Солир 160 жилийн дараа Дэлхийг мөргөх магадлалтай
Тэдний тооцоолсноор солирын дэлхийг мөргөх давтамж 160 жилийн дараа буюу 2169-2199 онд идэвхжих гэнэ. Мэргэжилтнүүд 1999 RQ36 гэгдсэн солирыг гол сэжигтнээр татжээ. Анх нээхэд эл солир дэлхийд ямар нэгэн аюул заналхийлээгүй ч саяхны нарийвчилсан судалгаагаар 1999 RQ36-ийн дэлхийг мөргөх магадлал 1400-д нэг болон өсчээ. Энэ нь 2036 онд дэлхийг мөргөх магадлал нь 45 мянгад нэг буй Апофис солиртой харьцуулахад хэд дахин аюултай гэсэн үг. Пизагийн их сургуульд судалгааны ажлаа явуулж буй Андри Миланигийн ахалсан эрдэмтдийн тогтоосноор 1999 RQ36 нь Апофисоос хоёр дахин том бөгөөд 560 метр өргөн. Уг солир дэлхий дээр уналаа гэхэд эргийн дагуух томоохон хот суурингууд аварга цунамид цохигдож үгүй болно. Харамсалтай нь, зуугаас илүү жилийн давтамжийг тодорхойлох нарийвчилсан судалгааны арга хараахан нэвтрээгүй байна. Тэгэхээр хүн төрөлхтөнд халтай сүүлт од, аварга солирын дэлхийд ойртох хугацааг тогтоох аргагүй. А.Миланигийн хэлснээр солирын дэлхийд ойртох нь 1.5 зууны зайтай нь нэгэнт тогтоогдсон бөгөөд эл аюулаас сэргийлэх боломж эсвэл солир унахгүй гэх баталгаа бий болох хугацаа одоогоор 2060-2080 оны хооронд хэлбэлзэж буй.
Тэр цагт эрдэмтэд солирын ойртох хугацаа болон хэмжээ, хор хохирлыг нарийн тооцдог болно гэдэгт тэрбээр итгэдэг аж. Мөн дэлхийд ойртох үед нь сансрын бусад биет солирыг татна гэх таамаг дэлгэрчээ. Үүнийг одон орон судлаачид ойр зөрөх хэмээдэг. Судлаачдын таамаглаж буйгаар дэлхийг мөргөж мэдэх солирын дээд хэмжээ өргөнөөрөө нэг км. Тиймээс дэлхийн хажуугаар зөрөхийн тулд аварга солирыг татах асар их хүч хэрэгтэй. Харин 2080 оноос хойш дээрх нэг км хэмээх үзүүлэлт өсч олон арван км болох магадлалтай гэнэ. Энэ нь огторгуй дахь гараг эрхэсийн өөрчлөлтийг ажигласны үндсэнд хийсэн судалгаа аж. Эдгээр нь солирын талаархи эрдэмтдийн судалж тогтоосон хамгийн дэвшилтэт үр дүн. Харин хэдхэн арван жилийн дараахь математик, физикийн ухааны хөгжил солирын аюулыг урьдчилан харахад тусална гэж тэд үзэж байна.
Г.Лхагва
Дугаар 027/21256/