Залуусын бус залхуучуудын орон болгосон нь
Ялсан нь амлалтаа биелүүлэхээр төсвийн мөнгө рүү ямар ч бодлогогүйгээр гараа дүрж эхэлнэ. Ийм жишгээр сүүлийн хэдэн жил сонгуульдаж амласаар халамжаар тэжээлэгдэг залхуучуудын орон болж хувирав. Хэрэв эдийн засгийн хямрал нүүрлэж Олон улсын валютын сан, Дэлхийн банкныхан сануулаагүй бол халамжийн улс болсон гэдгээ ч мэдэхгүй суусаар байх байсан биз. Олон улсын байгууллагаас санамж аваад хартал нөгөө төсөв нь, Монгол Улсыг хөгжүүлэх сангийнх нь данс улайчихсан байсныг олж мэдэв. Баялаг бүтээхгүй атлаа олсон хэдэн төгрөгөө халамжид тараагаад дууссанаа ухаарсан улстөрчид нь хэмнэх, танах тухай ярьж эхэллээ. Ингээд өгдөг хэдээ багасгах гэтэл хоёр сая 700 мянган хүн амынх нь нэг сая 300 мянга нь халамжийн мөнгөөр амьдарч байна.
Cap бүр өгдөг халамжийн мөнгийг нь хасаад хаячихаар уурлаж бухимдсан иргэд юу ч хийхээс буцахаа байвал яана гээд шүдний өвчин болсон зүйл олон байна. Монгол Улсын хувьд дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгох боломжтой алтан үе нь 2007-2008 он байлаа. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээр алт, зэсийн ханш дээд цэгтээ хүрч тэр хэмжээгээр төсвийн орлого, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн сан хөмрөг зузаарсан. Мөнгөтэй болохын хэрээр халамжийн хязаарыг сул тавьж өглөгч ээжийн сэтгэлээр ард түмэндээ хандсан юм. Өнөөдөр үүнийг нь эдийн засагчид шүүмжилж өчнөөн үйлдвэр байгуулах боломжтой байсан. Говь шиг арван үйлдвэртэй болсон бол гээд толгой хаялан, гаслана. Эдийн засгийн хямралтай үед эдийн засагчдын хэлсэн үг иргэдийн ойд тойнд хүрч улстөрчдийг харааж байх юм.
Монгол Улсад өдөр хоногоор мөнгө урсан орж ирж байсан алтан үед өөрсдийгөө доктор, профессор хэмээн цоллуулсан тэр олон эдийн засагчид тооцоо судалгаатайгаар халамжид хязгаар тавьж бүтээн байгуулалтад хандуулахыг уриалахгүй яасан юм. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хүндхэн үед нь баахан тооцоо судалгаа гаргаж ирэн ингэх байсан, тэгэх байсан гэж халаглаад л . Түүгээр ч барахгүй цаашдаа байдал удам дордоно, улсын сангийн мөнгө бараг дууссан гээд ам уралдан үнэн худал нь мэдэгдэхгүй бурж иргэдийн сэтгэл зүйгээр тоглох боллоо. Халамжийг хэт хавтгайруулж, үр ашгаа өгөх зүйлд зарцуулалгүй, гарынхаа салаагаар урсгаж байгааг доорхи баримтууд илтгэж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшнийг харгалзалгүй нийтэд олгох болсон.
Гэтэл зарим чинээлэг амьдралтай эцэг эхчүүд инээд хүрмээр ийм бага мөнгөөр яадаг юм гээд тоодоггүй аж. 2008 онд л гэхэд 18 хүртэлх насны 952,5 мянган хүүхдэд cap бүр 3000 төгрөгийн тэтгэмж олгоход 32,8 тэрбумын санхүүжилтыг хийжээ. Үүнээс гадна улирал бүр 25 мянган төгрөгийн санхүүжилтыг олгож халамж шаардлагагүй хүүхдийн тоогоор үргүй зардал урсгасаар байгаа юм. Мөн сүүлийн үед хөдөлмөрийн чадвараа алдсан гэх шалтгаанаар групп тогтоолгосон иргэдийн тоо эрс өсч байна. Учир нь группт орсон иргэнд cap бүр 90 мянган төгрөгийн тэтгэмж олгодог аж. Тэгэхээр ажлын хажуугаар группын мөнгө аваад байвал амьдралд ч хэрэгтэй юм гэсэн хүмүүс олширлоо. Шинэ гэр бүлд олгодог 500 мянган төгрөг залуусыг залилангийн хэрэгт түлхэх болсон байна. Саяхан халамжийн мөнгөний зарцуулалтад шалгалт хийтэл нэг хүн 5-7 удаа гэр бүлээ бүртгүүлжээ.
