Долоо дордсон ч найм сэхсэн . . .
Монголчууд зөөлөн нь хатуугаа… гэцгээдэг. Нээрээ ч энэ үгийг амьдрал дээр хэрэгжүүлж яваа хүний нэгийг Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг хэмээн нэрлэмээр байна. Гааль гэдэг хадны мангаанаас дутуугүй санагдаж, хамаг л муу муухайны үүр болсон юм шиг хүмүүс хандаж, хялайж байсан тэр л хүнд үед тус газрын даргаар ирсэн. Дуулиантай газрын тэргүүнээр сонгогдож ирээд хамгийн түрүүнд хийсэн ажлуудын нэгээр тус газарт ажиллаж байсан өөрийн хүүгээ ажлаас нь чөлөөлж. Мөн ерөнхийлөгчийн баз хэмээн хэвлэлээр хэдэнтээ шавхуурдуулж байсан хотын гаалийн газрын дарга Ц.Дариаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрсөн хүүгийн хувьд ч аавыгаа ойлгоод ажлаасаа үг дуугүйхэн гарч байсан бол Ц.Дариа даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарахад олон хүн түүнийг муурын сүүлээр тоглосон хулгана хэмээн тохуурхан эцсийн шийдвэрийг нь хүлээж байсан юм. Энэ талаар Д.Цэвээнжав дарга, маш тодорхой, бас ажил хэрэгч хариулт хэвлэлийнхэнд өгсөн.
Үүнд, Дариа гуайн хувьд Монголын гадаад худалдааны салбарт, гаалийн байгууллагад нийтдээ 18 жил ажилласан хүн. Нас нь тэтгэврийн хэмжээнд хүрчихсэн. Улаанбаатарын гаалийн газрын даргын ажлыг найман жил хашсан хүн. Би ирээд Дариа гуайтай уулзсан. Бидний өмнө энэ гаалийн байгууллагын ажлыг эмхэлж цэгцлэх, шинэчлэх, эрүүл гольдролд нь оруулах том зорилт тулгарч байна. Та гаалийн байгууллагад ийм олон жил ажилласан хүн байна. Энэ байгууллагын үйл ажиллагааг зөв шулуун явуулах үйлст хүчин зүтгэх ёстой. Ийм учраас таныг чөлөөлөх саналтай байна гэдгээ хэлсэн. Дариа гуай ч чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэр хүний туршлага энэ байгууллагад хэрэгтэй учраас би Дариа гуайг өөрийнхөө зөвлөхөөр томилсон. Тэр үед бас хүмүүс над руу ярьж байсан. Цэвээнжав аа, чи болж байгаа юм уу. Ямар галаар тоглож байна вэ гэж. Харин би Ерөнхийлөгчийг сайн мэднэ. Тэргүүн хатагтайг ч багагүй мэднэ. Энэ хүмүусийг төрийн ийм ажилд орохгүй гэдгийг нь би бас нэлээд гадарлахын хувьд мэднэ.
Өнөөдрийг хүртэл яав ийв гэж над руу нэг нь ч яриагүй. Тэрбээр ийн хариулсан юм. Манай 1200 ажилтанг нийтэд нь авлигачид мэтээр харлуулж болохгүй гэдгийг би өгсөн ярилцлага болгондоо хэлж байгаа. Энэ дотор цөөн тооны, хууль бус юманд өртчих гээд байгаа эрсдэлтэй байцаагчид гэж манайд нэрлэдэг л дээ, тийм байцаагчид бий. Бид эднээсээ салах ёстой гэж би хатуу хэлсэн. Энэ үгээрээ би бүх гаальчдыг харлуулсан юм биш. Гаалийн байцаагчдын үйл ажиллагааг бид тал талын хяналтад оруулж өгсөн. үйлчлүүлэгч өөрөө хяналт тавьдаг болсон. Ийм тохиолдолд авлига өгөх боломж хаагдаж байгаа. Авах боломж нь ч хаагдсан. Би энийг л арилгах гэж ажиллаж байгаа биз дээ. Өнөөдөр төр, засгийн бодлого ч тийм байгаа юм биш үү. Авлига гэдэг юм Монголд бодитой нүүрлэжээ. Энэ хар толбоноосоо салцгаая гээд байгаа юм биш үү. Би энэ бодлогыг л хэрэгжүүлэхгүй юм бол энд суухын хэрэг байгаа юм уу…
Энэ үгийг Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нэгэн өдөр тутмын сонины сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Хэдийгээр нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино хэмээн монголчууд маань хэлэлцдэг ч бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй хэмээн бас ярьдгийг энэ удаад санах нь зүйтэй санагдана. Нэгэн хэсэг Монгол Улсын гаальчид сэтгэл зүйн хувьд амаргүй даваатай учирч байсан. Захын хүнд авлигачаараа дуудуулан чичүүлж, хоосон хар, байнгын дарамтыг тэд даах хэмжээгээрээ үүрч байсан гэж болно. Хамгийн гол нь хийгээгүй хэргийн төлөө, мөн зарим нэгэн үл бүтэх этгээдүүдийн үйлдсэн нүглийн төлөө гаальчид маань энэхүү дарамтыг үүрч, доромжлолыг үүрсэн. Харин сэтгэл цагаан бол үйлс ариун гэдгийг тэд энэхүү сэтгэлийн болоод биеийн тэвчээрийг шалгасан хүнд үеүдэд туулж чадсан. Тийм ч учраас өнөөдөр гаальчид харц хурц, сэтгэл тайван ажлаа хийж байгаа гэхэд болох байх аа.
