Тагнуулын газрын экс дарга гадаадынханд хөл алдахын учир

гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай компанийн том албан тушаалтан. Д.Сандаг тус компанийн Засгийн газар болоод орон нутгийн удирдлагатай харилцах багийн захирлын алба хашдаг юм байна. Энэ нь тус компанид байгаа монгол ажилтнуудын хамгийн том дарга нь гэсэн үг.

Д.Сандаг генералыг 1996 онд ТЕГ-ын дарга байхад Бороогийн ордыг ашиглах тогтвортой байдлын гэрээний хувилбар яригдаж, бэлтгэл ажил өрнөж байсан байж таарна. Бороо гоулд компанитай 1998 оны долдугаар сард тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсан. Тэгэхээр Д.Сандаг нь ТЕГ-ын даргаар ажиллаж байх үеэсээ л гадаадын хөрөнгө оруулагчдад үйлчилж эхэлсэн байж мэдэх юм.

Монгол Улсын баялаг, нууцад хамаарах бүх баримт мэдээллийг нэгэн цагт атгаж байсан хүн эдүгээ ийм ажил эрхэлдэг нь эргэлзээ төрүүлээд зогсохгүй хардах үндэс болж байгаа юм. Учир нь Бороогийн ордыг анх алтны 40 тонн нөөцтэй гэж тодорхойлж байсан ч Бороо гоулд компани уржигдрын байдлаар 43 орчим тонныг олборлоод байгаа гэжээ.

Ирэх жил тус компанийн тогтвортой байдлын гэрээний хугацаа дуусна, нөөц нь ч дуусч байна. Харин хөрөнгө оруулагчид дараагийн нүүдлээ хэрхэн хийхээ аль хэдийнэ тооцоолжээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Бороогийн орд бий, харин одоо Бороо гоулд компанийнхан Зүүн хараа сумаас холгүй орших Гачуурт хэмээх шинэ ордыг ашиглахаар зэхэж байна. Монгол Улсад хөрөнгө оруулахаар ирсэн канадууд хаана, ямар нөөцтэй, хэчнээн ашиг олж болох орд байгааг ийнхүү мэдэж, шунан өнгөлзөж байгааг тус компаниас чамгүй хөлс авч, томоохон алба хашиж байгаа генералтай огт хамааралгүй гэж итгэхэд бэрх.

Компанийн жирийн нэг монгол ажилтан сая ч хүрэхгүй төгрөгийн цалин авдаг байхад Д.Сандаг 7-8 мянган ам.долларын цалин аваад бас урамшуулал гэж нэлээд хэмжээний мөнгө авдаг байна.

Мөн нөгөө талаас Бороо гоулд компанийнхан манай хууль тогтоомжийг нэвтэрхий судалж, ашиглаж болох гарцыг маш сайн олж харж байгаа нь мэргэжлийн хуульч, мэргэшсэн тагнуулч Д.Сандагийн хичээл зүтгэл ч байж мэдэх юм. Тус компанийг одоо аль улсынх вэ гэдгийг мэдэхэд бэрх. Учир нь, хуульд заасан татварөас чөлөөлөх хугацаа дуусах үед л хөрөнгө оруулагч улсын нэр солигдоод байгаа юм. Анх 1998 онд Канад, Монголын хамтарсан Бороо гоулд компани гэж байсан бол, нэг хэсэг Богам арал улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болов. Харин одоо Нидерландын вант улсын Бороо гоулд компани гэсэн тамга тэмдгийг хэрэглэж байна. Энэ тамгыг өнгөрсөн наймдугаар сард бэлтгэсэн ч одоогоос хэдхэн хоногийн өмнө албан бичигт дарсан байна. Хөрөнгө оруулагчийг эхний хэдэн жил элдэв төрлийн татвараас чөлөөлдөг манай хуулийг ашиглан, татвараас бултахын тулд ийнхүү хөрөнгө оруулагч компани өөр өөр улсын харьяалалтай болж, зүсээ хувиргадаг чадвартай.

Тагнуулын экс дарга нар гадаадын хөрөнгө оруулалттай компанид биеэ үнэлдэг жишиг бий болж байгаа мэт. Учир нь Алтан дорнод Монгол компанийн Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн монгол талын захирлаар мөн л ТЕГ-т дээгүүр алба хашиж байсан хурандаа н.Болд ажиллаж байлаа. Мэдээж, түүний мэдэж байгаа нууц мэдээлэл тухайн үедээ С.Паушокт хэрэгтэй л байсан биз.

Тэгэхээр хэн хүний мэдээд байдаггүй юмыг мэдэж, улс орны эрх ашиг аюулгүй байдалд хамаарах албан тушаал хашиж байсан хүмүүс дараа нь юу хийж болох, болохгүйг анхаарч хянадаг тогтолцоо хэрэгтэйг энэ хоёр хүнд холбоотой дээрх баримт харуулж байна.

Бороо гоулд-ын үйлдвэрлэлт 35 хувиар өсчээ

Бороогийн алтны ордыг ашиглаж байгаа гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Бороо гоулд компани өнгөрсөн долоо хоногт 2008 оны санхүүгийн тайлангаа гаргажээ. Энд дурдсанаар тус компанийн борлуулалт 70 хувь, үйлдвэрлэлт 35 хувиар өссөн байна. Өнгөрсөн нэг жилийн дотор 193,477 унц алт олборлож, нэг унцыг нь дунджаар 867 ам.доллараар борлуулсан байна. Эндээс тус компани 167,7 сая ам.долларын ашигтай ажиллаж, Бороо гоулд-ын толгой компани Центарра гоулд-ын захирал нь 5 000 000 ам.долларын урамшуулал авсан байна.

Монгол ажилтнууд Ерөнхийлөгчид хандав

Тус компанид одоогийн байдлаар 590 орчим монгол хүн ажиллаж байгаа. Тэдний төлөөлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ нь Тавантолгой, Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг хийх гэж байгаа энэ үед санаа авах, дараа дараагийн уул уурхайн ордод гадаадын хөрөнгө оруулагчийг сонгоход ач холбогдолтой гэж тэд үзэж байгаа юм. Уг өргөх бичигт, Татваргүй бүсэд бүртгэлтэй улсын компаниудтай гэрээ хийхгүй байх, хөрөнгө оруулагч компанид ажиллах монгол ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлсний талаар гэрээнд тодорхой тусгах, нэг бүтээгдэхүүний өртөгт монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсний эзлэх хувь 20-иос доошгүй байх, нөхөн сэргээлт байгаль орчны асуудлыг тодорхой тусгах гэх зэрэг гурван санал оржээ.

97 хувь нь ажил хаяхад бэлэн

Бороогийн ордын нөөц дуусч байгаатай холбогдуулан тус компанийн монгол ажилчид компаниасаа нэг удаагийн тэтгэмж хүссэн ч удирдлагууд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооныхон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хөдөлмөрийн хуульд заасны дагуу үе шаттайгаар тэмцэхээ илэрхийллээ. Ажилтнуудад тэтгэмж олгох асуудлаар хамтын гэрээнд өөрчлөлт оруулахын тулд хамтын маргаан үүсгэж, шийдвэрлүүлэхийн төлөө тэд ажил хаяхад ч бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тэнд ажиллаж байгаа монголчуудын 97 хувь нь ажил хаяхаа ҮЭХ-ндоо илэрхийлсэн байна.

Ж.Цэсэн

дугаар 027/606/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button