Монголын ирээдүйг ямаа биш хүүхэд тодорхойлно

Ер нь энэ мөнгөнөөс болж хуурамчаар гэр бүл болох хүмүүс олширсон гэх яриа чих дэлсдэг. Мөн сүүлийн үед гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлж, сургалтад хамрагдах хосын тоо ч ихэсч байгаа аж. Энэ нь залуус гэр бүлээ төлөвлөхгүй зөвхөн 500 мянган төгрөгийг авах гэж улайрч байгаа гэсэн үг. Тиймээс гэр бүл судлаач, гэрлэх ёслолын ордны дэргэдэх залуу гэр бүлийн төвийн багш, Монгол улсын гавьяат багш Ц.Түвшинтөгстэй ярилцлаа.

-Гэр бүл төлөвлөлт гэж юуг хэлдэг юм бэ. Залуус гэр бүлээ хэрхэн төлөвлөх ёстой байдаг юм бэ?

-Гэр бүл төлөвлөлт гэдэг бол маш өргөн ойлголт. Үүнд нөхөн үржихүйн, эдийн засаг, эд хөрөнгө, сэтгэл санаа гэх мэт төлөвлөж болно. Гэхдээ гэр бүл болж байгаа залуус амьдралаа яаж авч явах юм, хэдэн насандаа хүүхэд гаргах юм, хэдэн хүүхэдтэй болох, хэзээ өөрийн гэсэн хөрөнгөтэй болох гээд өөрстөө зорилго тавьж төлөвлөх ёстой.

-Ингэж төлөвлөж чадаж байгаа болов уу?

-Зарим нь чадаж байна. Зарим нь огт төлөвлөлт хийгээгүй сэтгэл санаа нийлээд л суусан гэх хүн ч байна. Ер нь сүүлийн үед гэр бүл болж байгаа хүмүүс амьдралд маш няхуур ханддаг болсон. Тэд өөрсдийн гэсэн бодолтой гэр бүлээ төлөвлөх мэдлэгтэй болж. Мөн өрх гэрийн төсөв заавал хийдэг хүн ч байгаа.

-Сүүлийн үед төрөөс өгөх мөнгөнөөс болж эмэгтэйчүүд эрт төрж, хэтэрхий олон хүүхэд гаргаад байх шиг. Үүнээс бол ядуучуудын тоо нэмэгдэж байна уу гэх бодол төрөх юм?

-Эрт хүүхэд гаргах тохиолдол байгаа. Гэхдээ эрдэмтдийн тооцоогоор тухайн улс орны хүн амын тоо 3.5 саяас дээш байж хэвийн өсөлт явагдана гэж үздэг. Тиймээс нэг гэр бүл болж өгвөл зайлшгүй 3-4 хүүхэдтэй байх ёстой. Ингэсэн тохиолдолд манай улсын хүн амын тоо өсч тусгаар тогтнол баталгаажна. Хүн хүнстэйгээ ирдэг гэж манайхан ярьдаг. Бас Нэгийг байхгүйд тооц, хоёрыг нэгд тооц гэж ярьдаг байсан. Дээр үед ядуу хүмүүс л хамгийн олон хүүхэдтэй байсан. Олон хүүхэдтэй айлын амьдрал дээшилдэг. Тэр байтугай ганц хүүхэдтэй айлын хүүхдийн өсөлт удаан байхад, олон хүүхэдтэй айлын хүүхдийн хэл яриа нь сайн хөгжсөн байдаг шүү дээ. Тэгэхээр эдийн засгаас болж хүүхэд гаргахгүй гэдэг бол их ядмагхан бодол.

-Эмэгтэй хүний хүүхэд гаргах зохистой нас нь хэд байдаг юм бэ?

-НҮБ-ын хүн амын сан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үүнийг зааж өгсөн байдаг л даа. Үүнд 20-35 насны эмэгтэйчүүд 2-3 жилийн зайтай хүүхэд гаргах нь зохистой гэж үзсэн байдаг. Харин жил дараалан гаргавал эмэгтэй хүний бие организм дийлэхгүй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн 25 хүртлээ өсдөг бол эмэгтэй хүн 20 хүртлээ өсч бойждог.