Нэгэнтээ манайдаа л нэлээн гайгүйд тооцогддог хоёр улстөрч маргалдаж байсныг уншигчид маань санаж байгаа байх. Нэр төртэй хүн л нэрээ төрөө сэргээлгэдэг юм. Нэр төргүй байж чи юугаа сэргээлгэх гэж байгаа юм хэмээж байсныг. Энэ бүхнийг эргүүлэн сануулах болсон учир нь хэдийгээр хэлээд өнгөрсөн ч гэсэн энэхүү хоёр мөр өгүүлбэрт ч олон утга агуулагдаж байсныг эрхэм уншигчиддаа сануулах гэсэнд байгаа билээ. Хүн хэн байх нь хамаагүй. Нэр төрөө хамгаалж явах ёстой. Мэдээж дуудах нэрийг эцэг эх өгдөг. Харин дуурсах алдарыг хүн өөрөө тэмцэж олдог гэдэг. Тиймээс дуудах нэрээс дутуугүй дуурсах нэрийг олохын тулд, олоод хадгалж явахын тулд хүн өөрөө хичээх ёстой. Хэн хэдий төгс байдаггүй ч хийж буй ажилдаа төгс хандах. Асуудалд шулуун шударга хандаж, зөв амьдарч чадах юм бол тэр алдар нь үнэлэгдэж, олонд хүндлэгдэх нь дамжиггүй. Буруу бусармаг явбал хүмүүс шүүмжлэх болно.
Өөрөөр хэлбэл тэрэнд нь тохирсон үнэлэмж ирнэ гэсэн үг. Гэхдээ нийтээр нь хамруулан гүтгэж гүжирдэж болохгүй. Ялгаж салгах л хэрэгтэй. Харин энэ бүхэн Гаалийн ерөнхий газарт зохих түвшинд явагдаж байгаа хэмээн би хэлнэ. Учир нь байнгын хэл ам, хар, гүтгэлэгт гаальчид маань сөхрөхийг хүсээгүй. Тийм ч учраас тус байгууллагаас ажилтнуудынхаа ёс зүйн асуудлаар нэлээн дорвитой ажил зохион байгуулсны үр дүн гарч эхэлсэн нь Гаалийн ажилтнуудын нэр хүнд богинохон хугацаанд эргэн сэргэснийх. Ард тумэн гаалийн байгууллагын хүндтэй үйлчлүүлэгчдийн нэг. Тийм ч учраас өнөөдөр ард түмнийхээ итгэлийг эргүүлэн олж чадсан гаальчид маань дахин алдахгүйн төлөө мэрийж ажиллаж байгаа гэсэн.
Нэг зүйлийг хэлэхэд гаалийн байцаагч өөрөө хүн, тэрхүү ард түмний нэг хэсэг. Бүр тодруулж хэлбэл, өвддөг зүрхтэй, шимширдэг сэтгэлтэй ард түмний нэг хэсэг. Тиймээс бүдэрсэн дээрээ нудруулж, бас дандаа хараар будуулж явахыг хүсээгүй. Нэг үхрийн эврийг цохиж нийтээрээ доромжлах нь нэг төрлийн хэлмэгдүүлэлт. Харин бид үүнийг эдлэхийг хүсээгүй. Тийм ч учраас зоригтойгоор, нэг санаагаар урагш зүтгэсэн. Зүтгэл маань талаар болоогүй, амжилтад хүрч, итгэлийг эргүүлэн авч, ард түмэндээ үйлчилж байгаадаа баяртай байна. Нийгэм маань гаальчдаа ойлгож, ухаандаа тунгаан авч, хамтарч ажиллаж байгаа нь Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байгаа гаальчид бидэнд хамгийн том итгэл.
Х.Цагаанаа
Дугаар 023, 024 /949, 950/