Ийнхүү гэрлэлтээ бүртгүүлэх бүртээ 500 мянган төгрөгийн тэтгэмж авч хамтрагчтайгаа хувааж авсан байж. Бас нэг таагүй жишээ дурдахад нас барсан хүний тэтгэврийн дэвтрээр хэдэн cap мөнгө аваад байсан тохиолдол ч байна. Эндээс харахад халамж, тэтгэмж иргэдийг нэрээ худалдах нь байтугай нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болгосон байна. Нэгэнт өгөөд эхэлчихсэн халамжийн мөнгийг зогсооход эсэргүүцэлтэй тулгарч, үйл ойлголцол үүсэхэд хүргэдэг. Тиймээс эрх баригчид дахин сонгогдох нүрээ малтаж халамжийг танах байтугай өсгөсөөр ийм байдалд хүргээд байна. Өнгөрсөн онд л гэхэд 258.8 тэрбумын төгрөгийг халамжид зарцуулжээ. Энэ их мөнгөний 154.2 тэрбумыг нь улсын төсвөөс, 104.6 тэрбумыг нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс санжүүлжүүлсэн байна. 2008 онд төсөвлөсөн хөрөнгийг задлан үзвэл
* Хүн амын өсөлтийг дэмжих, хөгжлийг хангах арга хэмжээнд дээрх нийт хөрөнгийн 73,6 хувийг буюу 191,1 тэрбум төгрөгийг,
* Ахмад настан, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/ зэрэг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдийг дэмжих нийгмийн халамжийн арга хэмжээнд нийт хөрөнгийн 23,8 хувийг буюу 61,2 тэрбум төгрөгийг ,
* 1995 оноос өмнө цэргийн тэтгэвэрт гарсан иргэдэд нэг удаагийн тусламжид 5,5 тэрбумыг, 2008 оны долдугаар сарын 1-нээс эхэлеэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд нэмэгдэл олгох арга хэмжээнд 1,0 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
2008 онд Нийгмийн халамжийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох журам дүрмийг Засгийн газраар батлуулжээ. Уг өөрчлөлтөөр ядууралд өртөх эрсдэл өндөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, бүтән өнчин хүүхэд, залуус, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-т үзүүлэх халамжийн үйлчилгээний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлсэн байна. Нийгмийн халамжийн багц хуулийн дагуу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэд дараахи тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээнд хамрагдаж 2008 оны арванхоёрдугаар сарын байдлаар доорхи хөрөнгийг зарцуулжээ.
* Нийгмийн халамжийн тэтгэвэрт 51,3 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хүүхэд cap бүр 41400 төгрөгийн тэтгэвэр авч 23,1 тэрбум
* Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэн, бүтэн өнчин болон гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ асрамжилж байгаа нийт 17,5 мянган иргэнд 3,8 тэрбум
* Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлж байгаа гэрийн үйлчилгээ, түр байршуулан асрамжлах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, амьжиргааг нь дэмжих, сэргээн засах зэрэг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 18,2 мянган хүнд 1,1 тэрбум
* 3 хүртэлх насны ихэр хүүхэд, 3 болон түүнээс дээш тооны бага насны /14 хүртэлх насны / хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, 18 нас хүрээгүй байхдаа бүтән өнчин болсон 18-24 залуус, гэнэтийн аюул ослын улмаас орон гэргүй болсон өрхөд амьжиргааны дэмжлэг үзүүлж олгож байгаа мөнгөн тусламжид 19,7 мянган хүн хамрагдаж, 2,6 тэрбум
* Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу 139,1 мянган ахмад настанд 6,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж
* Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу 57,8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 3,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж.
1995 оноос өмнө цэргийн тэтгэвэрт гарсан ахмад настанд нэг удаагийн тусламж нэг сая төгрөгийг олгох ажлыг зохион байгуулж, энэ арга хэмжээнд 5354 хүнийг хамруулжээ.
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд нэмэгдэл олгох тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 853 ахмад настанд 767,7 сая төгрөгийг олгожээ.Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу 2008 оны арванхоёрдугаар сарын байдлаар дараахи хөрөнгийг зарцуулжээ.
952,5 мянган хүүхдэд cap бүр 3000 төгрөгийн тэтгэмж олгоход 32,8 тэрбум, 63,4 мянган шинэ төрсөн хүүхдэд жилд нэг удаа 100,0 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгоход 6,3 тэрбум, 34,6 мянган шинэ гэр бүлд нэг удаа 500,0 мянган төгрөг олгоход 17,3 тэрбум, 84,0 мянган жирэмеэн болон нярай хүүхэдтэй эхэд 12 сарын хугацаанд 20,0 мянган төгрөг олгоход 15,7 тэрбум, 132,3 мянган алдарт эхийн одонтой эхэд 50,0 мянга, 100,0 төгрөгийн тусламжийг жилд нэг удаа олгоход 8,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Ер нь мөнгөн тэтгэмжийн жагсаалт жил ирэх тусам нэмэгдэхээс хорогддоггүй нь иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна. Монголын өрхийн ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, эрүүл саруул нэгнээ гадаад руу цөлж илгээсэн хэдэн төгрөгөнд дээр нь халамжийн мөнгө авч нэмэрлээд амьдарна гэсэн ойлголттой болсон гэхэд хилсдэхгүй.
Б.Болорцэцэг
Дугаар 023, 024 /949, 950/