Доллар догширч, Төгрөг бөхөлзөв

Өнгөрсөн намраас шатахууны ханш хаа хаанаа навч унахад иргэд баярлаж одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан дулааны үнэ буурах нь гэж баярласан. Наймаачдыг үнэ бууруулахгүй байх дараагийн шалтгаа бэлчихсэн гэх хэн мэдэх билээ. 2009 он гарсаар юм юмны үнэ нэмэгдэх нь тэр. Учрыг нь асуухаар валютын ханш өссөн болохоор үнэ бууруулах боломжгүй гэсэн тайлбараар дахиад л ам таглав. Мөн ийм шалтаг тоочсон эрчим хүчнийхэн тарифаа нэмэхээр зэхэж суугаа. Нэг ч өдөр сайн мэдээ сонсолгүй үнийн өсөлтөд дарлуулсан иргэдэд нуруугаа тэнийлгэх өдөр тохиохгүй нь бололтой. Нэгдүгээр сарын эхээр нэг ам.доллар 1500 төгрөгт хүрч сандаргасан. Ойрын хэдэн жил энэ хэмжээний өсөлт үзээгүй хүмүүс сандарч байгаа хэдэн төгрөгөө валют болгон хав дарсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш догширч эхлэв. Өчигдрийн өдрийн үед Найман шарга зах дээр нэг ам.долларыг 1555 төгрөгөөр худалдан авч 1585 төгрөгөөр худалдаж байв.

Яагаад валютын ханш ингэж өсөөд байгааг ченжүүдээс асуухаар Арилжааны банкууд ам.доллар худалдахгүй байна. Манай улсын валютын нөөц муу байгаагаас хэрэглээг хангаж чадахгүй болсон. Үүнийг дагаад хомсдол үүссэн гэж тайлбарлаж байв. Үнэхээр арилжааны банкууд валют худалдахгүй зөвхөн худалдан авч байсан юм. Энэ үед Монголбанкны нэрлэсэн ханш нэг ам.доллар 1499.63 төгрөг байлаа. Мөн ямар шалтгаанаар ам.долларын ханш өсөөд байгаа, ханш тогтворжуулах талаар ямар арга хэмжээ авч гэсэн тайлбарыг өнөөдрийг хүртэл өгөөгүй л байна. Харин эдийн засагчдын тайлбарлаж буйгаар дотоодын зах зээл дээр валютаар төлбөр тооцоо хийхийг хориглосон шийдвэр хэрэгжихгүй байгаа. Үүнийг дагаад ченжүүд ханшийн хөөрөгдөл бий болгосон гэж үзэж байгаа аж. Монголбанкны ерөнхийлөгч асан Д.Моломжамц хэлэхдээ, Санхүүгийн хямралаас болоод манайд гадаад валютын, тухайлбал, ам.долларын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт харьцаа улам алдагдаад байна.

Мөн төгрөгийн ханш унахаар хүмүүс хадгаламжаа ам.доллар болгох гээд бас нэмэлт эрэлт бий болгосон. Бас банкууд ам.доллар худалдаж аваад нөөцлөөд байна. Энэ гурван асуудалд төв банк анхаарлаа хандуулж, валютын бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэх нь зөв болов уу. Ханшийн бодлого нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй нягт уялдсан байх учиртай. Ханш цаашид яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна гэжээ. Ер нь эдийн засагчид валютын ханшийн өсөлт дээр тайлбар хэлэхээс нэлээн цааргалж байсан юм. Учир нь урьдчилан таамаглаад жаахан таагүй мэдээлэл өгвөл хэсэг мөнгөтэй этгээдүүд үүнийг нь ашиглаад ханш өсгөх замаар ашиг олох болсон. Энэ нь эдийн засаг цаашдаа макро эдийн засгийн түвшинд муу үр дагавар авчираад байгаа гэнэ.

Зарим иргэд бухимдахдаа Монголбанк валютын арилжааны банкуудад зузаатгал хийхгүй байна гэж байв. Тэгвэл эдийн засагчдын тайлбарлаж буйгаар валютын ханш өсөх хэрээр зузаатгал хийж болохгүй. Ингэсэн тохиолдолд улсын валютын нөөц буурах аюултай байдаг аж. Эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээнүүд нь эцсийн дүнд өөрийн үндэсний валютын нэр хүндийг өргөж,. үнэгүйдлээс хамгаалахад чиглэдэг. Үндэсний валют төгрөг нь улсын тусгаар тогтнолын нэг баталгаа учраас манай улсын нутагт хийгдэх бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийж байх тухаи хуулийн заалтыг хатуу мөрдүүлэх, мөрдөх явдал төр засгийн төдийгүй, иргэд, байгууллагын үүрэг байх учиртай. Бид өөрсдөө дотооддоо гадаад валютын зохиомол хэрэгцээ их үүсгээд байгааг таслах хэрэгтэй байгаа юм.

Дугаар 023, 024 /949, 950/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button