхцөлд яг анхааруулах гэж сигнаалыг өгдөг. Гэтэл манайд сигнаал дарж л байдаг, явган зорчигч нь явж л байдаг болжээ. Нөгөө сайхан болгоомжлуулах, анхааруулах утга учир нь байхгүй болчихсон, ердөө л хүмүүсийг цочоож, бухимдуулахаас өөр үүрэггүй тийм хэрэггүй зүйл болж хувирсан байна. Одоо юугаар хүнийг анхааруулах вэ. Сигнаал дарж байгааг хүмүүс огт анхаарахгүй явж байна шүү дээ. Хүмүүсийг дайрч унагаж байж л анхааруулах уу. Цагдаа нараас ганц л зүйлийг хүсмээр байна. Та бүхэн чадах ядахаараа замын хөдөлгөөн сахиулах гэж зүтгэж байгаа, тэрийг чинь мэдэж байна. Та бүхэн бас энэ сигнаалыг ингэж замбараагүй өгүүлэхгүй талаас ажил зохион байгуулаач ээ. Аргагүй онцгой тохиолдолд өгүүлэхийг бодооч гэж ярьжээ.
Улсын гарьд П.Сүхбатын хэлснээр хүмүүсийг бухимдуулахаас өөр үүрэггүй, тийм хэрэггүй зүйлсийг цэгцлэх цаг болсон байна.