Энтони Байнбриж Монгол залуус их авьяастай, аливаа ажилд гайхалтай хурдан суралцдаг

Монгол заншлаараа Тантай мэндчилье. Та сайхан өвөлжиж байна уу?

Тавтай сайхан өвөлжиж байна. Энэ жил түрүү жилийг бодвол Монголд дулаахан өвөл болж байна шүү. Төрөлх нутгаас минь харин хамаагүй хүйтэн байна. Гэхдээ Монголын өвлийн хүйтэнд дасаж байгаа шүү.

Поло Ресорсез компаний тухай уул уурхайн салбарт бүгд мэддэг ч жирийн уншигчид маань тийм ч сайн мэдэхгүй байх. Манай уншигчдад та компанийхаа талаар товч танилцуулахгүй юу?

Тэгэлгүй яахав. Поло Ресорсез нь Лондон хотод төвтэй, нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувьцаат компани юм. Монгол, Австрали, Бангладеш, Өмнөд Африк зэрэг дэлхийн хэд хэдэн оронд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Томоохон төслүүдээс нь жишээ татахад бид Австралийн Боувэн Бэйсин (Bowen Basin) дэх жилд 1.2 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай далд уурхайн томоохон хувь нийлүүлэгчид бөгөөд мөн Бангладеш улсад жилд 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай коксжих нүүрсний уурхайн томоохон төслийг хэрэгжүүлж, дуусах шатандаа орж байна. Монгол улсын хувьд бид хоёр жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилийн сүүлчээр Булган аймагт анхны нүүрсний уурхайгаа ажиллуулж эхэлсэн. Энэ уурхайгаас 2009 онд 1 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Энэ олборлолт Поло Ресорсез компаний хувьд Монгол улсад уурхай нээж, ажиллуулах бага ч болов туршлага хуримтлуулах эхлэл юм.

Танай компани саяхан Peabody компанитай хамтран ажиллах болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Энэ тухай юу хэлэхсэн бол?

Тийм ээ. Манай компани нүүрс олборлодог дэлхийн хамгийн том компани болох Америкийн Peabody Energy Corporation компанитай хамтран ажиллах болсонд баяртай байгаа. Ингэснээрээ бидний санхүүгийн байдал улам илүү сайжирна, хамгийн дэвшилтэт техниктэй болно, томоохон төслүүд дээр ажиллах чадавхи нэмэгдэнэ гээд маш олон давуу талтай болж байгаа юм л даа. Энэ корпораци манай компаний санхүүгийн байдал, чадавхийг өндрөөр үнэлж үзээд ийм шийдвэрт хүрсэн гэж бодож байна.

Санхүүгийн байдал сайжрах тухай Та ярилаа. Тэгвэл санхүүгийн хямралын үед танай компанийн санхүүгийн байдал, чадавхи ямар байгаа вэ?

Манайх хөрөнгийн чадвар сайтай гэж итгэлтэй хэлэх байна. Олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудаас манай компани өндөр үнэлгээ авсан. Хамгийн гол нь манай компанид ямарваа өр төлбөрийн асуудал байхгүй. Энэ нь санхүү, эдийн засгийн өнөөгийн орчинд маш ховор зүйл л дээ. Иймд манай компани томоохон төслүүд хэрэгжүүлэх бүрэн чадвартай, хэрэгжүүлэхэд ямагт бэлэн байдаг. Төсөл хэрэгжүүлэхийн хирээр бид тухайн улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг.

Поло Ресорсез компани Монголд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна бэ?

Бодит жишээ баримт хэлье л дээ. Поло 2008 онд гэхэд л монголд татвар, хөрөнгө оруулалт гэх мэтээр 75 сая америк доллар зарцуулсан. Одоогоор бид эзэмшиж байгаа лицензийнхээ хүрээнд ажлаа явуулж эхэлж байна. Өнгөрсөн жилд ордуудын нөөцийг тогтоох зорилгоор 6 өрмийн машинаар өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Бидний төлөвлөж байгаа ажлууд хэрэгжихийн хэрээр түүний үр ашигт нийцсэн бодит хөрөнгө оруулалтууд засгийн газар, орон нутагт байнга хийгдэх болно.

Зарим гадны хөрөнгө оруулалттай компаниуд ихэнхдээ гадаад мэргэжилтнүүд ажиллуулж, монгол ажилчидаар үнэлгээ багатай ажлаа хийлгэдэг. Танай компани одоо хичнээн Монгол ажилтантай вэ?

