Эцэг, эхчүүдийн таван хувь нь халамжаас татгалзжээ
Тэднээс тавьж буй нийтлэг болзол нь төсвийн алдагдлаа танаж, хэмнэлтийн горимд шилжих. Хэн ч цалингаасаа давсан их өртэй хүнд зээл өгөхийг хүсэхгүйтэй адилхан. ОУВС-аас манай Засгийн газарт 120 сая ногоон зээлэх боломжтойгоо мэдэгдээд хавтгайруулсан халамжийн хөтөлбөрөө зөвхөн эмзэг бүлгийнхэнд чиглүүлэн, төсвөө хэмнэхийг зөвлөж байгаа. Амаржсан эхэд өгдөг улсын тэтгэмжид давхардуулан шинэ төрсөн нялхсад 100 мянга, хүүхэд бүрт 3000, шинэ гэр бүлийн 500 мянга гээд халамжийн хөтөлбөр замаа алдсаныг тэд шүүмжилсэн нь энэ байв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү рүү энэ тухайд мэдээлэл авахаар утас цохиход Халамжийн мөнгийг 952 мянган хүүхэд авдаг. Тэдний таван хувь нь энэ мөнгийг аваагүй байна. Өнгөрсөн онд нийт хүүхдэд чиглэсэн бэлэн мөнгөний халамжийн хөтөлбөрт 121 тэрбум төгрөг зарж, энэ онд 142 тэрбумыг зарахаар байна. Шинэ гэр бүлийн 500 мянган төгрөг санаачилснаас хойш гэрлэлтээ батлуулагчдын тоо хоёр дахин өссөн гэв. Бэлэн мөнгөний халамжийн хөтөлбөрийг хүртэж байгаа эздийг нарийвчлан судалж байгаагаа тэрээр мөн хэлсэн юм. Төрөөс гар харалгүй амьдрах бололцоотой хүмүүст халамж хүртээхээс татгалзаж, тэр хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулах нь хамгийн зөв хэмнэлт гэж эдийн засагчид үзэж байна.
ХОВДОД УСАН БАССЕЙН 630, НИЙСЛЭЛД САНСАР СУДЛАЛЫН МУЗЕЙГ 450 ТЭРБУМААР БАРИНА
Энэ онд төсвөөс хийх хөрөнгө оруулалтыг Ховдод барих усан бассейн, хотод сүндэрлэх сансар судлалын музей мэтчилэн зүйлс манлайлж байна. Гадаадын зээлдэгчдийн тавьж буй хэмнэлтийн болзолтой энэ бүхэн нийцнэ гэдэг юу л бол. Манай эдийн засагт зайлшгүй хэрэгтэй байгаа өнөөх 700 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэхэд энэ энэ мэтчилэн хойшлуулж болмоор зардлыг танах ёстой гэж олон улсын байгууллагын шинжээчид хэлж байна.
Ж.Цог
Дугаар 32/3104/