Шаргал үст Пьер Ришар Би тайзнаа өөрийн хүсэлтээр ирсэн
Өдгөө энэ эрхэм 70 нас хүрч байна. Хэдийгээр хошин хэмнэл түүнээс ялгарч байдаг ч Пьер амьдралд маш няхуур ханддаг нэгэн. Сүүлийн жилүүдэд тэр хүмүүсийг инэлгэх дүр бүтээхээсээ илүүтэй найруулагчийн ажилд дурлаад байгаа билээ. Одоогоор Парисын Варьете Театр-т өөрийн намтарыг өгүүлсэн Пьер ба түүний хүү хэмээх жүжгээ тавин ажиллаж байна. Тэгвэл энэ бүтээлийг хийхээс өмнө Пьер Оросын Парис хүн хэмээх кинонд нэгэн бяцхан охины багшийн дүрийг бүтээгээд байсан билээ. Энэ оны сүүлээр тэр өөрийн багын найзын хамт Орост дахин ирж нэгэн уран сайхны кинонд жинхэнэ русский дед мороз-ын дүрийг бүтээж магадгүй багаа юм байна. Түүний Парис дахь гэрт байрлах ажлын өрөө нь Оросын нэрт зараач Сергей Чапекийн хэд хэдэн бүтээлээр чимэглэгдсэн байдаг. Тэгвэл ширээн дээр нь Ришарын өөрийнх нь биеийн хэлбэрийг харуулсан фигур байх юм. Үүнийг нэгэн нэр үл мэдэгдэх барималч түүнд хийж өгчээ. Ер нь яагаад энэ франц эрийн сонирхолыг Орос орон татах болов. Түүнд Орост амьдарч байгаа хүмүүс тэр дундаа хүүхнүүд нь таалагддаг байх. -Надад Орос хүмүүс эерэг энерги өгдөг гэдэгт би итгэлтэй байдаг. Ер нь францчууд юмыг дэндүү хийсвэр, хуурай гэмээр төсөөлдөг. Харин миний хувьд өвөөгийн маань итали цус тэднээс арай өөр үзэл бодолтой болгосон шүү хэмээн тэр яриагаа эхэллээ.
-Ноён Ришар. Та одоо 72-той ч гэсэн өдөр бүр шахуу л тайзнаа гарах юм. Ер нь хүн инээлгэхээс залхахгүй байна уу?
-Би тайзнаа өөрийн хүсэлтээр ирсэн. Надад их хөгжилтэй сайхан байдаг. Тэнд ирсэн 800 хүн миний хэрхэн жүжиглэх, юун тухай ярих зэргийг сонсоод инээх сайхан санагддаг. Би өөjийн амьдралаа дуустал энэ театраас салахгүй байх шүү.
-Та арай Мольер шиг тайзан дээрээ үхчих вий дээ?
-Яагаад болохгүй гэж? Гэхдээ жаахан удаан баймаар байна шүү. Эмнэлгийн орон дээр үхснээс тайзан дээрээ учраа олсон нь хавьгүй дээр байх.
-Таныг Лир вангийн дүрд тоглохыг мөрөөддөг байсныг санах юм. Та тийм бололцоо олдоно гэдэгт итгэл найдвараа алдаагүй биз дээ? Таны бүтээх Лир Ван ямар байх бол?
-Би тэр хүнийг хөгшин алиалагч шиг харагдуулахгүйг хичээнэ. Тэр бол эмгэнэлт баатар. Гэтэл намайг хүмүүс зөвхөн инээж байгаагаар хардаг. Миний сүүлд тоглосон кино инээдмийнх биш байсан шүү дээ. Найруулагч Эрик Барьбегийн триллер кинонд би нэгэн өмгөөлөгчийн дүрд тоглосон. Сүүлийн жилүүдэд би дандаа драмын хүнд дүрийг бүтээсэн байх юм. Жишээ нь, Гектор Малогийн алдарт романаар хийгдсэн Гэр бүлгүй гэдэг кинонд тоглолоо. Гэтэл намайг театртай эргээд ирэхэд нөгөө л инээдмийн дүрд тоглуулах гээд байх юм. Гэтэл би өөрөө ч түүндээ дуртай юм уу даа. Тэр ч утгаараа одоо гарах миний тоглосон хоёр кино инээдмийн жанрт багтаж байгаа.