Бид Монголд үйл ажиллагаа явуулахын хэрээр аль болох Монгол ажилчдыг авч ажиллуулах сонирхолтой байдаг. Одоогоор манайх удирдах, гүйцэтгэх гээд бүхий л түвшинд нийт 180 монгол ажилтантай. Мөн манай туслан гүйцэтгэгч компаниудаараа дамжуулан 120 хүн шууд бус байдлаар ажиллаж байна. Монгол залуус их авьяастай, аливаа ажилд гайхалтай хурдан суралцдаг учраас бид тэднийг сургаж ажиллуулахад ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй. Нэгэнт ийм авьяаслаг залуустай хойно бид гаднаас мэргэжилтэн авах шаардлага бараг гардаггүй. Түүнчлэн бид ажлын хөтөлбөртөө хяналт тавих, ажлынхаа чанарыг олон улсын хамгийн сайн стандартад барьж байх зорилгоор монгол болон гадаадын зөвлөхүүдийг хөлслөн ажиллуулж байна. Энэ бол манай компаний үйл ажллагаагаар дамжин Монголд цөөнгүй ажлын орон тоо бий болж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хамтран шийдэж байгаагийн нэг хэлбэр гэж бид үздэг. Цаашид үйл ажиллагаа өргөжихийн хэрээр ажлын орон тоо нэмэгдэж, Монгол ажилчдын тоо өснө. Хамгийн гол нь орон нутгийн иргэдийн ажилгүйдлийг бууруулах нь манай бодлогын нэг хэсэг гэдгийг хэлэхэд таатай байна.

Компанийн ойрын болон хэтийн төлөвлөгөөний талаар сонирхуулахгүй юу?

Бололгүй яах вэ. Бид Монгол улсад ойрын 3-5 жилийн дотор дэлхийн хэмжээний 3-4 нүүрсний уурхай байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл жилд 8-10 сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд хүрсэн уурхай ажиллуулах нь Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд маш чухал ач холбогдолтой. Ингэснээр хамгийн гол нь Монголчууд үр шимийг нь бодитой хүртэх болно.

Монгол улсыг гадны хөрөнгө оруулагчид янз бүрээр л хэлдэг. Хөрөнгө оруулахад тааламжгүй, найдваргүй гэсэн яриа мэр сэр сонсогддог. Танай компани Монголд хөрөнгө оруулж байгаагийн хувьд юу гэж үзэж байна вэ?

Манай компаний хувьд Монгол улсыг урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой улс гэж тодорхойлсон бөгөөд тийм ч учраас Монгол улсын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийж, австрали болон дэлхийн уул уурхайн мэдлэг, туршлагыг нэвтрүүлж байна. Ямарваа төсөл хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, тухайн сум, аймгийн уугуул иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, засгийн газар гээд бүхий л түвшинд тухайн төсөлд сонирхол бүхий этгээдүүд байдаг. Манай компанийн нэг гол зорилго бол дээрх бүх түвшний хүмүүстэй хамтран ажиллаж, ашигт малтмал тэдгээр хүмүүст хамгийн дээд зэргийн хэмжээгээр үр ашгаа өгч байх явдлыг хангахад оршино. Зөвхөн манай компани ч биш дэлхийн нэр хүндтэй бүх уул уурхайн компаниуд ийм философитой ажиллаж байгаа.

Байгаль орчны болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Энэ бол үнэхээр чухал асуудал. Сүүлийн үед Монголд ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд энэ асуудлаар сөрөг зүйл их гардаг нь ажиглагдсан. Манай компаний хувьд байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, байгаль орчны өндөр хэмжээний стандартыг бий болгосон. Байгаль орчныг нөхөн сэргээх хөтөлбөрөө олон улсын стандартад нийцүүлэх, мөн Монгол улсын холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангахын үүднээс бид байгаль орчны асуудлаар мэргэшсэн монгол болон олон улсын мэргэжилтнүүдээс байнга зөвлөгөө авдаг. Нөгөөтэйгүүр бид Полог нийгмийн өмнө хариуцлагатай компани байлгахыг эрмэлзэж, бодит ажил хэрэг болгож байна. Нэн ялангуяа орон нутгийн иргэдийг дэмжих, байгаль орчин болон соёлын асуудлуудыг шийдэх нь манай компанийн тэргүүн байр суурь эзэлсээр ирсэн чухал зорилт юм. Цаашид ч тийм байх болно. Тухайлж дурдахад өнөөдрийн байдлаар боловсролын салбар болон зам барих, техникийн зөвлөгөө өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргийг оролцуулаад дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрээ бодитой оруулж байна. Мөн Поло ресорзийн нэг санаачилж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа зүйл бол орон нутгийн холбоо байгуулж, түүгээр дамжуулан нутгийн иргэдтэй хамтран ажиллах юм. Ийхүү холбоо байгуулж хамтран ажилласнаар нутгийн иргэд уурхайд үндсэн болон гэрээт ажилтнаар ажиллах боломжтой болохын зэрэгцээ манай компанийг орон нутгийн иргэдтэй холбох, тэдний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гүүр нь болж өгөх учиртай юм. Ингэснээрээ бидний хэрэгжүүлж буй төслийн үр дүн нутгийн иргэдэд бодитоор харагдаж, тэдэнд хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна. Энэ асуудал дээр манайх судалгааны баг бүрдүүлж ажиллуулж байгаагаа хэлэхэд таатай байна.

Ярилцлагынхаа эцэст таньд мөн л монгол ёсоороо Монголын цагаан сараар сайхан шинэлэхийг хүсье.

Баярлалаа. Танд ч гэсэн. Мөн танай сониноор дамжуулан Монголын ард түмэнд ирж байгаа үхэр жилээ сайхан угтаж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button