Хямралын эсрэг алхаад марш!
Тэд цалингүй хоцорсон хүнийхээ халаасыг түнтийтэл ажлын байр бий болгож, гаднаас биш дотроосоо иддэг, өмсөдгөө авахыг уриалж байна. Энэ зуур Монголын засаг амь бөхтэй хямралын халдвар улс орных нь гүн рүү шингэж, хэчнээн хүндэрснийг сая нэг таньж, оройтсон ч дусал залгахаар боллоо. Цэнхэр нүдтэнүүдээс ялгаатай нь бидэнд сарвайх мөнгө үлдээгүй. Далайд дусал гэгчээр урд хөршөөсөө авахуулаад алс холын Катараас хүртэл бадарчилсаар зургаан тэрбум ногоон зээлэх хүсэлтээ тавиад байгаа. Давын өмнө 1,5 их наяд төгрөг олох зайлшгүй шаардлага Засгийн газарт тулж ирлээ. Засгийн боловсруулсан эл төлөвлөгөөг дэмжих гол хүч нь УИХ, төрийн байгууллагууд болон олон нийт. Гишүүд ирэх пүрэв гаригт хуралдаж, эл баримт бичгийг хэрэгжүүлэх эсэхэд дарах кноп бүрийнх нь үр дүн бидний маргаашийг тодорхойлох гэж байна. Арилжааны банкуудын ханшийн самбар хормоор өөрчлөгдөж, үндэсний мөнгөн дэвсгэрт урьд хожид байгаагүйгээр үнэгүйдчихээд байхад УИХ-д цаг алдах эрх алга. Юу юугүй болох Цагаан сараар хэтэвчин дэх хэдээ сэгсэрсний дараа хоёр идэхгүй хоосон хонохгүй байх эсэх нь тэдний ажлын хурдаас шалтгаалах гэж байна.
МИКРОФОНОО Ч, МӨНГӨӨ Ч ГАМНАЯ
УИХ-ын чуулганы үеэр хамгийн завгүй байдаг нь микрофон. Асуудал хэлэлцэх бүрт телевизийн од болж, бусдаасаа давсан ухаантай царай гаргах гэсэн зарим гишүүнд ганц хэрэгтэй эд нь. Хямралын эсрэг төлевлөгөөг өнөө маргаашгүй хэлэлцэх гэж байна. Тэр үед микрофоноо учиртай ашиглая гэжэдийн засагчид гишүүдэд дамжууллаа. Цөвүүн цагийн онцгой энэ нөхцөлд бие биенээсээ цэцэрхэж, хэлэлцэх асуудлыг шийдэх гэхээсээ сунжруулдгийг иргэд эрх биш гадарладаг болсон. Эхлээд төлөвлөгөөгөө баталчих, хангалттай цаг байгааг зарим нь бас хэлж байна. Гадаад орнуудын Засгийн газар хямралын эсрэг төлөвлөгөөгөө хэдийнэ батлаад хэрэгжүүлэх ажилдаа ороод эхэлсэн. Манай засаг оройтож ажлаа эхэлсэн ч бусдаас туршлага судлах боломж олдож байна. Одоо Засгийн газраас боловсруулаад хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьж байгаа хямралын эсрэг төлөвлөгөөг хугацаа алдалгүй батлахын төлөө алхаад марш!
ЭЭ ДЭЭ, ЭНЭ УЛСТӨРЖИЛТ ҮҮ
Хамт ажилладаг бүсгүй минь Эх орны хишиг-ээ авмаар байна. Хямралын үед тэр мөнгө шиг хэрэгтэй зүйл алга гэсээр ажилдаа орж ирэв. Банкнаас зээл өгөхгүй, байр, цахилгааны мөнгө нэхэгдэж, авдаг цалин нь өдрөөс өдөрт багассаар буй нөхцөлд намуудын амласан өнөөх хувь, хишиг хамгийн их хэрэгтэй байгаа нь мэдээж. УИХ-ын гишүүд халаасаа тэмтэрдэггүй л юм бол хоосон улстөржүүлсэн амлалтаа хэрэгжүүлэх хөрөнгө тэдэнд алга. Өөрсдөө ганц халуун сав үйлдвэрлээд гадаадад гаргадаггүй манайх шигбичил улсад энэ мэт улстөржилт иргэдийн амьдралд ямар их тээр, чөдөр тушаа болдгийг бид бэлхнээ харж байна. Дэлхийн банкныхан манай улсын төсөвт хийсэн судалгаагаа өнгөрсөн долоо хоногт тайлагнасныг уншигч та лав санаж байгаа биз. Алт, зэсийн үнийн өсөлтөд найдаад байдгаа барьчихсан бидний алдаа өнөөх л хоосон улстөржилтөөс эхтэй. Танайх шиг жижиг, нээлттэй эдийн засагтай улс дэлхийн эдийн засгийн хямралыг тойроод гарах боломж байсан. УИХ-ын гишүүдийн санаачилсан хавтгайрсан амлалт, үргүй зардал хямралд өртөх гол сувгийг нээжээ хэмээн тэдний хэлснийг дахин сөхье. Хувийн хэвшилд ажилладаг Дорж, төрийн байгууллагад алба хашдаг Дулмаа даяаршсан санхүүгийн зуднаар ажлаасаа шалтгаангүйгээр халагдахааргүй гарц бас байж. Буруутан нь бусдаасаа саналаар илүү гарч, Саарал ордонд өрөө-тэй болох гэсэн хар улстөрийн богионохон бодол.
Бид ч яахав гэхэд үр хойч маань ямар ирээдүйтэй нүүр тулах вэ гэдгийг тодорхойлох нэг гарц нь хямралыг хохирол багатай давах Засгийн газрын төлөвлөгөө. Одоо бидэнд хоосон улстөржилт биш, зөвхөн хурд юу юунаас илүү хэрэгтэй байна.
Ж.Цогзолмаа
Дугаар 32/3104/