-Та өнөөдөр өөрийнхөө хуучны кинонуудыг үзэд инээдэг үү?
-Надад өмнө нь тэдгээрийг үзэх зав огт олдоггүй байлаа. Харин одоо бол өдөр болгон шахуу үзэж байна аа. Жил ирэх бүр би өөрийгөө хайрлах үзэлтэй болоод байх шиг санагддаг. Залуудаа ч ер нь өөрийгөө хог дээр хаях нь холгүй байсан юм уу даа.
-Хэрвээ би андуураагүй бол та аристократ цустай байх аа?
-Надад нэг ийм бодол байдал. Бидний нэг үе нь хөдөлмөрлөөд харин дараагийнх нь түүнийг идэж дуусгадаг. Миний өвөө гэхэд Хойд Францдаа дээгүүрт тооцогдох хөрөнгөтэй, баян магнат байлаа. Гэтэл миний аав түүний бүх мөнгийг дуусгасан. Одоо болохоор би баяжиж байна. Харин олсон хэдийг маань миний хүүхдүүд, түүний ач нар дуусгах байх даа. Гэхдээ би үүнийг зүгээр л тоглоом маягаар хэлж байгаа юм шүү. Миний хүүхдүүд саксофонч, контрабассчин. Тэд мөнгө хэрэг болбол янз бүрийн оркестрт тоглоно эсвэл хөгжим, дуу зохиочихно. Гэвч тэр олж байгаа мөнгө нь их биш л дээ.
-Таныг кино од болохоос өмнө алдарт хореограф Морис Бежар өөрийн балетын багтаа урьж байсан гэдэг. Энэ үнэн үү эсвэл худал цуурхал юм уу?
-Тэгсэн. Тэгэхэд би залуу байлаа шүү дээ. Надад бүжигчин болох бололцоо их байсан шүү. Надаас өмнө Морис 300 орчим хүн шалгаад байсан гэж хэлсэн. Би түүний нэг мэдэхэд 10 минут орчим бүжиглэчихсэн байсан. Ямар хөдөлгөөн хийж яасанаа ч би санахгүй байлаа. Гэтэл намайг шууд авахаар болдог юм байна. Гэхдээ тэр өдөр намайг алдарт продюсер Жорж Брассанс бас уриад байсан. Тэгээд л яагаад ч юм Бежартай ажиллахаас татгалзаад Брассанс руу очсон юм.
-Та амьдрал дээр эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг татагч? Сая орж ирэхэд л би хонгилд олон сайхан бүсгүйчүүдтэй тааралдлаа.
-Үгүй шүү. Жинхэнэ дур булаагч бол тэр Ален Делон. Казананова болон Дон Жуаны дүр надад огт таарахгүй. Надад сэтгэл татагдаж байсан хүүхнүүд олон байсан уу гэхээс би тэднийг төлөвлөгөө гарган урхидаад байсан юм байхгүй. Өөрийгөө сайхан, дур булаам, сэтгэл татам гэдгээ харуулаад байх зав ч надад байгаагүй.
-Та залуудаа их хувьсгалч байсан байх даа. Бүр Че Геварегийн дүрд хүртэл тоглосон биз дээ?
-Тэр ёстой үгүй шүү. Харин бүх зүйл эсрэгээрээ байсан. Би амьдралдаа нэг ч удаа улс төрийн заваан зүйлтэй орооцолдож байгаагүй. Харин Кубад байхдаа Че Геварегийн дурсгалд зориулсан кинонд тоглосон нь үнэн. Одоо болтол би ямар нэгэн намын гишүүн биш.
-Европын кино бүх үзүүлэлтээрээ Америкийнхад ялагдлаа гэдэг. Тэгвэл яагаад далайн цаадах найруулагчид та нараас ухаантай, авьяастай бас баян гэгддэг юм бэ?