-Таны бодлоор хүүхдэд мөнгө өгөх нь зөв үү, буруу юу. Зарим нь сард хүүхдийнхээ гурван мянган төгрөг буухыг л хүлээж амьдарч байна шүү дээ?

-Хүүхдэд өгч байгаа энэ мөнгө мэдээж хангалтгүй. Хангалтгүй гээд бүх юмыг нь төр, засгаас хангаж өгөх ч ёсгүй. Энэ мөнгө бол зүгээр л бэлгэдлийн чанартай юм. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийг нас бие гүйцтэл нь хуримтлуулж байгаад сургууль соёлд нь зарцуулаарай гэж бэлэглэж байгаа юм. Түүнээс биш аав ээжийг нь авч архи уу гэж өгөөгүй. Харин өнөөгийн нийгэмд зарим нэг нь энэ мөнгөөр өдрийнхөө хоолыг залгуулж байхад зарим увайгүй нэг нь архи авч ууж байгаа нь нууц биш. Гэхдээ өнөөдөр улсын хөгжлийг ямаа биш ирээдүй болсон хүүхдүүд л тодорхойлно шүү дээ.

-Манай улсад жилдээ төрдөг хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна уу, буурч байна уу?

-2007 онд буюу Алтан гахай жилд 60 мянган хүүхэд төрсөн. Өнгөрсөн жил 50 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлсэн. Жилд дунджаар энэ хэмжээний л хүүхэд төрдөг. Гэхдээ хүүхдийн эндэгдэл төдийлөн буурахгүй байгаа.

-Төрөөс шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгч эхлэхээс өмнө гэр бүл бологсод хэр их байсан бол. Одоо ямар байгаа вэ?

-Жилдээ 40 гаруй мянган гэр бүлээ батлуулдаг гэсэн албан бус тоо байдаг. Одоо энэ тоо нэмэгдэж байгаа. Мөнгөний төлөө гэрлэж байгаа хүмүүс илт.

-Гэр бүл төлөвлөлтөд төрөөс ямар анхаарал хандуулах ёстой вэ?

-Шинэ залуу гэр бүл болж байгаа хүмүүсийг төрөөс онцгой анхаарах хэрэгтэй шүү дээ. Дэлхийн 40 гаруй оронд гэр бүлийн яам гэж байдаг. Манайх шиг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд хавсаргачихсан улс бараг байдаггүй байх. Ийм анхаарал дутсанаас гэр бүлийн маргаан, салалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг зүй бус авир гараад байгаа юм.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Ядаж л гэр бүлд зориулсан сонин хэвлэл байх шаардлагатай. Мөн их, дээд сургуулийн ямар ч мэргэжлийн анги, ЕБС-ийн ахлах ангийн сургалтын системд гэр бүл судлалын хичээл зааж байх шаардлагатай. Түүнчлэн ном товхимол, гарын авлага хангалтгүй байна.

-Гэр бүл судлалын чиглэлээр боловсон хүчин ямархуу байдаг юм бэ?

-Гэр бүл судлалаар мэргэшсэн хүн манай улсад хуруу дарам цөөн. Ихэнх нь дагнаж мэргэшээгүй сайн дурынхан. Ер нь, залуу хүмүүсийн амьдралыг залуу хүн л ойлгож, тэдний ариун нандий нууцыг залуу байж л мэдэрнэ. Тиймээс шинэ залуу эрдэмтдийг гаргаж ирэх нь чухал байгаа юм.

-Энэ чиглэлээр сургалт явуулж байгаа их, дээд сургууль байдаг уу?

-Т.Намжил гэдэг хүн Улаанбаатар дээд сургуульд нэг анги нээж хоёрдахь төгсөлтөө хийсэн. Гэхдээ хоёр дахь төгсөлт гэдэг бол хангалтгүй. Монгол орны өнцөг булан бүрт ийм мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна.

Г.Даваабаатар

Дугаар 027/606/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button