Аюултай хог хаягдлыг боловсруулна

Энэ мэтчилэн аюултай, химийн хортой, элдэв өвчин үүсгэгч хог хаягдлууд өдөр тутам бидний хажууд байсаар. Монгол Улсад өнөө хүртэл энэ талаар ямар ч бодлого зохицуулалт байхгүй байсны уршиг ч байж мэднэ. Аюултай хог хаягдал гэсэн хэрнээ эмнэлгүүд хүртэл зүгээр л хогоо гаргаад хаячихаж байгаа юм чинь яаж ч хүн ам эрүүл явах билээ дээ. Энэ нөхцөл байдалд холбогдох албаныхан анхаарал хандуулж, хөтөлбөр боловсруулжээ. Уг хөтөлбөрийг боловсруулах тэсөлд Унгарын нэгэн компани шалгарч, Монгол Улс дахь аюултай хог хаягдлыг тоолохоор мэргэжилтнүүд нь ирээд байгаа аж. БОАЖЯ-ны Химийн үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Жаргалсайхантай энэ талаар ярилцлаа.

-Аюултай хог хаягдалд юу юуг хамааруулж байна вэ?

-Идэмхий, шатамхай, химийн урвалд орох хортой хаягдлыг хэлдэг. Ахуйн хог хаягдал энд ордоггүй л дээ. Манайхан эмнэлгээс гарч байгаа хаягдлыг л аюултай хог гэж ойлгодог байсан бол тийм биш. Арьс ширний үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн лаг ус, батарей гээд нарийндаа хуушуур хайрсан тос ч аюултай хог хаягдал юм.

-Монголд аюултай хог хаягдлыг боловсруулдаг нэг ч газар байхгүй юу?

-Хог боловсруулах газрыг олон улсад Ландфилл гэж нэрлэдэг. Ийм ландфилл Улаанчулуутад нэг байдаг ч зөвхөн ахуйн хог хаягдлыг боловсруулдаг. Аюултай хог хаягдлыг боловсруулах талаар ямар ч зохицуулалт байхгүй. Өнгөрсөн жилийн төсөвт л техник эдийн засгийн үндэслэл боловсруул гэж 250 сая төгрөг төсөвлөж өгсөн юм.

-Тэгээд хөтөлбөрөө гаргасан уу?

-Ийм төсөл боловсруулах компанийг сонгох олон улсын нээлттэй тендер зарласан юм. АНУ, Солонгос, Орос, Монгол, Унгар зэрэг улсын зургаан төсөл ирснээс Унгар улсын Корнезеттехнологиа компани шалгарч, Монголд судалгаа тооллого хийхээр мэргэжилтнүүд нь ирээд байна. Өнөөдөр /өчигдөр/ БОАЖЯ-нд аюултай хог хаягдал үүсгэдэг байгууллагын төлөөлөгчидтэй болон Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэт байгууллагуудынхантай уулзалт семинар хийж байна. Учир нь, эхний ээлжинд хаана, хэн, ямар хэмжээтэй, юу гаргаж ирж байна вэ гэдгийг судалж тоолох хэрэгтэй. Энэ оны эхний зургаан сард багтаан хөтөлбөр боловсруулж дуусах байх. Ийм ландфиллийг хаана барих вэ, хөрөнгийг нь яах вэ гэдэг бол дараагийн асуудал л даа.

-Унгарын компанийн давуу тал нь юу байв?

-Хамгийн гол нь, их туршлагатай компани. Дээр нь санал болгож байгаа төхөөрөмж нь байгаль орчинд хор нөлөөгүй, бүх зүйлийг цогцоор нь боловсруулдаг ландфилл бий болгох гэж байгаа юм. Бага хэмжээний газарт үнэр хорт утаа гаргахгүй, удаан задардаг органик бодисыг хүртэл тусгай төхөөрөмжөөр шатаах боломжтой, төхөөрөмж нь олон давхар шүүлтүүртэй гээд давуу талууд бий.

-Аюултай хог хаягдал боловсруулах талаар одоо ярьж байгаад зарим хүн гайхах байх. Яагаад өмнө нь арга хэмжээ авч болоогүй юм бэ?

-Манайд аюултай хог хаягдлыг боловсруулах менежмент огт байхгүй. Иймээс мэдлэг дутмаг, дээр нь дүрэм журам алга байснаас хугацаа алдаж одоо л яригдаж эхлэхэд хүрсэн байх. Зарим нэг ААН байгууллагынхан Үйл ажиллагаа үйлдвэрээс ийм хог гарах нь хааш нь хаях вэ гээд яаманд хандах болсон. Үүнээс үүдэн уг төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа юм.

-Мөнгөн ус аюултай хог хаягдалд орно биз дээ?

-Нэгэнт бий болсон хаягдлыг боловсруулахаас бус мөнгөн усны асуудлыг зохицуулах өөр хууль дүрэм бий л дээ. Яг энд тэнд ил хаягдал болсон мөнгөн усыг бол боловсруулна л даа.

Г.Болортунгалаг

дугаар 027/606/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button