-Эхлээд тэд яагаад мөнгөтэй болов гэдэг байна. Тэд хэдэн зуун саяар кино хийгээд түүнийгээ рекламдахдаа мөн л сая саяыг хаядаг. Үүнээс ашиг олно гэж үздэг. Америк кино бол нийгмийг тэр чигт нь хамарсан байдаг бол биднийх ямар нэгэн тодорхой зүйлийн тухай харуулдагаараа эрс ялгаатай. Тиймээс тэдний бүтээлийг олон хүн үздэг талтай. Харин Францад бол яг сонирхосон хэдэн хүн л хайж олж үздэг гэх үү дээ бидэнд сайн бүтээл их бий. Америкчуудад муу бүтээл ч байгаа шүү дэ.
-Та одоо 72-той гэхэд яаж ингэж формоо хадгалж чадаж байна?
-Би тэгэж их уртнаслахыг хүсдэггүй л дээ. Яахав, өдөр болгон спортоор хичээллэж байна. Тамхи маш бага татдаг болсон.
-Та нэг удаа Москвад ирэхдээ хөвгүүдтэйгээ ирж байсан?
-Би хүүхдүүддэй зөвхөн сэтгэл санааны туслалцаа л үзүүлдэг. Тэднийг Орост алдартай энэ тэр гэж би худлаа ярихгүй. Одоо тэд маань Парист миний оролцоогүйгээр тоглолтоо хийж байна.
-Таныг Орост хэдэн жил амьдраач гэвэл та зөвшөөрөх үү?
-Би Москва эсвэл Петерт 3-4 сар зураг авалттай гэвэл дуртайяа ирнэ. Харин тэндээ үлдэх талд бол эргэлзэж байна. Би Тамбовт сар хэртэй амьдарч байсан. Харин одоо бол үлдсэн амьдрал бага байгаа тул Паристаа л удаан баймаар байна. Франц бол миний амьдралын аз жаргалын нутаг гэж би хэлнэ.
-Орос эсвэл франц жүжигчин байхын аль хэцүү вэ?
-Ер нь жүжигчин байна гэдэг угаасаа хэцүү зүйл. Өнөөдөр гэхэд Францын олон чадалтай жүжигчид ажилгүйн улмаас гудамжинд гарах нь холгүй байна. Би гэхэд л энэ мэргэжлийг сонгосноосоо хойш өөрийгөө тийм ч их азтай хүн гэж үздэггүй.
-Та өөрийнхөө авьяас чадварт эргэлзэж байсан үе бий юу?
-Би бүх л зүйлд эргэлзэж байсан, одоо ч гэсэн. Гэхдээ энэ нь намайг аз жаргалтай амьдрахад огт саад болоогүй ээ.
-Кинон дээр гардаг шигээ мартамхай хүн гэж хэлдэг. Шилээ мартах, кафед хүрмээ орхих гэдэг ч юмуу?
-Би өөрийгөө огт өөр гэж боддог шүү. Зөвхөн кинонд л тэгэж харагдуулах гэж л цаанаас төлөвлөсөн байдаг. Түүнээс болоод гэр бүлд маань хүндрэл учирч байсан тохиолдол байхгүй. Хэрвээ тэгэх юм бол миний бразили эхнэр намайг юу гэж тоохов дээ. /инээв/
-Дарсны бизнес тань хэр амжилттай байгаа вэ? та Жерар Депардьетай найз. Гэтэл тэр бас дарс үйлдвэрлэж зардаг. Тэгвэл та хоёрын хэн нь сайн наймаа хийж байгаа бол.
-Би түүнийг дарсаа хэдээр ч зардагийг мэддэггүй ш дээ. Гэхдээ тэр надаас илүү уудаг гэдгийг нь л мэдэх юм байна. Тэр өөрөө л дарсныхаа ихэнхийг устгадаг байх.
-Таны царай их аз жаргалтай харагддаг боловч нүд чинь жаахан тийм уйтгартай ер нь хүнийг хөгжөөх зугаатай ажил уу?
-Хүнийг баясгана гэдэг сайхан зүйл. Харин уйтгар бол миний нөгөө нэг хэсэг. Би уг нь меланхолиг юм шиг байна лээ. Гэтэл мэргэжил маань намайг түүнээс салгаад байдаг гэх үү дээ.
Р.Слава
Оллоо.мн