Т.Намжим Нефтийн үйлдвэр барихад Засгийн газрын баталгаа хэрэгтэй

Саяхнаас Монголд нефтийн үйлдвэр барих сураг гарч байна. Уг үйлдвэрийн техник, эдийн засгийн үнэлгээг Японы Тоёо инженеринг компани хийж өгсөн ажээ. Энэ үйлдвэрийн талаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, академич, профессор Т.Намжимаас тодруулсан юм. Тэрээр нефтийн үйлдвэр барих гэж буй Монгол секию компанийн захирал.

-Газрын тос нэрэх үйлдвэр барих ажил хэзээ эхлэх вэ?

-Техник эдийн засгийн үнэлгээ хийгээд дууссан. Ирэх тавдугаар сараас барилгын ажил эхэлнэ гэж тусгасан байгаа. Энэ хугацаандаа барилгын ажил эхэлчихвэл 2012 оны зургадугаар cap гэхэд ашиглалтад орно гэсэн тооцоотой байна.

-Хөрөнгө оруулалт хаанаас яаж хийх вэ?

-Японы Хөгжлийн банкнаас зээл авах юм. Засгийн газар ч бай, хувийн компани ч бай заавал Засгийн газар баталгаа гаргаж өгөх ёстой. Одоо, Засгийн газраар баталгаа гаргуулах гэрээний төсөл боловсруулаад байна.

-Эдийн засгийн хямралын үед зээл олгох болов уу?

-Энэ банк Японы Засгийн газрын банк болохоор зээл найдвартай олгоно гэсэн юм. Гол нь манай Засгийн газрын баталгаа хэрэгтэй байгаа. Нөгөө талаар тоног төхөөрөмжийн үнэ нэлээд хямдарсан байгаа нь олзуурхууштай юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралаас болсон юм билээ.

-Ашиглалтад орчихвол дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргах юм бол?

-Дотоодын хэрэгцээгээ зуун хувь хангаж чадна гэж үзэж байгаа. 2015 он гэхэд Монгол Улс жилд нэг сая орчим тонн дизелийн түлш, 700 гаруй мянган тонн бензин хэрэглэнэ гэсэн тооцоо байдаг. Монголчуудын ярьдгаар А-92, А-93, дизелийн түлш, онгоцны бензин гаргана. Мөн түлшний мазут, кокс гарах юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр кокс авч хэрэглэх болсон.

-Түүхий эдээ хаанаас хангах гэж байна. Жилд хэдэн тонн нефьт боловсруулах вэ?

-Казахстанаас түүхий нефть авах гэрээ хийсэн. Жилд хоёр сая тонн нефть боловсруулна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах учраас түүхий нефтийнхээ 90 хувиас нь шатахуун гаргах бололцоотой юм.

-Манайх бага боловч нефть олборлож бай¬гаа. Үүнийг ашиглах уу?

-Тамсагаас жилд 140 гаруй мянган түүхий нефть олборлож байгаа. Үүнийг хоёр сая болгоно гэдэг цаг хугацаа их шаардсан ажил болно.

-Хэрэв ашиглалтад орчихвол нефть боловсруулах анхны үйлдвэртэй болох нь ээ дээ?

-Урд нь 1960-аад оны үед Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр байсан. Нефть нь өтгөн болохоор шингэн түлш бага гарах тал бий. Тэр үед А-65 маркийн бензин үйлдвэрлэдэг байсан. Тэгээд манайд ашиглаж байгаа машин техник нь бүгд А-76 маркийн бензин хэрэглэдэг болсон юм. Энэ үед үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага гарч ирсэн. Ингээд тооцоо хийж үзээд тухайн үед хойд хөршөөс импортоор авах нь хямд байсан болохоор тэр үйлдвэрийг хаасан юм.

Т.Жанцан

Дугаар 027/606/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button