Э.Бат-Үүл Хямралын эсрэг хөтөлбөр хожимдож байна

-Яг одоо Засгийн газар хямралын эсрэг хөтөлбөрөө боловсруулж хэлэлцээд УИХ-д өргөн барьж байгаа сурагтай. Та танилцаж амжив уу. Санал бодлоо хэлээч?

-Хямралын эсрэг авах арга хэмжээний тухай гэсэн хөтөлбөрөө парламентад өргөн бариад байна. Миний хувьд гадаадад яваад дөнгөж ирсэн учир хараахан танилцаж амжаагүй байна. Манай намын бүлэг өчигдөр үүнийг нь хэлэлцсэн. Үнэндээ хямралын эсрэг авах арга хэмжээ, хөтөлбөр хожимдсон. Өнгөрсөн намар Үндсэн чиглэл, төсөв баталж байхад бид Одоо яахав, хуулийнхаа дагуу төсвөө батлах нь. Үүнийгээ хурдан хэлэлцчихээд хамгийн гол тулгамдах асуудал хямралын эсрэг хөтөлбөрөө гаргаж авъя гэсэн ганцхан зүлийг хэлж шаардаж байсан. Гэтэл хаана байна, одоо дөнгөж хэлэлцэх гэж байна. Үүгээрээ жаахан ч биш хоцорч байна. Ер нь монголчууд бид дэргэддээ ийм их өч төчнөөн сая малтай, газар болон тариалангийн нөөц баялагтай мөртлөө ядарлаа, өлслөө гээд сууж байх учиргүй юм. Ойлгомжгүй байдал бидэнд олон байна. Үйлдвэрлэлийн салбар нь уначихсан гэх мэтээр. Мал аж ахуйн болон газар тариалангийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд шууд зах зээл дээр нийлүүлдэг больё. Үйлдвэрлэлийн ийм тогтолцоотой больё. Энэ гажсан, унасан тогтолцоогоо хуучин социализмынх шиг биш, зах зээлд нь нийцүүлж сэргээе. Ингэж байж хямралаас гарна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. АН-аас нэр дэвшигчдийн дунд таны нэр олонтоо дуулдаж байна. Та өөрөө нэр дэвшүүлнэ гэсэн юм уу?

-Би аль 2-3 сарын өмнө Сэрүүлэг сонинд ярилцлага өгөхдөө 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа хэлчихсэн шүү дээ. Нэг ёсондоо аль он гарахаас өмнө нэр дэвших санаа бодол бий гэдгээ өөрийн биеэр хэлсэн. Мэдээж одоо үүнийг маань намын дүрмийн дагуу намын Их хурал шийднэ. Хэрэв Их хурал намайг дэвшүүлье гэвэл би зүтгэнэ.

-Танай намаас Л.Гүндалай, Г.Батхүү, Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж гээд олон хүний нэр дуулдаж, өөрсдөө ч хэлж байх шиг. Гэтэл нам дотроо өмнө явуулдаг байсан сунгаагаа АН хийхгүй гээд байгаа…?

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Тиймээс хууль дүрмийнхээ хүрээнд хүмүүс нэр дэвшүүлж байвал хэн ч түүнийг зогсоох эрх байхгүй. Үнэнийг хэлэхэд хаана ч тэр, аль ч намд олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшье гэж өрсөлддөг. Тэр нь хууль дүрмийнхээ дагуу явагдаж байвал саад хийж тогтоох эрх хэнд ч байхгүй.

Б.Болд

Дугаар 32/3104/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button